Агуулга ба хэлбэр

Агуулга ба хэлбэр (Содержание и форма. Contents and form). Сэтгүүл зүйн онол, дадлага, арга зүйд чухал үүрэг гүйцэтгэдэг үндсэн ойлголтын нэг бол нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хэлбэрийн тухай асуудал юм.

Агуулга, хэлбэр гэдэг нь тухайн зүйлийг зохион байгуулах арга болон тэр зүйлийг бүрдүүлж буй эхийн харьцааг тодорхойлоход ашигладаг философийн уламжлалт ангилал мөн.

Сэтгэгчдийн үзэл баримтлал[засварлах | кодоор засварлах]

Платон хэлбэрийг тухайн зүйлийн материаллаг ахуйгаас үл шалтгаалан оршиж буй “ирээдүйн дүр төрх” гэж үзэж байсан.

Аристотель агуулгыг тухайн зүйлийн орших, эс орших боломж, урьдчилсан нөхцөл, хэлбэрийг тухайн зүйлийн нэгдлийг хангахад чиглэгдсэн түүний дотоод зорилго гэж тодорхойлсон байдаг.

И.Кант агуулга, хэлбэрийн асуудлыг сэтгэхүйн агуулга, хэлбэрийн асуудал гэж үзэж байв.

Г.Гегель хэлбэрийн хоёрдмол шинжийг онцлон тэмдэглэж, өөрөө тодорхой нэг зохион байгуулалтанд ороогүй, гадаад дүр төрхийг илэрхийлдэг учраас агуулгын хувьд ямар ч ач холбогдолгүй зүйл, харин дотоод зохион байгуулалтанд орсон зүйл бол агуулга мөн гэж тодорхойлжээ.

Дээрх тодорхойлолт, үндэслэлүүдийг орчин үеийн сэтгүүл зүй судлаачид нийтлэл, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийхэд арга зүйн үндэс болгодог нь түгээмэл ажиглагддаг. Сэтгүүл зүйн онолчид нийтлэлд дүн шинжилгээ хийхдээ хэрэглэж байгаа судалгаа, шинжилгээний гол арга нь:

  • нэгдүгээрт, хэлбэрийн логикийн үүднээс ханддаг,
  • хоёрдугаарт, нийтлэлийн бүтээлд социологийн талаас дүгнэлт хийх явдал юм.

Агуулга хэлбэрийн шүтэлцээ[засварлах | кодоор засварлах]

Бас нэлээд дэлгэрч байгаа өөр нэг арга нь агуулга, хэлбэрийн нэгдлийн холбоо шүтэлцээг оновчтой зөв тогтоох гэсэн оролдлого юм. Нэлээд нарийн төвөгтэй, олон талын учир холбогдол бүхий нийтлэлийн агуулга хэлбэрийн тухай асуудал нь үндсэндээ дөрвөн гол талтай бөгөөд тал тус бүр нь харьцангуй биеэ даасан зүйл юм. Үүнд:

  • Нийтлэлийн агуулга, хэлбэр нь янз бүрийн төвшинд байна.
  • Агуулга, хэлбэр хоёр өөр өөрийн бүтэц бүрэлдэхүүнтэй байна.
  • Агуулга, хэлбэр хоёр салшгүй нэгдмэл байна.
  • Агуулга, хэлбэрт нөлөөлөх бусад хүчин зүйл гэж бий.

Нийтлэлийн агуулга, хэлбэрийг бүрдүүлэгч үндсэн зүйл нь хэл, түүний байгуулалт юм. Гэхдээ мэдээллийн хэрэгсэл бүр өөр өөрийн онцлогт тохирч нийцсэн агуулга, хэлбэрийг бүрдүүлэгч үндсэн болон туслах материалуудтай байдаг.

Нийтлэлийн агуулга[засварлах | кодоор засварлах]

Агуулга гэдэг бол тухайн юмыг бүрдүүлж байгаа элементүүдийн цогц, тэдгээрийн хэлхээ холбоо, ерөнхий байдал, хандлага мөн. Тиймээс Гегель “агуулга бол бие даасан олон оршин байхуйн хөгжингүй хэлбэр, гадаад чанар, эсрэг тэсрэг мөн, тэдгээрийн адилсаг холбогдол мөн” (18. 211) гэж тодорхойлсон байдаг.

Нийтлэлийн агуулгын бүрэлдэхүүнүүд:

  • Үйл явдал, баримт
  • Сэдэв
  • Зохиогчийн дэвшүүлж буй үзэл санаа, дүгнэлт, зөвлөмж зэргийг хамааруулж болох бөгөөд эдгээрийн дотоод хамаарал, өрнөх хандлага нь агуулгын бүтцийг бүрдүүлдэг.

Нийтлэлийн хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Хэлбэр бол агуулгын дотоод зохион байгуулалтын илрэл буюу Гегелийн хэлсэнчлэн “агуулга бол бүхэл мөн бөгөөд хэсгээс (хэлбэрээс) бүрддэг” (18. 211) юм.

Хэлбэрийн бүтэц, бүрэлдэхүүн:

  • Бичлэгийн төрөл зүйл
  • Зохиомж
  • Зохиогчийн хэл найруулга
  • Бичлэгийн өвөрмөц хандлагыг багтаан үзэж болно.

Энэ нь тодорхой бүтээлд дүн шинжилгээ хийх, бүтээл туурвилаа мэдлэгтэйгээр тэрлүүлэн босгох үндсийг бүрдүүлж өгнө.