Александр Сергеевич Пушкин

Александр Сергеевич Пушкин

Александр Сергеевич Пушкин (* 1799 оны 6 сарын 6 [хуучнаар 1799 оны 5 сарын 26] Москвад; † 1837 оны 2 сарын 10 [хуучнаар 1837 оны 1 сарын 29] Санкт-Петербургт) нь Оросын Романтик зохиолч, Оросын хамгийн агуу яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Александр Пушкин
Александр Пушкин

Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийнх нь элэнц өвөг эцэг Абрам Петрович Ганнибал нь Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн боол байсан сүүлд цэргийн инженер, генерал болж дэвшсэн байна.

Эцэг нь Сергей Львович Пушкин (1770—1848) гэж сайн дурын яруу найрагч цэргийн албан хаагч байсан. Эх нь Надежда Осиповна (1775—1836), гэж Ганнибалын ач охин байжээ.

Тэрээр Москва-д төрж, Петербургийн орчмын Царское Село (одоогийн Пушкин хот) тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч (1811—1817) байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, 1820 онд анхны найраглал болох "Руслан Людмила хоёр"-ыг бичжээ. 1811 онд Петербургийн Хаан сууринд нээгдсэн лицей  хэмээх  хаалттай сургуульд  авга  ах, нэлээд  нэрд  гарсан яруу найрагч Василий Львович Пушкин нь оруулжээ. Тэнд  6 жил  суралцаж  ерөнхий боловсролыг бүрэн  эзэмших  ёстой аж. Пушкин их  сайн сурдаггүй боловч яруу найрагт их дуртай, авъяастайг нь багш нар нь хүлээн зөвшөөрдөг байжээ. 1812 оны  Эх орны дайн түүнд эх оронч сэтгэгдлийг гүнзгий төрүүлсэн байна. Хэвлэгдэж уншигчдад анх хүрсэн шүлэг нь 1814 оны “Вестник Европы” сэтгүүлд хэвлэгдсэн “Шүлэгч  андаа” шүлэг  болой. 1815 онд шалгалтан дээр “Хаан суурин дахь дуртгал” шүлгээ уншиж, өвгөн Г.Державиныг догдлуулж байсан гэдэг. 1817 оны 6-р сарын 9-нд лицей сургуулиа төгсөж Гадаад яамнд ажиллахаар хуваарилагдсан байна. 1820 онд “Руслан, Людмила  хоёр” гэдэг найраглалаа бичжээ. 

А.Пушкин  “Эрх чөлөөний магтуу” зэрэг Хаант засгийн эсрэг чиглэсэн шүлэг бичсэний учир нэгдүгээр Александр хаан түүнийг Сибирьт цөлөх гэсэн боловч Карамзин, Жуковский нар санаа тавин хөөцөлдөж Оросын өмнөд нутагруу анх удаа нутаг заагджээ. Ийнхүү Кишинёвт хоёр жил гаруй суусан байна. 1823 он хүртэл тэнд байхдаа Кавказ, Крымын хойгоор аялж, "Кавказад олзлогдогсод", "Бахчисарайн оргилолт булаг" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. 1823 онд Одесса руу нүүсэн ч дахин эрх баригчидтай сөргөлдөж, 1824 онд эцэг эхийнхээ амьдарч байсан Умард Оросын Псков мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв. 1826 онд Николай I хааны өршөөлд багтаж Петербургт буцаж ирсэн байна. Гэвч 1825 онд гарсан декабристуудын бослогын дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "Борис Годунов" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, эрх баригчдын хараа хяналтан дор амьдарч байв.

 1823  онд Одесс боомтод түүнд алба хаахыг зөвшөөрсөн байна. Гэвч тэндэхийн амбан захирагч Воронцовтой таарч тохироогүй байдаг. Тэр Пушкиныг авгайтайгаа хардсан, бас өөрт нь зориулж эпиграмм шүлэг бичсэн зэрэг хэрэг үүсгэн хаанд айлтгаж, нэгдүгээр Александр хаан Воронцовын гуйснаар Пушкиныг ажлаас нь халж Псков муж дахь Михайловское сууринд  нь цагдаагийн харгалзаан дор цөллөгөнд суулгахаар шийдвэрлэсэн ажээ. Михайловское-д Пушкины амьдрал түүнд маш хязгаарлагдмал гунигтай байв. 1814 онд зэргэлдээ сууринд нь байдаг хамаатныдаа зочлох нэрээр А.П.Керн хатагтай ирсэн нь Пушкины сэтгэлийг сэргээж онгодыг нь дуудан  алдартай -Я  помню чудное  мгновенье... “ гэдэг алдартай шүлгээ Кернд зориулан бичсэн билээ.

1824 онд “Цыганууд” гэдэг сүүлчийн романтик  найраглалаа бичсэн. 1825 онд декабристуудын бослого эмгэнэлтэйгээр дарагдаж шинэ хаан нэгдүгээр Николай Пушкиныг Москвад дуудан авчирч уулзав. –Петербургт байсан бол арван хоёрдугаар  сарын  14-нд аль талд  байх  байсан бэ?  гэж  хааныг асуухад, “самуун дэгдээгчдийн дунд байх байсан” гэж Пушкин шууд нуулгүй хариулсан байдаг.

