Амазон мөрөн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Амазон мөрний газрын зураг

Амазон мөрөн (порт. Rio Amazonas, исп. Río Amazonas) нь Өмнөд Америкт орших, урсацын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том мөрөн юм.

Индианчууд Амазоныг "Паран-Тинг" гэж нэрлэдэг нь Голуудын хатан хаан гэсэн утгатай ажээ. Үнэхээр энэ мөрөн бүх талаар нь аваад үзсэн манай гаригийн хамгийн аугаа их мөрөн билээ.

Газарзүй[засварлах]

Манай гаригийн голуудын далай тэнгист аваачиж юүлдэг бүх усны дөрөвний нэгийг Амазон мөрөн ганцаараа бүрдүүлдэг. Түүний талбайн хэмжээ 7 сая гаруй хавтгай дөрвөлжин км байдаг нь Австралийн эх газрыг бүхэлд нь буюу АНУ мэтийн улсыг багтаахаар ажээ. Адаг орчмоороо Амазон мөрний өргөн нь 200 гаруй км бөгөөд гүн нь 100 м хүрдэг. Перугийн Икитом хотын хавьцаа адгаасаа 3500 км зайтай хэсэгт голын гүн нь 20 м илүүтэй байдаг болохоор тэнгисийн хөлгүүд ч хүрч очдог.

Амазон мөрөн экваторын дагуу урсдаг болохоор халуун орны усархаг бороо хойд тал бөмбөрцөгт /3-9-р сард/ нэг бол зүүн эрэг дээр, эсвэл өмнөд тал бөмбөрцөгт /10-4-р сард/ баруун эрэг дээр ихээр орж усаар байнга тэтгэж байдаг болохоор энэ мөрөн тийм их устай байдаг.

Амазон мөрний эх хаана байдгийг саяхныг хүртэл нарийн мэддэггүй байжээ. Түүнд цутгадаг хоёр гол цутгалангийн нэг болох Укаяли мөрөнтэйгөө нийлээд 6565 км газар урсдаг болохоор зуу гаруй км илүү урттай Нил мөрний дараа хоёрдугаарт орж голуудын хатан хаан болж байгаа юм. Гэвч 1995 онд зохион байгуулагдсан олон улсын судалгааны багийнхан Укаяли голоор өгсөн эхэнд нь хүрч уг гол нь Апуримак болон Урубамби хэмээх хоёр гол нийлснээс үүссэнийг мэджээ. Судлаачид Апуримак голын эхэнд хүрснээр Апуримак-Укаяли-Амазон гэсэн аварга том усан сүлжээний урт нь 7025 км гэж тодорхойлжээ. Тийм болохоор манай гаригийн хамгийн урт мөрөн болж байгаа юм. Гэтэл Нил болон түүнд цутгадаг Цагаан Нил, Альберт Нил, Викториа Нил, Виктория болон Кагера нууруудын урт нийлээд бараг гурван зуун километрээр богино ажээ.

Амазон мөрөн 500 гаруй цутгалантай. Тэдгээрээс 17 нь 1800-3500 км-ийн урттай байдаг. Амазон мөрний тээж аваачдаг их ус цутгадаг хэсгээсээ авахуулаад тэнгисийн 400 км хэсгийн усыг цэнгэг болгодог.

Амазон мөрний адагт байдаг Маражо арал бол манай дэлхий дээрх хамгийн том гол дээрх арал юм. Түүний талбай нь 48 мянган хавтгай дөрвөлжин км буюу Швейцари болон Нидерландын нутгуудаас том ба арал тэр аяараа Болгарын газар нутгийн хэмжээнээс илүү хэмжээтэй байдаг.

Укаяли болон Мараньон голууд нийлсний дараачаас Амазон нэртэй болдог. Энэ хоёр цутгалан хоёул Андын нуруунаас эх аван урссаар понго хэмээх хадархаг хавцлыг туулан тэгш талд хүрдэг. Тэрхүү нарийхан хавцлын ёроолоор нарийхан жим гарах ч зайгүй бөгөөд зарим газартаа хориод метр үргэлжлэх оргилсон. хөөсөрсөн догшин ширүүн урсгал л байдаг. Ялангуяа Мараньон их догшин зантай. Тэрээр уулаас буух замдаа 27 понго хавцал дундуур өнгөрдөг. Тэдгээрээс хамгийн сүүлчийн буюу хамгийн догшин ширүүн хавцлыг Понго де Мансериче буюу "Тотинуудын хаалга" гэдэг ажээ. Хамгийн сүүлчийн хавцлыг өнгөрөөд Амазоны уудам талд гарч хөлөг онгоц явах боломжтой болдог ажээ.

