Александр фон Гумбольдт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Александр фон Гумбольдтийн хөрөг.

Фридрих Вильгельм Генрих Александр фон Гумбольдт (герм. Friedrich Wilhelm Heinrich Alexander Freiherr von Humboldt, 1769 оны есдүгээр сарын 141859 оны тавдугаар сарын 6) — Германы байгаль судлаач, газарзүйч, орчин үеийн газарзүйн ухааныг үндэслэгчдийн нэг юм.

Замнал[засварлах]

Бага насныхаа ихэнхийг өвчлөн хэвтэрт өнгөрүүлж эцэг, эх, гэрийн багш нь ой ухаан муу хүн болно гэж үзэж байсан Гумбольдт 18 насандаа Франкфуртийн их сургуульд орж, 14 жилийн дотор дөрвөн дээд сургууль амжилттай төгсжээ.

21 настайдаа "Рейний зарчим хүрмэн чулуунд хийсэн эрдсийн судалгаа" номоо хэвлүүлсэн нь түүний анхны эрдэм шинжилгээний бүтээл байв. Тэрээр 1791 онд францын ургамал судлаач Бонплантай хамт Төв ба Өмнөд Америкаар аялжээ. Таван жил үргэлжилсэн энэ аялалынхаа дүнг боловсруулж, 1799-1804 онд "Шинэ тивийн нар голлосон нутгаар хийсэн аялал" (фр. Le voyage aux régions equinoxiales du Nouveau Continent) гэдэг 30 боть бүтээлээ туурвижээ. Өмнөд Америкт хийсэн жуулчлалаараа Гумбольдт тус тивийн шинжлэх ухааны үндэстэй судлалын эхийг тавьсан билээ. Уг аялалаар түүний авчирсан асар их цуглуулгын дотор зөвхөн ургамлын зүйл 6000 байсан бөгөөд тэдгээрээс 3000 нь шинжлэх ухаанд огт мэдэгдээгүй байжээ.[1]

Гумбольдтийн Латин Америкийн экспедицийн маршрут.

Гумбольдт хоёр дахь том жуулчлалаараа Оросын Урал, Алтай, улмаар Хятадын хил хүрч Каспийн тэнгисээс буцжээ. Энэ үедээ Гумбольдт өөрийн амьдралын тухай өгүүлсэн "Сансар" (фр. Cosmos : essai d'une description physique du monde) гэдэг номоо бичиж эхэлсэн байна. Байгалийн үзэгдэл юмсын харилцаа, уялдаа, холбоог илтгэн яруу сайхан бичсэн уг номынхоо эхний таван ботийг бичиж, цааш нь үргэлжлүүлж амжилгүй таалал төгсжээ.

Гумбольдт бол ургамлын амьдралын хэлбэр, ургамлын газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг бөгөөд ургамалжлын босоо бүслүүржлийн санааг анх дэвшүүлсэн хүн. Түүнчлэн ерөнхий газар судлал, уур амьсгал судлалыг үндэслэжээ. Тэрээр олон талын өвтэгш боловсролтой, материалист эрдэмтэн байсан нь хожмын байгаль судлалын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

Төв Ази, Австрали, Хойд Америкийн хэд хэдэн уул нуруу, гол, мөрөн, нуур, Гренландын мөсөн гол, Перугийн эргийн далайн хүйтэн урсгал, Саран дээрх галт уул болон олон ургамал, эрдсийг шинжлэх ухаанд Гумбольдтийн нэрээр нэрлэжээ.[1]

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. 

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Александр фон Гумбольдт»