Александр Романович Беляев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Александр Романович Беляев 1884 оны 3-р сарын 16-нд Смоленскод, ламын гэр бүлд төржээ. 1901 онд Смоленскийн шашны сургуулийг төгсжээ. Гэхдээ тэр номлогч болохыг хүссэнгүй, тиймээс Ярославль дахь Демидовын лицейд орж суралцсан байна. Эцгийгээ нас барсны дараа тэр зураг зурж, хийл тоглож, гэрээр хичээл заах зэргээр амь зуухад хүрчээ. Лицейгээ дүүргээд тэрээр муугүй хуульч болсон бөгөөд өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод авчээ. Ажил хэрэг нь өөдрөг байж тэрээр байнга гадаадад явдаг болов. Гэхдээ 1914 онд тэрээр бүх зүйлээ орхиод зохиол бүтээл туурвихад өөрийгөө зориулсан юм. Тэрээр 35 настай байхдаа хүндээр өвдөж (нуруу нугасны сүрьеэ ) зургаан жилийг хэвтэрт өнгөрөөсний гурван жилд нь гипстэй байжээ. Гэвч тэр өвчнөө илааршуулж, эрүүл саруул амьдралд эргэн орж чадсан билээ. Эхлээд тэрээр Ялтад амьдарч, хүмүүжүүлэгч багш, эрүүгийн цагдаагийн хянан шалгагчийн ажил хийж байгаад дараа нь Москва руу нүүж ирээд пахин хууль зүйн ажил мэргэжлээрээ ажиллан бичих туурвих ажлаа үргэлжлүүлжээ. 1920-онд түүний алдартай «Сөнөсөн хөлгүүдийн арал», «Газар уснаа явагч хүн» бичигдсэн байдаг. 1928 онд тэрээр дахин нүүдэл суудал хийж энэ удаа Ленинградад суурьшсан бөгөөд уранзохиолын бүтээл туурвилын ажилдаа бүрмөсөн умбан орсон билээ. Хүний сэтгэл зүйн тогтцын онцлог, үйл хөдлөлийн асуудлыг сонирхох болсноор тэр «Эрдэмтэн Доуэлийн толгой», «Ертөнцийг эрхшээгч», «Нүүрээ гээсэн хүн» зэрэг романуудаа бичсэн юм. Александр Беляев нь нийтдээ хорь гаруй тууж, роман, хэдэн арван өгүүллэг, эсээ, найруулагч, шүүмж, өгүүллэг, найруулал, жүжгийн зохиол, нийтлэлийн бүтээл бичиж туурвисан юм. Дэлхийн II дайн эхлэхэд зохиолч бүслэгдсэн Ленинградаас нүүхээс татгалзсан юм. Александр Романович Беляев 1942 оны 1-р сарын 6-нд нас нөгчжээ. Түүний шарилыг оршуулсан газар тодорхойгүй.