Амазоны нам доор газар буюу Амазониа нь манай дэлхий дээрх хамгийн аугаа уудам газруудын нэг юм. Энэ бол намаг, ширэнгэ ойн эзэнт улс бөгөөд гол мөрд нь цорын ганц зам харилцаа болдог. Иймэрхүү усан замууд хэтэрхий хангалттай байдаг. Учир нь Амазон мөрөн бүтэн 8 мянган км-ийн турш хөлөг онгоц явах боломжтой болохоор тэр билээ. Усны түвшин хориод метрээр нэмэгддэг үерийн үед эрэг орчмын намхан газрууд 80-100 км хүртэл усанд автдаг. Харин жирийн үедээ Амазон мөрөн их олон арлууд бүхий салаанууд болон салбарладаг учир тийм ч аварга том мөрөн гэж харагддаггүй. Мөрөн дээр хөвөгч арлууд байдаг ба тэдгээр нь урсгалын дагуу алгуурхан хөвж явдаг. Эдгээр хөвөгч арлууд нь хоорондоо орооцолдон барьцалдсан ургамлуудын үндэс мөчрүүд, моддоос тогтох ба улмаар шинээр ургамал ургаж арал маягтай болсон байдаг.

Амазон мөрний налуу нь тийм ч их биш учраас цутгадаг хэсгээсээ 1000 километрийн хол газарт ч далайн түрлэгийн нөлөө мэдрэгддэг. Амазоны түрлэгийн онцлог гэвэл түүний ширүүн урсгал нь далайн түрлэгтэй мөргөлдөөд их өндөр давалгаа үүсгэн хөөсөрч голын урсгал сөрөн асар их дуу шуугиантай түрлэг болон өгсөхдөө замдаа тааралдсан бүхнийг хуу хаман оддог. Энэ үед амжиж хажуугийн зогсоол буудалдаа орж амжаагүй хөлгүүдийг 6 метрийн өндөртэй хүүгсэн их давалгаа хөмрүүлэн живүүлж орхидог. Ямар нэгэн аймшигт араатан мангас мэт санагддаг эрэг дээрх бүхнийг сүйтгэн хоосруулж үерт автуулдаг энэхүү гэнэтийн учир битүүлэг аймшгийг индианчууд эрт дээр үеэс мэдэрч тэрхүү догшин ширүүн давалгааг "Хүрхэрсэн их усан" гэж нэрлэдэг байжээ.

Түүх[засварлах]

Андын нуруунаас эхлээд далай хүртэл Амазон мөрнөөр анх аялсан хүн бол 1842 онд ийнхүү аялсан Испанийн Франсиско Орельян билээ. Түүний багийнхан 8 сарын дотор бараг 6000 км зам туулжээ. Ямар ч газрын зураггүй, тэндхийн гол мөрний талаар онцын мэдлэггүйн дээр нутгийн омгийнхны хэл яриаг мэддэггүй испаничууд эх газрыг бараг хөндлөн туулсан энэ аялал ямаршуухан хэцүү байсныг одоо төсөөлөхөд бэрх. Хоол хүнсний нөөц багатай, өөрсдийн хийсэн багахан хэврэг онгоцоор аялах явцдаа тэд матрууд, анаконда хэмээх могойнууд, пиранууд, голын аварга загаснууд гээд Амазоны "гайхамшгуудтай" учирч ёстой арьс махаараа мэдэрч явжээ.

