Адъяагийн Сэнгэцохио

Адъяагийн Сэнгэцохио
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач

Адъяагийн Сэнгэцохио (1917 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг “Таацын гол”-ын урд талд төрсөн-1986 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Ардын Зураач (1978), УГЗ (1965) зураач, Төрийн шагналт юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Өвөрхангай аймгийн Уянга сумын гар үйлдвэрийн артельд 1936-1940 онд мужаан, гуталчин, цутгамалчин, мастер хийж байжээ.

1940-1953 оны хооронд Хилийн ба дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгад байлдагч, бага дарга, тасгийн туслах хийж байв.

1953-1956 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт клубын эрхлэгчээр ажиллажээ.

1956-1962 онд Улсын төв музейд тайлбарлагч, зураачаар ажиллаж байсан.

1962-1978 онд Монголын Урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

“Ард аюуш”, “Улиастайн цэргийн бослого”, “Сүүлчийн хэрэм”, “Чингүнжав”, “Шинэ төрийн эзэд”, “Монголын төлөөлөгчид В.И.Ленинд бараалхсан нь”, “Түр цагийн хурал” зэрэг түүхэн, “Хар буур”, “Уулзалт” гэхчилэн аж байдлын сэдэвт олон шилдэг бүтээл туурвиж, сийлбэр, оёмол, хатгамал, торгон зургийн эх загварыг зохиожээ. А.Сэнгэцохио зураач нь орчин үеийн Монголын дүрслэх урлагт монгол зураг, чимэглэх урлагийн бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний ид бүтээн туурвиж байсан 1960, 70-аад оны монголын дүрслэх урлагийн шинэ чиг хандлага бол орос, европын реалист уран зураг, зөвлөлтийн социалист реализмын үзэл санааг танин мэдэж, онол сургуулийг нь эзэмшсэний үр дүн байв. Тэгэхдээ монголын үндэсний уламжлалт зураг урлалын арга ухааныг дэлхий дахины урлагийн үзэл санаа, уран сайхны нээлт, ололтоор баяжуулах, урлан бүтээх шинэ арга техник, материал эзэмших, улмаар монголын гэж ялгарч танигдахуйц өвөрмөц онцлогтой социалист реалист урлагийг хөгжүүлэхийг зорьж байжээ.

Ардын зураач А.Сэнгэцохио тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэр, захиас даалгавар, нийгмийн эрэлт хэрэгцээний дагуу уламжлалт монгол зургийн дүрслэн илэрхийлэх арга ухааныг баяжуулан шинэчлэхдээ, өнгө зохицол, дүр дүрслэл, зохиомж, орон зайн илэрхийлэлд өрнөдийн уран зурагт анх боловсрон хөгжсөн реалист хэв шинжит дүр, шугаман алслалтын арга ухааныг нэвтрүүлж, монгол зургийн нэгэн шинэ хэв маяг дэлгэрхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Монгол зургийн аргыг бүтээлчээр баяжуулж, европын сонгодог зурагтай чадварлаг хослуулж чаддаг нь түүний уран бүтээлийн нэг онцлог юм. Түүний зураг алслалттай, өрнөдийн маягийн зохиомжтой, өнгө зохицсон сайхан шийдэлтэй хэмээн үнэлэгддэг билээ. 

Гэр бүл: эхнэр- А.Цэрэнхүү, охин-уран хатгамалч С.Одончимэг

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • “Алтан гадас” одон
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • МУЭ-ийн нэрэмжит шагнал
  • Ардын зураач