Авъяас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Авъяас бол уран бүтээлчийн үйл ажиллагаанд илэрдэг аливаа зүйлийг хүлээж авах, нийгмийн чухал, хурц асуудалд зоригтой хандах, амьдралын үзэгдэл, үйл ялдал, баримтыг тусгах, мэдрэх, сэтгэх, бодох, илэрхийлэх өвөрмөц чанар, чадваруудын нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, хүний хурц сэргэлэн, ажигч чанар, идэвхтэй бөгөөд зоримог уран саналга, гүн гүнзгий уужим саруул ой ухаан, уян хатан бодол сэтгэлгээ, сэтгэлийн төрөлх мэдрэмтгий чадварыг авьяас гэж хэлдэг. Авъяасын урьдач нөхцөл нь байгалиас заяасан ер бусын чадвар буюу сэтгэн бодох мэдрэлийн үйл ажиллагаа, нэг дэх болон хоёр дахь дохионы системийн харилцан нөлөөллийн хөгжил, мэдрэлийн үйл ажиллагааны хөдөлгөөн, харилцан шилжилт, ой тогтоох, тунгаан бодох, хурдан шуурхай тусгах чадварын өсөлт байдаг. Энэхүү урьдач нөхцлийг хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэх явдал нийгмийн нөхцөл байдал, хувь хүний амьдралын зорилго, онцлогоос шууд шалтгаалдаг. Авъяасыг хөгжүүлэх, боловсронгуй болгох гол үндэс бол тааламжтай нөхцлөөс гадна уран бүтээлчийн уйгагүй хөдөлмөр, хүн төрөлхтний эрх ашгийн төлөө гэсэн хүсэл эрмэлзэл, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварыг дээшлүүлэх хичээл зүтгэл байдаг. Авъяасын шалгуур нь шилдэг бүтээл туурвих, оюуны үнэт зүйл бүтээх явдал мөн. Авъяасын төвшин, хэм хэмжээ нь утга зохиол, сэтгүүл зүйн хөгжлийн төвшин, түүний хөгжлийн хандлага, өөрчлөлтийг тодорхойлдог онцлогтой. Төрөлх авьяас нь бичиг зохиолын алдартныг төрүүлдэг бөгөөд тэрхүү авьяас хөдөлмөр зүтгэлийн үрээр төлжин төгөлдөрждөг. Авъяас билгийн үндэс нь “зөн билэг” (интуиция) болно. Онолч Дандин “Зохист аялгууны толь” хэмээх алдарт бүтээлд авъяасын тухай “Төрөлхийн ухаан, мохошгүй хичээл зүтгэл, тээнэгэлзэлгүй үлэмж их мэдлэг нь хотол төгссөн зохист аялгууны учир шалтгаан болно” (21. I. 101-103-р зүйл) гэж тайлбарлажээ. Энэ нь эдүүгээ ч онолчдын номлодог шилдэг бүтээлийг бий болгодог гурван гол учир шалтгаан болсон төрөлхийн авьяас мэдлэг, уйгагүй хичээл оролдлого буюу уран бүтээлчийн хөдөлмөрийг хэлсэн хэрэг юм. Авъяас зохист аялгуучтай хамт төрж, бас үгүй болно. Сонирхлоор авъяасыг бий болгож болохгүй. Харин авъяас багатай ч төрөлхийн их ухаанаа ашиглан уйгагүй хөдөлмөр хичээл оролдлогоор зохист аялгууг бүтээх бололцоо байдаг.