Аяллынхаа явцад дайнч түрэмгий индианчуудтай тулалдах удаа нэг биш тохиолдож байсан гэдэг. Тромбетас хэмээх голын адаг орчимд их ширүүн тулаан болсон түүхтэй. Испаничуудыг бүхнээс илүү гайхашруулсан зүйл гэвэл дайчдын эхний эгнээнд нум сумаар зэвсэглэсэн өндөр нуруутай, хагас нүцгэн эмэгтэйчүүд тулалдаж байсан явдал ажээ. Тэдний омгийн бусад дайчдаасаа илүү аймшиггүй эр зоригтой тулалдаж байжээ. Тэдгээр эрэлхэг эмэгтэйчүүд Амазоны эртний домогт өгүүлдэг ялагдал гэдгийг мэддэггүй эмэгтэй дайчдын явдлыг санагдуулж байжээ. Тийм болоод Орельян уг мөрнийг Амазон мөрөн хэмээн нэрлэсэн байна.

Тэр цагаас хойш судалгаа шинжилгээний олон олон ангиуд энэхүү аугаа их мөрөнд очиж байсныг дурдвал Францын Кондамин, Германы Хумбольдт, Английн Бейтс болон Оросын аялагч Лангсдорф нар бөгөөд XҮIII зууны эцэс, XIX зууны эхээр Амазоны шугуйд нэвтэрч чадаад голуудын хатан хааны болон түүний хавийн чийглэг ойн амьд ертөнцийг шинжлэх ухаанд нээж өгсөн байна.

Ургамал[засварлах]

Амазоны олон тооны салаа татуургын амгалан тайван булан тохойнуудад манай гариг дээрх хамгийн том удвал цэцэг болох Виктория Ригагийн метр хагас хэмжээтэй том навчис ганхан байдаг. Дээд ирмэгүүд нь хумигдсан дугуй хэлбэр нь ямар нэгэн этгээд ногоон хайруулын таваг мэт харагддаг. Түүний аварга том навчин дээр 12-14 настай хүүхэд үлгэрт гардаг хуруун чинээ хүүхдийн адил тайван сууж болдог.

Амазоны чийглэг халуун ой нь манай гариг дээрх ойнуудаас хамгийн олон төрөл зүйлийн ургамалтай нь билээ. Эндхийн 10 хавтгай дөрвөлжин км газарт 1500 гаруй зүйлийн цэцэгс, 750 зүйлийн модод, зуу гаруй зүйлийн сүүн тэжээлтнүүд, 400 гаруй зүйлийн жигүүртэн шувууд, олон тооны могой, хоёр нутагтан, шавьжнуудыг олж болно. Тэдгээрийн нилээд нь одоог хүртэл танигдаж мэдэгдээгүй, судлагдаж тодорхойлогдоогүй байна. Энэхүү чийглэг халуун ойн хамгийн том мод гэхэд л 90 м өндөртэй, 12 м бүдүүн голчтой ажээ. Тэдгээрийн нэрс нь хүртэл бертолеция, маморана, цинамон, цедрелла, бабасу, ротанг, гевея гээд хөгжим мэт уянгалаг сонсогддог. Эдгээрээс олонхи нь ихээхэн үнэ цэнэтэй ургамлууд ажээ. Их өндөр ургадаг бертолеция гэхэд л амтат самруудаараа алдартай бөгөөд ганцхан үүрэнд л хэдэн кг жин татах хориод самар байдаг. Тэдгээрийг зөвхөн салхигүй үед түүдэг ба салхитай үед тасран унасан самар болгоомжгүй хүнийг цохиж алах магадлалтай. Сүүний модны ихээхэн амтлаг тэжээллэг шүүс нь сүүг санагдуулах ба шоколадны модны үр жимснээс какао гаргаж авдаг. Палайи хэмээх амтат гуаны мод болон манай дэлхий дээрх каучукны гол түүхий эд болох гевея моддын талаар бүгд л дуулсан байх. Халуун орны ойн ганц эрлэг болсон хумхаа өвчнийг эмчлэхэд холтсыг нь ашигладаг хинын мод ч энд байдаг.

Пау-бразил гэж Өмнөд Америкийн хамгийн том улсын нэрээр нэрлэсэн улаан мод гэх мэтийн гайхалтай сайхан өнгөтэй модод их бий. Харин бальса хэмээх мод манай гариг дээрх хамгийн зөөлөн мод ажээ. Үйснээс ч зөөлөн байдаг гэдэг. Эртний индианчууд жангады хэмээх аварга том салыг энэхүү бальсагаар хийгээд Амазон, Риу-Негру, Мадейра болон бусад томоохон гол мөрдөөр аялдаг байжээ. Уртаараа 100 метр, өргөнөөрөө 20 м хүрдэг тийм том сал хийдэг болохоор заримдаа багахан тосгоныхон бүгдээрээ багтдаг байжээ.

