Архины бус гаралтай элэг өөхлөх өвчин
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй хүмүүст (долоо хоногт 140 г-аас дээш хэмжээний этилийн спирт хэрэглээгүй гэх) үүсэх элэгний эд дэх өөхний хэт хуримтлалыг (стеатоз) архины бус гаралтай элэг өөхлөх өвчин гэнэ. Элэг өөхлөх нь бүлэг өвчин бөгөөд эхний шатандаа элэгний энгийн стеатоз хэлбэрээр илэрч, хүндэрсэн дараагийн шатандаа эдийн үрэвсэл, элэгний эсийн хөөлт, фиброз бүхий архины бус гаралтай стеатогепатит (Non alcoholic steatohepatitis- NASH) гэх өвчнүүдээс бүрддэг [1].
Ерөнхий
[засварлах | кодоор засварлах]Элэг нь липидийн метаболизмд чухал эрхтэн бөгөөд нарийн гэдэснээс шимэгдсэн өөх, тосны гаралтай бодисуудыг үүдэн венийн судасны системээр хүлээн авч, боловсруулж, хадгалаж дараагийн эрхтэнд хүргүүлэх нарийн тэнцвэрт үүргийг биелүүлдэг. Организмд энэ метаболизмын тэнцвэр алдагдах үеийн нэг илэрэл нь элэгний эс доторх липидын төрөл болох триглицеридын хуримтлал юм. Тэнцвэр алдагдах шалтгаан нь олон байж болох боловч өөх, тосны хангалтын илүүдэл эсхүл задлан боловсруулалтын дутагдал гэсэн үндсэн 2 хэсэгт шалтгаануудыг хувааж болно.
Согтууруулах ундаа удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх, судсаар тэжээл авах, зарим төрлийн эм хэрэглэх, өөхөн хүчлийн исэлдэлтийн ферментүүдийн төрөлхийн дутагдал гэх мэт тохиолдолуудад элэг өөхлөх боловч дийлэнх тохиолдолд өөх тос хэтрүүлэн хэрэглэж, таргаласантай холбоотойгоор элэг өөхөлдөг. Таргалалттай холбоотой элэг өөхлөлтийн үед мөн инсулины мэдрэгшил алдагдах, өлөн үеийн цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэх, дислипидеми, даралт нэмэгдэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг учир зарим мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар элэг өөхлөл нь метаболизмын синдромын элэгний илрэл юм. Метаболизмын синдром нь өнөөгийн нийгэм дэхь тэжээлийн хэрэгцээ, биеийн хөдөлгөөний хоорондох тэнцвэр алдагдсантай холбоотойгоор үүсдэг өөрчлөлт бөгөөд жингийн илүүдэл, таргалалтын хамт дэлхийд тархац өндөртэй байна.
Патомеханизм
[засварлах | кодоор засварлах]Триглицеридын ердийн задрал нь гол төлөв митохондрид β исэлдэлтээр явагдах боловч пероксисомын болон эндосомын исэлдэлтүүд задралын явцад мөн бага хэмжээгээр оролцдог. Митохондрын исэлдэлтийн явцад чөлөөт өөхөн хүчлийн исэлдэлт нь жирийн тохиолдолд ч дутуу исэлдсэн хүчилтөрөгчийн чөлөөт язгуурууд /ХЧЯ/ үүсэгдэг боловч эдгээр эмгэг молекулуудыг организмын өөрийн антиоксидантууд саармагжуулдаг. Триглицеридын хэмжээ хэвийнхээс хэтэрсэн үед энэ саармагжуулалтын тэнцвэр алдагдаж ХЧЯ олширох аюултай. ХЧЯ нь сул электрон бүхий хүчилтөрөгчийн молекулаар дамжуулан ДНХ, ханаагүй өөхөн хүчлүүд гэх мэт чухал макромолекулудыг гэмтээдэг. Өөхөн хүчлүүд ийнхүү дутуу исэлдэх явцыг пероксидаци гэх бөгөөд тэдгээр чухал молекулуудыг гэмтээж үүргийг нь алдагдуулна. Энэ нь эсийн гэмтэл, үхэл, эдийн түвшинд үрэвсэл, лейкоцитын инфильтрац, фиброзын явцыг эхлүүлж архины бус гаралтай стеатогепатит болон хүндэрнэ. Энэ явц он удаан явагдах бөгөөд үрэвслийн явцаас шалтгаалж элэгний хатуурал, элэгний жинхэнэ эсийн хавдар зэрэг өвчнүүд үүсэх магадлал нэмэгддэг байна.
