Амбагай хаан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тайчуудын Амбагай нь 1150 оны үед Хабул хааныг нас барсны дараагаар Хамаг Монголын хаан болон өргөмжлөгджээ. Татар аймагт олзлогдон Алтан улсад хүргэгдсэн байна. Алтан улс түүнийг модон илжигт хадан алжээ. Нууц товчоонд дурдсанаар Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож Хабул хааны долоон хөвүүний дундахь Хутулад, өөрийн арван хөвүүний дундахь Хадаан тайжид очиж хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татаар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун гэж захисан байдаг. Чингис хаан татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хаан, өөрийн эцэг Есүхэй баатар нарын өшөөг авсан хэрэг болжээ.