Амазонд зуу гаруй зүйлийн дал мод байдаг. Кокосын, бабасу, тукума, муката, бакаба, жупати, карана гээд бараг бүгдээрээ хүмүүст ашиг тусаа өгдөг. Зарим нь самраа өгдөг бол зарим нь модоо, гурав дахь хэсэг нь зөөлөн эдээ, дөрөв дэх нь амтат шүүсээ өгдөг ажээ. Харин ганцхан ротангагийн дал модыг л халуун орны оршин суугчид хараан зүхдэг.

Заримдаа 300 м өндөртэй байдаг энэ бол манай гариг дээрх хамгийн өндөр мод билээ. Үнэндээ бол ороонго өвс юм. Түүний нарийхан иш гол нь хурц өргөсүүдтэй байдаг. Түүгээрээ бусад моддоос зууран аваад дээшээ нар луу тэмүүлэн их өндөр ургадаг. Моддын мөчир салаа, иштэй орооцолдон нэвтэрч гарахын аргагүй өргөст ширэнгэ үүсгэдэг. Индианчууд тэднийг "Чөтгөрийн олс" хэмээн нэрлэсэн нь бас ч гэж дэмий хэрэг биш байжээ.

Амьтан[засварлах]

Эндхийн голуудад 2000 гаруй зүйлийн загас байдаг нь манай дэлхийн цэнгэг усны загаснуудын гуравны нэг хэсэг нь юм. Гэтэл Европын бүх голуудад ердөө 300-хан зүйлийн загас амьдардаг. Амазоны өвөрмөц загаснуудын дотор аварга том, таван метрийн урттай пирарку буюу арапайма, 200 кг хүрдэг жинтэй, 300 вольтын хүчтэй гүйдэл гарган хүнийг тогонд цохиулан унагадаг, хоёр метр урттай цэнэгт могой загас, сүүлэндээ үхэлд хүргэх аюултай хатгуур бүхий загаснууд, голын аймшигт аварга загаснууд, нутгийн хүмүүсийн зүрхийг чичрүүлдэг аварга том шүдэт пиранууд гээд олон төрлийг нэрлэж болно. Энэхүү махчны түрэмгий догшныг хэлэхийн аргагүй. Завин дээрээсээ зэрлэг гахай ч юм уу тапир буудсан анчин тэдэн дээр явж очихын хооронд дээрх махчин загасны сүрэг олзыг нь булаан идээд зөвхөн хэлхээтэй яснууд нь үлддэг. Тууж явсан сүргээ голоор гаргахын тулд малчин урьдаар нэг үхэр шархдуулаад гармаас доогуурхан түрүүлж голд хаяж махчин загаснуудад өгөөш болгоод бусад сүргээ гаргасан тохиолдол ч байдаг. Хэрвээ тэдгээр загаснууд дэгээнд орлоо гэхэд сахлын хутга шиг хурц шүдээрээ загасчны гарыг хазах гэж улайран тийчилж байдаг.

Амазоны усанд тэнгисийн үнээний нэг төрөл болох ламантинууд, голын далайн гахайнууд, хар кайманууд хэмээх таван метрийн урттай матрууд байдаг. Эдгээр нь ихээхэн аюултай учраас "гурван жижиг пиран загаснаас нэг том матар дээр" гэж индианчууд ярилцдаг байжээ.

Гэвч Амазоны усанд амьдардаг хамгийн алдартай амьтан бол анаконда хэмээх аварга усны могой билээ. Бүдүүнээрээ хоёр тэвэр, уртаараа 12 м хүрэх аварга анаконда тааралддаг. Гэвч 15-18 метр урт могойтой тааралдсан хэмээн анчид ярьцгаадаг. Зургаан давхар байшингийн оройгоос унжуулвал газарт шүргэх тийм том "амьд яндан" байна гэж төсөөлөхөд бэрх. Хашир индиан анчид анаконда могой байгаа газраас холуур тойрдог байжээ. 200 гаруй кг жин татах тэрхүү аварга могойтой тэмцэлдэх амьтан Бразилын халуун орны ойд ганц ч үгүй. Гол гаталж явсан ягуар анакондагийн хоол болсон удаа ч байдаг.