Өөр (элэгний вирусын халдваргүй, согтууруулах ундаа хэтрүүлдэггүй зэрэг) шалтгаангүй элэгний хатуурлын тохиолдолд элэг өөхөлсөн байх магадлалтай байдаг нь стеатогепатитын хор хөнөөлтэйг батална. Гэсэн хэдий ч стеатоз болгон стеатогепатит болон хүндэрдэггүй. 20 жилийн туршид өөхөлсөн элэгтэй өвчтөнгүүдийг хянанахад эдгээр хүмүүс дунд цирроз оношлогдох магадлал 5%, элэгний хавдар оношлогдох магадлал 0,5% байсан байна [2]. Элэгний өвчнүүдийн оношлогдох магадлал бага байгаа харагдах боловч эдгээр хүмүүсийн нас баралт эрүүл хүмүүсийнхээс үнэн магадлалтайгаар өндөр байгаа нь метаболизмын синдромын бусад илрэлүүдтэй холбоотой байж болох юм. Үүнээс гадна, уг өвчний өндөр ерөнхий тархалттай хамт авч үзэхэд, өөхөлсөн элэг нь элэгний эмгэгийн нэг томоохон шалтгаан болж байна гэж үзэж болох талтай.
Эдгээрээс хархад өөхөлсөн элэгийг үрэвсэлд хүргэж байгаа хүчин зүйл нь таргалалтаас тусдаа байгаа бөгөөд элэг өөхлөлт нь зөвхөн эмгэгийн суурийг бүрдүүлж өгч байна. Үүнийг “дараалсан эмгэгийн” онол нэрэн доор Дей нар дэвшүүлсэн билээ [3]. Тэдний үзэж байгаагаар өөхөлсөн элэгний суурин дээр зарим төрлийн эм хэрэглэх /амиодарон, аспирин, интерферон, валпоат/, согтууруулах ундаа хэрэглэх, генетикийн хүчин зүйлүүд /β исэлдэлтийн энзимуудын бага итэвхжил, цитохром Р 450 2Е1 энзимын харьцангуй өндөр итэвхжил гэх мэт/, хүнс тэжээлийн онцлог /антиоксидант багатай хүнс хэрэглэх гэх мэт/ зэрэг нь өвчин хүндрэх шалтгааныг бүрдүүлдэг байна. Нэгэнт үрэвсэлд орсон элэг нь ямар магадлалаар элэгний хатуурал, хавдар болон хүндэрдэлийг доорх шалтгааны улмаас нарийн тогтооход мөн хүндрэлтэй байна.
Эмгэг өөрчлөлт, оношилгоо, тархалт
[засварлах | кодоор засварлах]Элэг өөхлөлт нь туршлагаас хархад элэгний хамгийн өргөн тохиолддог эмгэг боловч тархац нь ч нарийн тогтоогдоогүй байна. Үүний нэг шалтгаан нь ихэнх тохиолдолд энэ өвчиний эхний шатанд эмгэг өөрчлөлт эсийн ханан дотор явагдаж энгийн лабораторийн шинжилгээгээр нарийн оношлогдох магадлал бага байдагтай холбоотой. Эмнэлгийн практикт оношлогдож байгаа өөхөлсөн элэг нь гол төлөв жингийн илүүдэлтэй боловч бусдаар эрүүл хүмүүст хэт авиан үзлэгээр илэрдэг. Өвчин даамжирсан тохиолдолд ядрах, хэвлийн баруун дээд хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг мэдрэгдэж болно. Эхо сонографийн аргаар үзхэд өөхөлсөн элэг нь эрүүл элэгтэй харьцуулахад илүү нягт болсон байдаг учир дүрс нь цайвар болж харагддаг. Өөхөлсөн элэг оношлогдсон тохиолдолд элэгний энзимуудын шинжилгээ мөн өндөр гарах магадлал бий. Өөр өвчний шалтгаан байхгүй тохиолдолд энэ нь энгийн өөхөлсөн элэг нь өөхөлсөн элэгний үрэвсэл хэлбэрт шилжиж, хүндэрсэн болхыг харуулна.
