Айн Жалутын тулалдаан

Айн-Жалудын домог тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд, Монгол-Мамлюкийн дайнууд.

Дурсахын учир[засварлах | кодоор засварлах]

Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Израилын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хэтбуха тэрхүү газарт үүрд нойрсжээ.

Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Исламын, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм. Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамиян мужид Шихихутагийн удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн. Харин Айн-Жалудад монголын баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн Монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евпрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм.

Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15 – 20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан. Юутай ч Хитбухын арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Рювен Амитай Хэтбуха 12 000 цэрэгтэй байсан гэжээ.

Хүлэгү хаан Сириэс буцахдаа Хэтбухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Арменийн туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу.

Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Каираас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бейбарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм. Гумилев, Салех зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 000, мамлюк-түргүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх.

Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугын дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бейбарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Исламын тэнгэрт аянгын үүл хуралдав.[засварлах | кодоор засварлах]

1258 оны 2 дугаар сарын 13-нд Хүлэгү хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь Исламын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Исламын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ. Хүлэгү хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэгү хаан монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан Ордны Мусульман хаан Бэрх Исламын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ. Тэгэхдээ Тугийнхаа жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна. Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаст тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаск бууж өглөө. Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ. Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Исламын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв. Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увиагүй Баронуудын урвалга[засварлах | кодоор засварлах]

Хит Буха ноёнтон өнөөгийн Изриалын зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Триполи орчимд бэхэжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг. Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха... Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм. Энэ үе бол Монголын эзэнт гүрэн аль хэдийнэ дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ. Аливаа түүхэн эргэлтэнд санамсаргүй мэт, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ. Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж.

Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягын дагуу Сири, Палестинд монголчууд орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ. Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухын цэргийн нөөц агтны цэргийг алаад, туугаад явчихаж.., дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Гэтэл тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь нэн ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ. Харин Жульен бол хулгайлах гэж хулгайлсан, дээрэмдэх гэж дээрэмдсэн тул “Өө, уучлаарай, энэ агт монголчуудынх байсан юм уу” хэмээн юу ч гэж хэлэх билээ. Хулгайч хүн хулгай хийхгүй бол санаа амарч тайвшран нойрсож чаддаггүй шиг л рефлексдээ хөтлөгдөөд хусчихсан юм чинь. Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухын ач хүүг /зарим түүхчид хүү гэсэн бий/ дагалдагсадын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч... Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ. Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ихэд хилэгнэн ноёнтон цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. Хэдийгээр “Урт хөлт” Жульен балмад, журамгүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотныхноо авах усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгиж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ. Ойрхи Дорнод дахь Христын шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.

Мамлюк-түргүүдийн эцсийн эрс шийдвэр[засварлах | кодоор засварлах]

Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэгү хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар Монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгэж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзыг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан нүглээ наминчлахыг тушаасан байна. Күтүзын цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Левант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бейбарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хотууд бууж өгсний дараа ч монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад алуулсан нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ. Монголчуудтай тулалдая гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Монголчуудын дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр баронуудын элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж. Мамлюкуудын олонхи нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн монгол-түрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж. Ингээд Күтүз Сири, Палестинаас монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад монголчуудыг эх нутаг дээрээ биш өмнөөс нь тосч тулахаар Каираас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухын толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь бага ч атугай сэргэжээ. Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосчээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв. Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба цөлийн захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ. Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосч, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухын цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлцээ ч хийсэн гэдэг. Ийнхүү монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгыг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалгыг увиагүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь шудрага ёсонд нийцнэ. Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.

