Август Ларсон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ларсон гүн хэмээн алдаршсан Август Ларсон (1870-1957) нь 1893-1939 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан шведийн сургааль номлогч, худалдаачин, дипломат хүн байжээ. Тэрээр Сөрмландын Хэллби хэмээх газар төрсөн бөгөөд Америкийн Христосын Холбоо хэмээх байгууллага түүнийг 1892 онд Хятад уруу сургаал номлогчоор явуулсан байна.

Тэрээр монгол хэл сурч улмаар Ар Монголын нөлөө бүхий олон хүмүүстэй найз нөхрийн харьцаа тогтоож чадсан бөгөөд уг улсын нутаг дэвсгэрээр олон удаа хөндлөн гулд библийн сургааль тараах, худалдаа наймаа эрхлэх зорилгоор аялж байжээ. Нударганчуудын хөдөлгөөний үеэр тэрээр Хятадын Хаалган хотоос швед америкийн нийт 23 номлогч бүхий бүлгийн дагуулан говийг туулан Ар Монголоор дамжин Орос уруу гаргаж байсан түүхтэй. Адуу үржүүлэх, наймаалах түүний хийж байсан нэгэн гол зүйл бөгөөд Шанхай хотын морин уралдааны газруудад хурдан морь зардаг байсан байна.

Тэрээр 1910, 20-оод онуудад Монголын төр засгийн удирдлагад байсан хэд хэдэн хүмүүст зөвлөхийн хувьд нөлөөтэй байсан бөгөөд 1920 онд Монгол улсын гүн цол хэргэм хүртэж байжээ. 1911 онд Монгол тусгаар тогтнол олсны дараагаар хэд хэдэн удаа монголын шашин төрийн тэргүүн Богд Гэгээнтний элчээр Хятадад очиж байжээ. 1912-1914 онуудад Хятадын засгийн газрын дэргэд Монголын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ба 30-аад онуудад ерөнхийлөгч Чанкайшекийн албанд ч ажиллаж байжээ.

1925 онд буюу Зөвлөлт Орос улс уг улсыг зөвлөлтийн улс болгон өөрчлөх үед тэрээр Ар Монголын үүрд орхиж явахаас өөр аргагүй болсон байна. Сүүлд Өвөр Монголд амьдарч байсан хэдий ч уг бүс нутаг дахь Японы нөлөө ихсэн улмаар 1937 онд эзлэн түрэмгийлсэн зэрэг нь түүнийг 1938 онд түүнийг болзошгүй баривчлалтаас оргон зугтан гарахад хүргэсэн байна.

Тэр Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд түүний хамгийн анхны ном болох "Монгол ба монголчуудын дунд миний амьдрал" хэмээх 1929 онд хэвлэгдсэн ном нь хамгийн ихээр дэлгэрэн тарсан бөгөөд олон тооны хэл дээр орчуулагдан гарсан төдийгүй туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглагдаж байжээ. Тэрээр өөрийн цаг үед Швед төдийгүй олон улсад хүмүүст танигдсан хүн болж чадсан байна.

Ларсон 1927 онд Свен Хединий сүүлийн аялалд жингийн цувааны ахлагчаар оролцож байсан. Свен Хединий даалгавраар Чендүгийн алтан сүм хэмээх монгол ламийн шашны сүмийг хайж олж, хуулбар загвар хийсэн бөгөөд тэр нь 1933 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэнд гол үзмэрүүдийн нэг болж байжээ. Сүм нь одоо Стокгольм хотод агуулахуудад хураалттай байгаа ба Сигтунад дахин босгож тавихаар төлөвлөгдөж байгаа болно.