- Indented line
-
Тосон улаан О будаг. Х40. Өөхөлсөн элэгний эс болгонд олон төрлийн хэмжээтэй липидын дуслууд ажиглагдана.
-
Эрүүл элэг мөн будагаар. Х 10. Бага хэмжээний тосон улаан о будаг эрхтэний гаднах өөхөн эдэд шингэсэн байна.
-
Гемотоксилин Эозин будаг. Х20. Өөхөлсөн элэгний эсийн доторх липидын дусал томорч эсүүд хөөсөн байна.
- Indented line
Гэсэн хэдий ч хэт авиа, компютер томографи зэрэг дүрс оношилгооны аргууд нь их хэмжээний элэгний өөхлөлтийн үед л магадлал өндөртэйгээр илрүүлж чаддаг байна [4]. Үүнээс гадна дүрс оношилгооны аргууд нь стеатоз, үрэвсэл хоерын ялгах мэдээлэл өгөхгүй.
Элэгний эдийн шинжилгээ (биопси) нь эмчилгээ, тавиланд шаардлагатай эдийн өөрчлөлтийн талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй өгөх боловч шинжилгээний эрсдэлээс шалтгаалж өргөн хэрэглэх боломж алга байна. Эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглагддаг цөмийн соронзон спектроскопийн аргаар судалхад хүний гарал үүсэл, хүйснээс хамааран дундажаар эрүүл элэгний 2,8- 4,8% нь триглицерид байдаг байна [5]. Зарим судалгааны тооцоогоор АНУ-ын хүн амын 30%, Скандинавын улсуудын хүн амын 24,8%, БНХАУ-ын 28,6% нь элэг нь өөхөлсөн гэсэн тооцоо байна.
Эмчилгээ
[засварлах | кодоор засварлах]Элэг өөхлөлт нь эдгэрдэг өөрчлөлт бөгөөд үүсгэж байгаа хүчин зүйлийг арилгахад липидын дуслууд алга болдог байна. Эмийн аргаар хүний биед өөх тосны хэмжээг бууруулах судалгаа үргэлжилсээр байгаа боловч одоогийн байдлаар аюулгүй, үр дүнтэй эм өргөн хэрэглээнд гараагүй байна. Дийлэнх элэг өөхлөлт нь хооллолт, тэжээлийн хэрэгцээний тэнцвэр алдагдсантай холбоотой байдаг учир зан үйлийн арга хэмжээгээр аажим турах нь зохимжтой болохыг туршлага харуулж байна. Үүнээс гадна, А Е төрлийн витаминууд нь антиоксидант чанараараа организмын ХЧЯ-аас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг эмпирик баримтаар практикт өргөн хэрэглэгддэг байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Wanless IR, Lentz JS. Fatty liver hepatitis (steatohepatitis) and obesity: an autopsy study with analysis of risk factors. Hepatology (Baltimore, Md). 1990; 12: 1106-10
- ↑ Adams LA, Lymp JF, St. Sauver J, et al. The Natural History of Nonalcoholic Fatty Liver Disease: A Population-Based Cohort Study. Gastroenterology. 2005; 129: 113-21
- ↑ Day CP, James OFW. Steatohepatitis: A tale of two "hits"? Gastroenterology. 1998; 114: 842-5
- ↑ Saadeh S, Younossi ZM, Remer EM, et al. The utility of radiological imaging in nonalcoholic fatty liver disease. Gastroenterology. 2002; 123: 745-50
- ↑ Browning JD, Szczepaniak LS, Dobbins R, et al. Prevalence of hepatic steatosis in an urban population in the United States: Impact of ethnicity. Hepatology. 2004; 40: 1387-95