Амь өрссөн тулаан[засварлах | кодоор засварлах]

Тулалдаан 1260 оны 9 дүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ. Зарим түүхчид эхэлж Күтүз монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бейбарс цэргээ аван отоонд байсан газар луу монголчуудыг дагуулж очсон, ингээд монголчуудыг хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг. Ази, Европод Монголчуудын олонтаа хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмийн шахын эсрэг, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын эсрэг, 1223 онд Калк голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн эсрэг, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Бат хаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна. Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр монголын армид алба хааж байсан авьяаслаг Бейбарс жанжин уг аргыг монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий. Харин Изриалын түүхч Рювен Амитай анхлан Бибарс Монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин их зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй монголчууд өөрсөддөө даан чиг их итгэлтэй байж. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон монгол дайчдын хувьд мамлюк-түрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай. Ингээд Монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бейбарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийн цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийн хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бейбарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж эргэн сөрөг дайралт хийсэн боловч монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон монгол цэргийн агт морьд сульдаж, харин монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ. Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид монголчуудын зүүн жигүүр болж байсан монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидийн султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ.

Хит Буха ноёны омог бардам төгсгөл[засварлах | кодоор засварлах]

Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаадан цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ. Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчидтэй илд зөрүүлж явсан Кутуз болон Бейбарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна. Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ. Дунд сургуулийн сурагч саваагүй сониуч хүүхэд байхдаа Хит Буха ноёны энэхүү эрэлхэг бөгөөд эмгэнэлт төгсгөлийн тухай номоос уншаад ихэд сэтгэл хөдлөн, түүнээс хойш олон жилийн туршид алдарт Хуралажын гянт илдээ чийрэг чанга гартаа атгаад сөхрөн суусан ч чивчиртэл татсан хуурын чавхдас мэт нуруугаа цэхлэн, тойрон шавсан үй олон мамлюк дайчдыг бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр төрх үе үе сэтгэлд сэрхийн орж ирдэг бөлгөө. Сайн зураачсан бол зурахсан. Яг л Репин Тарас Бульбаг зурсан шиг. Н.Гоголийн “Тарас Бульба” хэмээх яруу сайхан тууж шиг сайхан тууж бичиж, Хит Буха ноёны алдрыг дуурсгахсан гэсэн мөрөөдөл олон жил цээжинд уяатай явдаг юм. Дайсны бүслэлтээс гарахаар амь өрсөн давхиж явах зууртаа тамхины нь түнхэг гээгдэж унасанд “Байз, энэ муу сайн Ляхуудад тамхиныхаа түнхэгийг ч үлдээхгүй шүү” хэмээн мориноос бууж, сахлаг ургасан өвс ногоон дотор эрж тэмтчих зуур тал талаас нь гэнэт 30 орчим лях цэрэг гарч ирээд Тарасын чийрэг чанга мөрнөөс нь зууран ноцолдов. Өвгөн Тарас хэдэнтээ мөр цээжээ сэгсэрч үзээд, дийлсэнгүй, “Ай яа, уулыг цас, эрийг нас даржээ” хэмээгээд гаслан уйлав. Тарас залуудаа тийн мөрөө сэгсэрхэд нь түүний хүчирхэг мөрнөөс нь зууралдсан ямар ч чийрэг эрчүүд хадуурын эрэнд өртсөн тариан түрүү мэт ханаран шилбүүрдүүлэх бөлгөө хэмээн Гоголь эрэлхэг Тарас өвгөний дүрийг уран яруугаар дүрсэлсэнсэн. Монголын Эзэнт их гүрний жирийн нэгэн түмтийн ноёны энэхүү дүр бол яагаад ч Запорожийн тэрхүү казах атаман эрийн дүрээс дутах учиргүй. Хит Буха ноён тэр үед лавтай 60 орчим настай, магадгүй 60 насыг нэлээд давсан ч байж магадгүй байх учиртай. Яагаад гэвэл Сидон руу ач хүүгээ алдсан агтныхаа араас явуулж гэхээр...

Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд ээрэгдсэн шархтай арслан аятай байх үед монгол дайчид бас ч зүгээр суусангүй. Газад байсан Хит Бухагийн толгойн сэргийлэх ангийг удирдаж байгаад мамлюкуудтай анхлан тулж, тулалдааны өмнөхөн цөөн үлдэгдэл цэргээ аван гол хүчтэйгээ нийлсэн Байдар ноён тэргүүтэй зарим монгол баатрууд тарж бутарсан цэргээ Байсан орчимд бөөгнүүлж, дахин цэгцлээд жанжнаа аврахаар гань галзуу довтолгон иржээ. Хэдий хүч дэндүү цөөн, морь, хүнгүй тамирдаж сульдсан байсан ч монголчуудын сүүлчийн тэр шийдмэг довтолгоон Күтүзийг ихээхэн сандаргаж, бараг л тавиад туучих дөхсөн гэдэг. Гэвч тооны илт давуу хийгээд ялалтаа мэдэрч урамшсан мамлюкүүдийг дийлсэнгүй, бараг толгой дараалан хядагдаж, цөөн хэд нь Йордон голын зэгсэнд орж нуугдсан боловч Бибарс зэгсэнд гал тавьсанаар амь аврагдах найдлагагүй болсон байна.