Пушкин тэр үеэр Петербургт нууцаар очхоор завдаж байсан ч удаатай. Гэвч 1827  онд Петербургт ирэхийг зөвшөөрсөн бөгөөд 1828 онд Түрктэй байлдаж байсан Оросын цэрэгт явахыг хүсэхэд зөвшөөрөөгүй байна. 1828  оны арванхоёрдугаар  сард  Москвад  Н.Н.Гончароватай танилцаж эхнэрээ болооч гэж гуйхад Гончарова тодорхой хариу хэлээгүй. Тэагээд Кавказ  явсан. Харин Гончарова сүүлд 1830 онд гэрлэхийг зөвшөөрсөн байна.

Одесст байх үедээ буюу 1823 оноос эхэлсэн  “Евгений Онегин”  романаа  1830 онд эцгийнхээ эдлэн  Болдинод байхдаа 1830 онд дуусгажээ. Энэхүү романыхаа есдүгээр бүлэг буюу декабристуудад  зориулсан бүлгээ шатаасан гэж үздэг. Бас нууц шифрээр бичсэн ч гэдэг.  Тэрбээр “Пугачёвын түүх”, “Дубровский”, “Ахмадын  охин”  зэрэг бүтээлдээ тариачны үймээн бослого, Пугачёвын хөдөлгөөний тухай уран сайхны зохиол бичсэн. “Белкиний туужууд” нь 19-р зууны Оросын хүүрнэл зохиолын эхлэл болсон. 1835 оны  намраас “Современник”  сэтгүүл гаргах эрх авч, 1836 оны дөрөвдүгээр сард анхны дугаар нь гарчээ.

Түүний  амьдралын  сүүлчийн жилүүд  хүнд байдалд  өнгөрсөн.  1834 онд хааны зарлигаар камер – юнкер дэв  олгосон  нь үнэндээ Пушкиныг доромжилсон  хэрэг байлаа. Эхнэртээ бичсэн захидлыг хаан хуулбарлан  авч уншдаг байсныг Пушкин мэдсэн  байдаг. Пушкин  хоёр хүү,  хоёр  охинтой болсон.

Нидерландын Элч Геккерний  өргөмөл хүү гэгддэг Дантес 1836 оны үеэс Пушкины эхнэрийг оролдож, ичүүр сонжуургүй мөшгөдөг болсон тул Пүүшкин түүнийг дуэльд дуудсан. Гэвч Дантес Пушкины авгайн нэг эгч Е.Н.Гончаровтай суусан тул эхний удаа  дуэль болоогүй. Пушкинд өөрт нь болон танил тал хүмүүст нь “Эхнэртээ  араараа тавиулагсадын диплом” гэсэн нэргүй  захидлыг тарааж байв. Пушкин тэр “диплом” гэгчийг Геккерн тарааж  байгаа гэж таамаглаж байсан юм. Дантес Гончаровагийн эгчтэй хурим  хийсэн боловч Наталья Гончароваг мөшгөн хөөсөөр байсан тул дахин дуэльд дуудаж, 1837  оны нэгдүгээр сарын 27-нд Петербургийн ойролцоох Хар горхи гэдэг газар Дантестай дуэль хийн хүнд шархдаад нас барсан. Пушкиныг  нууцаар оршуулсан байдаг.

1831 онд Наталья Гончарова хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. 1837 оны 1 сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч франц үндэстэн Жорж Дантес гэгчтэй дуэл хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан Хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.

Пүүшкиний  бүтээлийг  1.Шүлэг, 2. Найраглал  /12 найраглал бий/, 3.Үлгэрүүд /6 үлгэр  бий/, 4. Жүжгийн зохиолууд /”Борис  Годунов”,  “Харамч рыцарь”,  Моцарт  Сальер хоёр”, “Чулуун зочин”, “Тахлын үеэрх найр”, “Русалка”,  “Рыцарийн  үеийн явдлаас”/,  5.Хүүрнэл зохиол, 6.”Евгений  Онегин”,  “Пугачёвын түүх”,  7.Шүүмж,  нийтлэл, 8.Намтарын  холбогдолтой тэмдэглэл гэж ангилдаг. 

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Александр Пушкины бүтээлүүдэд Вольтерын хошигнол, Байрон, Шекспирийн уянгалаг шинж чанарын нөлөө ажиглагддаг гэж судлаачид үздэг.

Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Михайл Глинкагийн "Руслан Людмила хоёр" (1842 он), Пётр Чайковскийн "Евгений Онегин (1879), "Гилбэрийн хатан" (1890), Модест Мусоргскийн "Борис Годунов" (1874), Николай Римский-Корсаковын "Салтан хааны үлгэр" (1900), "Алтан тахианы үлгэр" (1909) зэргийг дурьдаж болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Александр Сергеевич Пушкин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан