Арминиус

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Арминиусын хөшөө

Арминиус буюу Армен нь өнөөгийн Германчуудын өвөг Тевтоны нэг хэсэг болох Черуски аймгийн толгойлогч бөгөөд МЭӨ 18 – МЭ 19 оны хооронд амьдарч байсан байж магадгүй гэж үздэг. XIX зууны сүүлч үед түүнийг Германы үндсэрхэг үзэлтнүүд Ромын дарлалаас Герман үндэстнийг чөлөөлсөн үндэсний баатар, Херрманн хэмээн алдаршуулах болжээ.

Арминиус нь нилээд хэдэн жил Ромын армид алба хааж, Ромын иргэншил олж авсан бөгөөд тэдний дайтах урлаг, цэргийн зохион байгуулалт, улс төрийн бодлогын туршлагыг дотроос нь сайн судалсан байна. Христийн тооллын 7 онд Арминиус гэртээ буцан ирж, түүний ард түмнийг Ромчууд, дарангуйлагч Публиус Куйнтус Варус хэрхэн тарчилган дарамталж буйг олж мэджээ. Арминиус Черуски аймгийнхнийг толгойлон бослогод бэлтгэж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Варус гурван легион цэрэг илгээсэнд Рейн мөрний сав газар Тевтобургийн ойд тосон тулалдаж, Ромчуудыг ухраажээ. Уг тулаанд легионууд нь бут ниргэгдсэн мэдээг авсан Варус амиа хорлосон байна.

Ромчууд энэ мэдээг сонсоод хашир туршлагатай Германикус Цезариар удирдуулсан их цэргийг Арминиусын эсрэг явуулсан байна. 16 онд Ромчууд Черуски нарын нутагт хүрч, Арминиустай туладсан байна. Тулалдаанд ромчууд хүнд хохирол үзсэн ч ялалт байгуулж, Арминиус ухарчээ. Арминиусыг мөрдөн хөөж байсан Германикусийг Ром эргүүлэн татсан нь Арминиусийг бүрэн ялагдахаас аварсан байна.

Үүний дараа Ромчууд Герман нутаг руу дахин хэзээ ч халдан довтолж зүрхлээгүй байна. Ромчуудыг нутгаасаа хөөн гаргасан Герман аймгууд дотроо хагаралдан, Христийн тооллын 19 эсвэл 21 онд Арминиус хамсаатнууддаа алагдсан байна.

Түүний мөнхийн гавъяаг нь хүндэтгэн Германы ард түмэн 1875 онд дарангуйлагч Варусын легионуудыг бут ниргэсэн Тевтобургийн ойролцоо аварга хөшөө босгосон байна.