Хүлээтэй Хит Буха ноёныг нэгэн өндөрлөг дээр бариулсан Күтүзийн асарт авчрав. Алдарт Саладин 1187 онд Айн Жалудаас холгүй орших Хаттингийн тулалдаанд Загалмайтнуудыг хиар цохиж, олзлогдсон загалмайтны барон, вангуудыг өмнөө сөхрүүлж байсны жишгээр Күтүз монгол эрийг өмнөө сөхрүүлэх гэсэн боловч чадсангүй. Күтүз “Буруу номтон чи, гэмгүй олны цусыг урсгаж, эртний сурвалжид хаад, баатар эрсийн амийг хөнөөв чи. Одоо харин чиний ээлж ирэх чинь энэ дээ” хэмээн тавласан байдалтай ял асуусанд Хит Буха “Эзэн хүн харьяатынхаа өмнө сөгддөг ёсон үгүй” хэмээн омог бардам өчиж, “Чи бол өөрийг чинь өргөж босгосон эзнээ алж, хаан ширээнд суусан өчүүхэн боол. Би чам шиг эзнийхээ араас хутга шааж байсангүй, ямагт үнэнч явсан” хэмээн Күтүзийг өөрийг нь хариу яллан донгоджээ. Боол гаралтай Күтүз ч, түүнийг дагалдаж явсан эмир, султанууд ч үнэн хэрэг дээрээ бүгдээр хууль бусаар хэргэм зэрэг, эрх мэдэлд хүрцгээсэн байсныг Хит Буха ноён ийнхүү яллан илчилсан байна. Түүний хэлснээс үзэхэд нэгэн цагт монголчуудад цохигдон, монголын захиргааг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн Кипчак-түрэг гаралтай Күтүз болон Бейбарсийн гарал үүсэл төдийгүй тэднийг хэрхэн ямар арга замаар султан, жанжны их ор суудалд хүрснийг ч сайтар мэдэж байсан бололтой байдаг. Тэгээд “Намайг аллаа ч ялж сөхрүүлж чадахгүй. Би үхэх ёстой бол энэ нь чиний сайных бус Мөнх Тэнгэрийн тааллаар болж буй хэрэг. Иймд чи хормын төдий ч бүү баярла, хумсын төдийд ч бүү сайрх. Өчүүхэн боол та бүхний энэ явдлын тухай Хүлэг хааны сонорт хүрмэгц, эзний хилэн далай мэт давалгаалж, Азербайжанаас Мисир хүртлэх газар нутгийг монгол морины туурайгаар тэгшлэх болно. Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий” гэжээ. Ертөнц дахиныг хураан захирах ёстой, монголчууд бол ард түмнүүдийн эрхт эзэн нь юм гэсэн Монголын Эзэнт гүрний уламжлалт бодлого ч түүний үгнээс нэвт шувт харагддаг.


