Алт-дилерийн хэрэг

Алт дилерийн хэрэг нь 1991 онд Монгол улсын Улсын төв банк банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн үйл ажиллагааны үр дүнд 100 сая долларын алдагдал хүлээсэн тул түүний төлбөрт улсын нөөцийн 4,4 тонн алтаар төлбөр хийсэн хэрэг юм.[1]

Түүх[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу Улсын төв банкинд "Арбитражийн гүйлгээ хийх эрх"-ийг 1988 онд олгосон байна. Түүнээс хойш Улсын төв банк дилерийн гүйлгээг байнга тогтмол гадны банкуудтай хийж байсан ба гүйлгээний алдагдлыг олон нийтэд зарладаггүй байсан байна. Монголд улсад 1990 онд ардчилсан тайван хувьсгалын үр дүнд социалист бус зах зээлийн нийгэмийг сонгон Монгол улс шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэн үед ч энэхүү арбитражийн гүйлгээг үргэлжлүүлэн хийж байжээ. Харамсалтай нь Засгийн эрх барьж байсан ардчилагч нар маань ч энэ талаарх мэдээллийг нууцалж байсан байна. Энэ үед ЗХУ-аас бараг 100 хувьд эдийн засгийн хувьд хараат байсан Монгол улсад ОХУ-ын зүгээс эдийн засгийн хувьд боох үйл ажиллагаа явуулж байснаар монголд хүнсний өргөн хэрэглээний бараа болон шатахуун зэрэг амин чухал түүхий эдүүдийн хомсдолд орж улмаар картанд шилжсэн хүнд үе эхэллээ. Энэ хүнд үед Монгол банкны хэдэн залуу банкны хамаг алтаар дилер гэгч банк хоорондын тоглоомыг тоглож байгаад алдсан байна гэсэн яриа ард түмний дунд гарсан улмаар улмаар тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан энэ тухай баримтууд ил тод болж эхэлсэн юм. ЭНэхүү арбитражийн гүйлгээг алдагдалтай хийсэн үйлдлийн үр дүнг Монгол­банк­ны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Засгийн газ­рын эдийн засаг, мөнгө санхүү хариуцсан Шадар сайд Да.Ганболд хоёр мэдэж байсан ч арга хэмжээ авалгүй өөгшүүлсэний үр дүнд 100 сая долларын алдагдлыг нь тухайн үед Монгол улс үүрэн хэрэгтэй болсон нь тодорхой болсон юм.[2] Швейцарийн Базель хотноо байдаг Олон Улсын хөгжлийн банкны мэдээгээр 1990 оны 3 дугаар сард Монгол улс ямар ч зээлгүй байснаа 6 дугаар сард 58 сая, 9 дүгээр сард 100 сая, 12 дугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ. Үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож улсын 80 сая долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4,0 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм. Энэ асуудлаар 1991 оны 10 дугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан хийжээ. Зарим сайд “цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтжээ. Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараах тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд :

  • Диллерт 80 сая
  • Банкны конторын засварт 3 сая
  • Биржийн төвд 3,6 – 3,7 сая
  • Германд урьдчилгаанд 4 сая

Бүгд нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоожээ. Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3,6 тэрбум ( тэр үед 1 доллар 40 төгрөг болж байв. Д.Г.). Тэр үеийн хар захын ханшаар 9 тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг. Энэ бол Монгол улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм. Дээр дурдсан тоо болгон их учиртай, тус бүрдээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг юм. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн 4 сая доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөд 50 сая долларын зээл авахаар германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ. Тэд нь барьцаанд урьдчилгаа 4 сая доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Хэрэг нэг биш болсныг мэдэж лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л 4 сая доллар оргүй алга болох жишээтэй. Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй [3]

Монгол улсын Ерөнхий прокурор 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан "Алт, дилерийн хэрэг" гэдгийг мөрдөх үүрэг өгч,шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу шалгалт хийсэн боловч энэ талаар авсан арга хэмжээний тухай нийтэд тодорхой ойлголт байдаггүй байна.[4]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Д. Давааадорж.Алт дилерийн хэрэг : бодит баримт, үнэний өчил.Улаанбаатар : Хэвлэлийн 《Дөрвөлжин》 ХЭАА, 1993
  2. http://www.dayarmongol.com/index.php/videos/video/other-videos/7158-2012-05-01-13-53-45
  3. http://undestnii-uzel.blogspot.com/2010/04/blog-post_9281.html О.Чулуунбат гэж хэн бэ?
  4. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/. Дугаар 07. 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Холбоос[засварлах | кодоор засварлах]