Айдитародын замын уралдаан

2005 оны уралдааны үеэр

Дэлхийн хамгийн хол зайд явагддаг бөгөөд хамгийн хүнд нохойн чарганы уралдаан бол Аляскад болдог Айдитарод замын уралдаан (Англи: Iditarod Trail Sled Dog Race) юм. АНУ-ын Аляскын онгон зэрлэг байгаль дунд болдог энэ уралдаанаар 1850 км гаруй хол зам туулдаг. 1973 оноос эхлэн жил бүрийн 3-р сард (3-р сарын эхний хагас сайнд эхэлдэг) Анкорижээс Номе хүртэл түүхэн замаар уралддаг болсон.

1925 онд Номед хоолойн сахуу өвчин дэлгэрчээ. Эм тариаг Анкорижээс тэр үед Аляскад байсан ганц төмөр замаар 680 км зайтай Ненана хотхонд зөөж, тэндээсээ 1090 км зам туулан Номед хүрэх байсан ба энэ нь Аляскын хамгийн хэцүү бэрх зам гэж тооцогддог байжээ. Нохойн чаргатай 20 хүн буухиагаар дамжуулан таван өдөр хагаст амжин ийлдэсийг Берингийн тэнгис хүртэл зөөж чадсан гэдэг. Уг нь бол 3 долоо хоног явдаг байсан байна.

Тэмцээнд жил бүр 50 гаруй хүн оролцдог ба оролцогчид тус бүрдээ өөрсдийн ноходтойгоо 8-15 хоног цасан далайд -70°C хүртэл хүйтэнд тэмцэлдэх болдог.

Одоогоор 1992 онд Швейцарийн иргэн Мартин Бузерийн тогтоосон 8 өдөр, 22 цаг, 46 минут, 2 секундын амжилтыг хэн ч эвдээгүй байгаа. Хоёр замаар уралддаг ба оролцогч алийг нь ч сонгож болдог. Хойд замаар явбал 26 шалгах цэгээр дайрч гарах ба өмнөд замаар уралдвал 27 шалгах цэгт бүртгүүлэх болдог. Бүртгүүлэхдээ хүнсээ хангаж аван амарч болдог ба чаргаа ч сольж болдог. Оролцогч бүр нэг удаа 24 цагийн, 2 удаа 8 цагийн завсарлага хийх ёстой.

Энэ нь нохойн эрүүл мэндийг хамгаалсан ажиллагаа ба малын эмч нар явцын дунд хянаж байдаг. Уралдаанд оролцохын тулд 4000 доллар төлөх ба гэхдээ нэг оролцогчийн хувьд нохойн хоол, бусад тоног төхөөрөмж гэсээр байгаад 20.000 - 30.000$ зарцуулдаг байна. Зарим багууд 100.000 хүртэл доллар зарцуулдаг гэтэл ялагч нь 69.000$ орчим шагнал авдаг гэхээр ивээн тэтгэгчид болон зар сурталчилгаанаас санхүүждэг нь ойлгомжтой. Мэккей бол энэ уралдааны 38 жилийн түүхэнд дараалан дөрөв түрүүлж буй анхны хүн юм.