Сельва буюу Бразилын чийглэг халуун ойн амьтад гэвэл ургамлуудаасаа дутахгүй олон зүйл байдаг. Тухайлбал Амазоны хамгийн том араатан болох үргэмтгий, болгоомжтой тапир, капибара хэмээх аварга том усны гахай байдаг нь мэрэгчдийнхээ дотор дэлхийн аваргад тооцогдоно.

Энд сармагчингууд их элбэг боловч Африк болон Азийн төрөл нэгтнүүдээсээ эрс өөр ажээ. Тэдний дотор зэвүү хүрмээр уакирүүд, "амьгүй толгой" буюу үхсэн хүний гавлын ясыг санагдуулам цагаан толгойт сармагчин, сүүлээ тав дахь мөчөө болгон ашигладаг аалз хэлбэрийн сармагчин гээд олон зүйлүүд байдаг. Энэхүү сармагчин нь амьтны хүрээлэнд байхдаа ч гэсэн хүний өгсөн хоолыг авах гэж гараа биш сүүлээ өгдөг ажээ. Гэвч эндхийн хамгийн алдартай сармагчин бол арслангаас ч илүү чангаар архирдаг архираа сармагчингууд билээ. Тэдний архирах дуу таван км хол газарт сонсогддог. Сармагчингуудын гол дайсан болсон, Амазоны хамгийн аюултай араатан ягуар модонд авирахдаа гарамгай. Энэ бол амьдралынхаа хагасыг усан дунд өнгөрөөдөг муурын овгийн цорын ганц амьтан ажээ. Хэрвээ хуурай газар дээр юу ч олж чадахгүй бол тэрээр загас болон яст мэлхий, капибара, залуухан тапир мэтээр дуртайяа хооллодог. Ягуар нь багахан матрыг ч дийлдэг. Харин томоохон матрууд бол энэхүү усны муурыг амархан залгиж орхидог.

Оцелот хэмээх амьтан ягуар шиг догшин биш ч гэсэн бас л их аюултай. 1.5 м урттай энэ том муур хоёр метр шахам анаконда могой руу дайрахаасаа хулчийдаггүй. Харин арван хоёрдугаар сард оцелотууд шөнийн цагаар хуримын концертоо тоглож эхэлдэг нь манайхны нуурнуудын гуравдугаар сарынхтай адил ажээ.

Хамгийн анзаарагддаггүй, хөдөлгөөн багатай араатан бол мэдээж ленивец буюу монголчилбол залхуу хэмээх амьтан юм. Тэрээр амьдралынхаа туршид модноос зүүгдэн хавийнхаа навчийг шимэн амьдрах ба байрнаасаа хөдлөхгүйгээр толгойгоо 180 хэм, 270 хэм ч эргүүлж чаддаг. Энэхүү залхуу амьтан найман секундэд нэг удаа амьсгалдаг. Хэрвээ газарт бууж чадвал нэг минутанд 20 см хурдтай хөдөлнө. "Гэмгүй царайлсан сувдаг амьтан" хэмээн бразилчуудын хошигнон нэрлэсэн энэ амьтан ягуар, оцелот, усны могой болон гарпии хэмээх бүргэдийн дуртай хоол болдог. Түүний үсэнд замаг наалдан ногоон өнгөтэй болгодог нь заримдаа амийг нь авардаг. Тийм ногоон өнгөтэй болсон хөдөлгөөнгүй үедээ модны мөчир дээрээс ялгарч харагддагүй ажээ. Шөнийн харанхуйд мөчир доогуур цус сорогч сарьсан багваахайнууд чимээгүйхэн нисэн өнгөрнө. Тэдний жижигхэн шүднүүд маш хурц учраас унтаж байгаа хүн нойрон дундаа хазуулснаа мэддэггүй харин өглөө босоод дэр нь цусанд будагдсан хүзүүн дээр нь жижигхэн шарх үүссэн болохыг мэддэг.