Өшөө хорсолдоо түлэгдсэн Күтүз Хит Бухаг дөрвөн мөчлөн хороогоод, толгойг нь шонд өлгөн, өмнө нь Хүлэг хааны элчсийн толгойг Мисир даяар үзүүлснийхээ адилаар бүх Сири, Палестин, Мисир даяар үзүүлж, хорслоо дундруулжээ. Харин монголчууд хэзээ ч баригдсан ихэс сурвалжтнуудыг хэрцгийгээр хөнөөх, эрэлхэг баатруудыг үл хүндэтгэн, цогцсыг нь гутаан цэнгэх зүйл хийж байгаагүй юм. Монголчууд өөдгүй урвагчдад, өчүүхэн боолуудад л нохойн үхлийг оноодог байснаас биш баатар, эртний сурвалжит ихсийг ихэд хүндэтгэн, хороосон ч цус гаргахгүй цаазалж, дараа нь хүндэтгэн оршуулдаг байсан билээ. Чингис хаан Жамухыг хэрхэн хүндэтгэснийг бид сайн мэднэ. Хорезмийн султан эрэлхэг баатар Желал-ад Диний эрэмгий зоригийг Инд мөрний өндөр эрэг дээрээс харж бахадсан Чингис хаан түүнийг араас нь мөшгихийг хорьсон билээ. Зэв, Сүбээдэй нар Калка голд ялагдсан оросын вангуудыг ч, Хүлэг хаан эртний түүхт Багдадын Халифийг ч мөн цус гаргалгүй хөнөөсөн. Үнэгэн даваанд баригдсан Алтан улсын кидан гаралтай цэргийн жанжныг Тулуй, Сүбээдэй нар хүндэтгэн оршуулж, Солонгосын домогт баатар эр Пак Со-г монгол жанжин Саритай ихэд үнэлэн амь хэлтрүүлж байсан зэрэг олон баримт бий. Күтүз Монголын баатар жанжныг тийнхүү үл хүндэтгэн, өчүүхэн боолын үйлдэл хийснээрээ өөрийнхөө өчүүхэн үхлийг ч зөгнөн дуудсан юм. Үргэлж мөнхөд дайн дажины тоос босч, цус урсаж байх хараалд өртсөн Изриалийн Голаны өндөрлөг орчмын тэрхүү газар нутгийн бүлээн салхи эмгэнэлтэй, омог бардам төгсгөж буй Монголын нэгэн баатар эрийн буурал санчигийг сүүлчийн удаа хийсгэх хувьтай байжээ.

Урвагчдийн төгсгөл[засварлах | кодоор засварлах]

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ. Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаст орж ирээд тэнд монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.

Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ.

Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ. Бейбарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз. Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бейбарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ. Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бейбарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.

Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1270 онд хаан суудалд заларч байсан ажээ. Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.

Хүлэг хаан жанжныхаа өшөөг авч чадаагүйн учир[засварлах | кодоор засварлах]

Хит Бухагийн үхлийн талаарх мэдээ Хүлэг хааны сонорт хүрэхэд хаантан ихэд харамсан гуниглажээ. Гэвч баатар дайчныхаа хариуг авч чадсангүй.

Мөнх хааныг нас барсны дараа /1259 онд/ Хүлэгийн төрсөн ах, дүү нь болох Хубилай, Аригбөх нар хаан ширээ булаалдан тэмцэлдэж, Монголын төв нутаг иргэний дайны гал дүрэлзэн асч, ах дүүс биесээ өшлөн, алалдах болоод байв. Энэ иргэний дайн дөрвөн жилийн туршид үргэлжилсэн төдийгүй, энэ иргэний дайн Хубилайн хятад төвтэй бодлогыг эсэргүүцэн Өгэдэйн удмын хаан Хайду, Хубилайн хоёрын дунд өрнөж цааш 40 жил үргэлжилжээ. Хүлэгийн хүү Жүмхүүр Аригбөхийн талд өөрийн армиа аван тулалдаж байсан бол Хүлэг өөрөө Хубилайг дэмжиж байжээ. Мөн нэгд, лалын Багдадыг унагаж, лалын шашны дээд эрх баригч халифийг алсан, мөн лалын орнуудыг байлдан дагуулж буйд Бэрх ихэд дургүйцэн занаж байсан, хоёрт Кавказын завсар дахь баялаг газар нутгийг булаацалдсан, гуравт Хүлэгийн армид байсан Алтан ордны хаадын угсааны нэг бус хан хөвүүд учир битүүлэг шалтгаанаар алагдсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар Алтан ордны хаан лалын үнэн сүсэгт Бэрхтэй муудалцаад байв. Хоёр талын их цэрэг 1260-аад оны сүүлчээр Дербент хавьд учран, монгол ах дүүс нэг нэгнийхээ цусыг хайр гамгүй урсгав. Энд хоёр талаас нийтдээ хагас сая гаруй цэргийн хүч тулсан нь чухам Чингис хааны үед ч дараа нь ч 1260 оныг хүртэл босон бүхий л дайн тулаанд болж байгаагүй том тулгаралт болсон бөгөөд монголчуудын цус энд хэдхэн хоногт өмнөх бүтэн жаран жилд урссанаасаа хавьгүй их урсжээ. Тэр ч бүү хэл Алтан ордны Бэрх Хүлэгийн Ил хаант улсын эсрэг Мамлюк Бибарстай хэлэлцээ хийж, олонтаа элч солилцож, хамтран нэгдэж Ил хаадыг дайлах тухай ч зөвшилдөж байв.

