Алунгоо эхийн домог

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ухей ул болно

Алунгоо эхийн домог - нь Чингис хааны язгуур , дээд тэнгэрээс заяатай төрсөн Бөртэ чоно ажгуу.[1] Гэргий нь Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу. Батачиханы хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим борохул, Уужим борохулын хөвүүн Сали хачагу, Сали хачагугийн хөвүүн Их нүдэн, Их нүдэний хөвүүн Сэм сочи, Сэм сочийн хөвүүн Харчу.Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн, Монголжин гоо гэргийтэй ажээ. Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүрийн газарт харах бүлгээ. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж айсуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайхан охин буюу хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ, чамд гуйя хэмээж Добун мэргэн дүүгээ үзүүлэхээр илгээв. Добун мэргэн тэд иргэнд хүрвээс үнэнхүү гоо сайн, алдар нэр ихтэй, Алан гоо нэртэй хүнд өгөөгүй охин ажгуу. Тэд бөлөг иргэн бээр Хөл баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гоо нэртэй охиныг Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэнээ өгсөн ажгуу. Хорь түмэдийн газраа Ариг уснаа Хорилдай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан гоо нэрт охин тэр. Хорь түмэдийн Хорилардай мэргэний охин Ариг уснаа төрсөн Алан гоог тэнд гуйж Добун мэргэний авсан ёсон тийм. Алан гоо Добун мэргэнд ирж хоёр хүү төрүүлэв. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй нэрт бүлгээ. Нэгэн өдөр Добун мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарав. Ой дотор Урианхадай хүн чөх буга алж, хавирга авидыг нь шарж бүхүйд золгож, Добун мэргэн өгүүлрүүн: Нөхөр шорлогдоо хэмээжээ. Өгсүү хэмээж уушигт зүлд, арьсыг нь авч, чөх бугын мах бүгдийг Добун мэргэнд өгөв. Добун мэргэн тэр чөх бугыг ачиж ирэх зуураа нэгэн яданги хүн хөвүүнээ хөтөлж явахтай золгож, Добун мэргэн

« Юун хүн чи? »

хэмээн асууваас, тэр хүн өгүүлрүүн: Би Маалиг баягудай иргэн ядаж явна. Тэр гөрөөснийхөө махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье хэмээжээ. Добун мэргэн тэр үгэнд орж, чөх бугын өрөөл гуяыг нь тасалж өгч, тэр хөвүүнийг авч ирж гэр зуур зарж байх бүлгээ. Тийн атал Добун мэргэн үгүй болов. Добун мэргэнийг үгүй болсны хойно Алан гоо эр үгүй бөгөөтөл гурван хөвүүн төрүүлэв. Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг нэртэй бүлгээ. Урьд Добун мэргэнээс төрсөн Бэлгүнүдэй, Бүгүнүдэй хоёр хөвүүн нь Алан гоо эх юүгээн эчнээ өгүүлрүүн:

« Энэ эх, бидний ах дүү, үеэлид хаяалид хүн үгүй, эр үгүй атлаа эд гурван хөвүүдийг төрүүлэв. Гэр дотор гагц Маалиг баягудай хүмүүн буй. Эд гурван хөвүүд түүнийх буй за »

хэмээн эх юүгээн эчнээ хэлэлцэхийг Алан гоо эх нь ухаж мэдээд, Хаврын нэгэн өдөр хонины хөншилмөл мах чанаж Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг энэ таван хөвүүнээ зэрэгцүүлэн суулгаж, нэг нэг мөсийг “Хугалагтун” гэж өгөв. Нэг нэг мөсийг амархан хугачиж орхив. Бас таван мөс хамт боож “Хугалахтун” хэмээж өгөв. Тавуул таваар багцлан боосон мөсийг хүн бүр авч, тойруулж оролдоод хугалан ядав. Тэнд Алан гоо эх өгүүлрүүн:

« Бэлгүнүдэй Бүгүнүдэй та хоёр хөвүүн минь намайг энэ гурван хүүхдийг төрүүлэв. Хэний юуны хөвүүд буй хэмээн сэрдэн хэлэлцмүү. Сэрдэх чинь зөв. Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд хэвлийг минь илж гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа наран сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл тэнгэрийн хөвүүд буй за. »
« Хар тэргүүт хүнтэй
Ханьсган яахан өгүүлнэ, та нар
Хамгийн хаад болбоос
Харцас тэнд ухна” хэмээв.
»

Бас Алан гоо таван хөвүүддээ сүегэр үг өгүүлрүүн:

« Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын таван мөс мэт ганц ганцаар болбоос, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мөс мэт хамт нэгэн эетэн болвоос та нар хэнд ч хялбар яахан дийлдэх, та нар »

хэмээв.[2]

Зүүлт[засварлах]