Шувуудын хэдэн зуун төрөл зүйлээс бидний мэдэх зөгийн чинээ өчүүхэн жижиг биетэй колибр шувуу болон уртаараа нэг метр хүрэх аварга том ара тоть мэтийн шувууд байдаг. Эдгээрийн хурц тод өнгийн далавч болон мөн их олон тооны эрвээхэйнүүд нийлээд ойн нэгэн хэвийн ногоон өнгийг өвөрмөц маягаар амьдруулж өгдөг. Моддын дээгүүр хамгийн аймшигтай жигүүртэн болох гарпия хэмээх дэлт бүргэд байдаг нь сармагчин барьж иддэг ажээ. Асар хүчирхэг булчингууд болон таван сантиметр урт хумснууд нь гарпия бүргэдийг ленивецүүд болон жижиг сармагчингуудын ганц эрлэг болгодог.

Амазоны ойн усанд олон төрлийн могой байдгийн дотор хортой могойнууд ч элбэг. Жил бүр могойд хатгуулан үхсэн хүмүүсийнхээ тоогоор Бразил улс дэлхийд нэгдүгээрт ордог нь тохиолдлын хэрэг бишээ. Гэвч жижигхэн могойнуудыг индианчууд эртнээс гаршуулан сургаж жижиг мэрэгчдээс хамгаалах зорилгоор гэртээ тэжээж байжээ. Шувуу барьж иддэг аварга аалз их айдас төрүүлдэг. Энэ аалз сэрэмж алдан торонд нь орсон колибри шувуугаар хооллодог. Индианчуудын хүүхдүүд заримдаа тэдгээр аалзнуудыг олсоор оосорлоод нохой мэт хөтлөн явж зугаацдаг.

Гэвч эндхийн чийглэг халуун ойн оршин суугчдын хувьд хамгийн аймшигтай амьтан бол дээрх догшин араатнууд ч биш, хортой аалз, могойнууд ч биш харин сакасайя хэмээх жижигхэн шоргоолжнууд билээ. Тэд газар доорх асар том эзэнт улсад амьдардаг ба тэндээсээ үе үе бөөн бөөн сүргээрээ гарч үхэл тээсэн аймшигт урсгал болон ойг чиглэж замдаа тааралдсан бүхнийг устгадаг. Араатан амьтад, жигүүртэн шувууд, могой, мэлхийнүүд бүгдээрээ тэрхүү хэдэн сая цэрэгтэй өршөөлгүй армиас айдаг ба ягуар, анакондагийн аль аль нь өршөөгдөнө гэж үгүй. Амьтан судлаачдын хуаран тийм шоргоолжнуудын замд таарсан тохиолдол байдаг. Хүмүүс зугтан аврагдаж чадсан боловч торонд хашаатай үлдсэн тапир амьдаараа тэдгээр шоргоолжнуудын хоол болж зөвхөн хэлхээтэй яснууд л үлдсэн ажээ.

Гэвч Амазоныг зөвхөн аймшгийн орон гэж үзэх хэрэггүй. Амазоны сав газар бол манай гариг дээрх халуун орны чийглэг ойн томоохон нөөц бөгөөд агаар мандлыг хүчилтөрөгчөөр хангаж байдаг гол нийлүүлэгч билээ. Тийм болоод ч түүнийг "манай дэлхийн ногоон уушиг" гэж нэрлэдэг. Харин түүний амьтан ургамлын аймгуудын баялаг бүхэн нь бидэнд байгалиас заяасан асар үнэ цэнэтэй эрдэнэс билээ. Хүмүүс ой модыг нь огтлон зам тавьж, араатан жигүүртнийг нь устган сельва руу улам ихээр довтолсоор байгаа тул цаг тутамд чийглэг ногоон хучлагынхаа дөрвөн хавтгай дөрвөлжин километр хэсгийг алдаж байна. Хэрвээ ийм байдлаараа үргэлжилвэл Конгын ширэнгэ шугуй харсаар байтал устаж үгүй болсны адилаар Амазоны ой 21 -р зуунд бүр мөсөн үгүй болох юм.

Энэ нь хүн төрөлхтний хувьд эргэж хэзээ ч нөхөгдөхгүй асар их гарз хохирол болох билээ.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Амазон мөрөн