Мөн Цагаадайн угсааны хаад өөрсдийн эзэмшил газраа бага хэмээн голж, Алтан орд, Ил хаадын газар нутаг руу өнгөлзөх болсноос энэ гурван улсын хил орчим, Дундад Азид гурвалжилж дөрвөлжилсөн иргэний дайн ч гарав. Энэ мэт шалтгаануудаас үүдэн Хүлэг хаан Сири, Мисир тийш цэргийнхээ гол хэсгийг шидэж чадаагүй бөгөөд энэ нь Сирид мамлюкүүд бэхжиж, улмаар 1281 онд Хомст дахин монголын томоохон хүчийг цохих боломж олгосон байна. Монголчуудын сэлмийн үзүүр Айн Жалудад мохсон энэ мөчлөгөөс эхлэн Монголын эзэнт гүрний газар бүрд салан тусгаарлах үзэл санаа хүчтэй өрнөж, төд удалгүй Монголын эзэнт гүрэн Хятадад төвлөсөн Азийн хэт их гүрэн Юань буюу Монголын Хөх гүрэн, Дундад Азид Цагаадайн Улс, Ирэн, Араб, ойрхи дорнодод Ил Хаант Улс, Кипчакийн уудам талын зүүн хязгаараас Денистр хүртэл үргэлжилсэн Алтан Ордны Улс хэмээн хэдэн хэсэг болон задарсан билээ. Хэрвээ монголчууд өөр хоорондоо алалцан, зөрчилдөөгүй бол үнэхээр Хит Бухагийн хэлснээр Хүлэг хааны морьт цэргийн туурай Сири, Мисирийг газрын хөрстэй тэгшлэхэд Бибарсын жанжны чадвар, хичээл чармайлт, мамлюк-түрэг дайчдын баатар зориг нэг их саад болж чадахгүй байсан биз. Үүнийг ч Арабын түүхчид ч хүртэл хүлээн зөвшөөрдөг.

Тухайн цаг үед Монголчуудын хүчний хэтийдэлт нь зөвхөн монголчууд өөрсдөө л хорьж дийлэх оргил хэмжээнд нэгэнт хүрээд байсан бөгөөд Хятад, Орос, Европ хийгээд Мисирийн аль ч фронт дээр Монголчуудын түрэлтийг зогсоох боломж өөр бусад ямар ч үндэстэнд байсангүй. Аливаа түүхэн их үйл явдалд эцсийн тулах цэг, оргил цаг гэж буй агаад нэгэнт оргил цагтаа хүрснээс хойш уруудан буух түүхэн эргэлт болдог нь ч ёс аж. Чухам XIII зууны монголчуудын үйлс нь тийм хэмжээ хязгаарт хүрээд нэгэнт эргэх ёстой болсон тэр мөчид Мамлюкүүдэд боломж тохиосон байна. Тухайн үед монголчуудын эзэнт гүрэн нь мэдэгдэж байсан хуурай газар нутгийн аравны есийг буюу 33 сая кв.км газар нутгийг хамарч байжээ. Өөр ямар ч улс үндэстэн ийм хэт их гүрэнг байгуулж чадаагүй бөгөөд өдийг хүртэлх нэн олон түүхчид XIII зуунд монголчууд яагаад тийм ялагдашгүй мэт хүчирхэг байсан бэ, энэ бүхэн яаж, ямар хүчээр бий болов оо хэмээн гайхан дуу алдсан нь бий. /18-19 дүгээр зуунд Их Британы колончлолын оргил үед тэдний эзэлсэн газар нутаг 33,7 сая кв.км байсан хэдий ч тухайн үед дэлхийн хуурай газар бүхэлдээ нээгдсэн байсан бөгөөд энэ нь нээгдсэн нийт газар нутгийн гуравны нэгд ч хүрэхгүй байв./

Энд нэгэн зүйл ажиглагддаг нь Монголчууд аль Чингис хааны үеэс л ганц үндэстэнд бусдаас илүүгээр нэхэл хатуу байж, бүхий л боломжоороо дарж устгахыг хичээж ирсэн байдаг. Энэ нь монголчуудтай угсаа гарвал хийгээд дайнч чадвараараа нэн ойрхон байж мэдэх кипчак-түрэгүүд бөгөөд Днепрээс Алтайн нуруу хүртэлх асар уудам зайд нүүдэллэн аж төрж асан энэ үндэстэнтэй чухам яагаад тийм нэхэл хатуу тооцоо хийсний учир чухам тэд л монголчуудтай эн тэнцүү тэмцэлдэж чадах чадвартайд байсан байж болох юм. Анх Сүбээдэй мэргэдийн үлдэгдлийг дарахаар Чүй мөрөнд ирэхдээ л кипчакуудтай тулгарснаас хойш тэднийг цаг үргэлжид мөшгөсөөр бүр Мажарыг гэтэлгэн хөөж орхисон юм.

Мамлюкүүд бол чухам тэдгээр кипчакуудын үлдэгдлүүд бөгөөд Күтүз нь Хорезмд, Бейбарс нь нэг бол Крымд, эсвэл өнөөгийн Казахстаны Караханд төрсөн хүн юм. Казахууд ч Бейбарсыг Казахын ард түмний баатар хэмээн нэрлэж, үндэстнийхээ нэгэн бахархал болгодог бөгөөд хөшөө дурсгалыг нь босгож, олон ангит кино ч хүртэл хийжээ. Мөн Каирт буй Бейбарсын мөргөлийн сүм, Сирид буй бунхныг нь Казахууд 3 сая ам.доллараар сэргээн засварласан байна. Чингис хааныг Хорезмийг эзлэх үеэр Мерв хотын умардад амьдарч байсан түрэгийн нэг багашиг овог баруун тийш нүүдэллэн, Арменд түр толгой хорогдож байгаад Монгол жанжин Чормаган хоёроос зугтаан Анадолу руу нүүсэн нь хожим Европын хагасыг эрхшээж, Ази, Европ тивийг дамнасан хүчирхэг Оттоманы их гүрнийг үндэслэгчид болон Ертөнцийг эзэлж асан Монголчуудын ул мөр, балгасан дундаас өндийн боссон билээ.

Эпилог[засварлах | кодоор засварлах]

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн элсэнд шингэх борооны ус мэт Айн-Жалудын толгодод саарч, монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв. Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түм байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдал болсон байна. Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago- хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий. Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгийн боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон бөгөөд харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.

Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа. Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалж, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа. Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн монгол хүмүүнд Чингис хааны монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бямсаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна. Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, гуйранч, янхны орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна. Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай. Ерөөс аливаа улс нийгмийн хөгжил, дэвшил, уруудал доройтлын цаад шалтгаан нь үзэл санаа байсан хийгээд даяаршин цэгцэрч буй XXI зуунд монголчууд бид үгүйрэл ядууралгүй, өвчин зовлонгүй, өрөөл биесээ үгүйсгэн мугуйдлахгүй нэгэн цул болон хөгжин цэцэглэхийн тулд бидэнд үндэсний сэргэн мандах үзэл юу юунаас чухал юм. Чухам үндэсний сэргэн мандах үзлийн нэгэн ширгэшгүй булаг бол үндэсний өв соёл, ялангуяа монголчууд бидний хувьд их түүх маань юм. “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэнэм. Тэгэхээр бидэнд хөгжлийн их ирээдүй бий ажээ