Аян замын тэмдэглэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Аян замын тэмдэглэл Аян замын тэмдэглэл (Путевые заметки. Travel notes). Зохиогч гадаад улс орон, эх орны өнцөг булнаар аялж явах, томилтоор ажиллах явцад ажиглагдсан шинэ сонин зүйл, тэдгээр орны хөгжил цэцэглэлт, ард түмний аж байдал, зан заншил, нийгмийн байгууллын онцлог, байгалийн өвөрмөц үзэгдэл, үйл явдал зэргийг уншигчдад сонирхуулах, танин мэдүүлэх зорилгоор бичигдсэн тэмдэглэлийн дотоод хэлбэр мөн. Аян замын тэмдэглэл сэтгүүл зүйн хамгийн эртний бичлэгийн төрлийн нэг юм. ХIII зууны үед Оросын худалдаачин Афанасий Никитин Энэтхэг орны тухай “Гурван далайн цаана аялсан нь”, Хятадын цэргийн офицер Жао Ху “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл” зэрэг аян замын тэмдэглэл бичснийг сэтгүүл зүй судлаачид хамгийн анхны тэмдэглэл гэж үздэг. Мөн XYIII-XIX зуунд амьдарч байсан их соён гэгээрүүлэгч Чойжиданзан буюу дөрөвдүгээр Жамбал Чойжиданзанпэрэнлэй Жагар орны тухай “Өмнөх замбуу тивийн байр байцыг дэлгэр номлосон тодорхой толь” хэмээх сонирхолтой аян замын цуврал тэмдэглэл бичиж байжээ. Францын их зохиолч Ги де Мопассан Алжир орны тухай цуврал тэмдэглэлээрээ алдаршсан бол Оросын Глеб Успенский аян замын тэмдэглэлийг дагнан бичиж сонгодог зохиолчдын эгнээнд хүрсэн түүхтэй юм. Манай сэтгүүл зүйд 1930-аад оны үеэс аян замын тэмдэглэл идэвхтэй нэвтэрч, зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нарын тухайн үед бичсэн аян замын тэмдэглэл нь одоо ч үнэ цэнэтэй, ач холбогдолтой бүтээл хэвээр байна. Б.Ренчингийн “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх дан аян замын тэмдэглэлээс бүрдсэн хоёр ном нь манай сэтгүүл зүйд аян замын тэмдэглэл хөгжиж, төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 1960-аад оны үед аян замын тэмдэглэл сэтгүүл зүйн нийтлэл-уран сайхны бичлэгийн бие даасан томоохон зүйл болж төлөвшсөн бөгөөд энэ бичлэгийн төрлийг дагнан бичдэг зохиолч, сэтгүүлчдийн тоо ч нэмэгджээ. Тэдний дотор ахмад сэтгүүлч, доктор Г.Дэлэг, эрдэмтэн зохиолч, нэрт сэтгүүлч Л.Түдэв нарын бүтээлүүд онцгой байр эзэлдэг. Г.Дэлэгийн “Хал үзсэн буурал хот”, “Лаост хийсэн тэмдэглэл”, “Номин цэнхэр эрэг”, Л.Түдэвийн “Дээр хөх тэнгэр, доор бор дэлхий” (1985), “Замбуулангийн наран дор” (1983) номонд орсон олон тэмдэглэл нь аян замын тэмдэглэл бичих шилдэг жишээ болсон бүтээлүүд юм. Сүүлийн үед манай сэтгүүлч, зохиолчид аян замын тэмдэглэлийн бие даасан ном гаргах явдал мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тэдний дотор Т.Баасансүрэнгийн “Хүн хөшөөний дууль” (1994), “Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө” (1990), Ч.Галсангийн “Алаг хорвоогийн гэрэл сүүдэр” (1992) зэрэг бүтээл бичлэгийн ур чадвар, танин мэдэхүйн ач холбогдлыг хувьд чамбай бүтээл болсон юм. 1990-ээд оноос хойш манай орон нээлттэй гадаад бодлого явуулах болж, чөлөөт сэтгүүл зүйн эх суурь тавигдсантай холбоотой аян замын тэмдэглэл эрчимтэй хөгжиж, сэдвийн хүрээ өргөжих, бичлэгийн ур чадварт ахиц өөрчлөлт гарах хандлага ажиглагдаж байна. Аян замын тэмдэглэл нь зохиогчоос өргөн дэлгэр мэдлэг, ажигч гярхай чанар, багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг, тусгах зүйлийн цар хүрээ ихтэй, мэдээллийн багтаамж сайтай, танин мэдэхүйн ач холбогдолтой, сонирхолтой бичлэгийн төрөл мөн. Аян замын тэмдэглэлд зохиогчийн ажиглалт, мэдрэмж, сэтгэлгээний цар хүрээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бичлэгийн төрөл нь зохиомжийн хувьд чөлөөтэй, хэмжээний хувьд харьцангуй том, нийтлэл-уран сайхны бичлэгийн өнгө аясыг хосолсон, зохиогчийн хувийн сэтгэгдэл, тайлбар, уянгын халил, үнэлэлт дүгнэлт чөлөөтэй орсон, тухайн сэдвийг гүнзгийрүүлэн баяжуулах, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхийн тулд янз бүрийн нэмэлт мэдээллийг өргөн ашигласан байдаг. Аян замын тэмдэглэлийг гадаад сэдэвт, дотоод сэдэвт гэж ангилж болно. Дотоодын сэдвээр бичигдсэн аян замын тэмдэглэлийн сонгодог жишээ бол Б.Ринченгийн “Улаанбаатараас Цэцэрлэг хүртэл” (1935) юм. Харин Л.Түдэвийн Америкийн тухай “Нью-Йорк урт чацтай хот” (1987), Солонгосын тухай “Барын таван тамир” (1992) бүтээл нь гадаад сэдвээр бичигдсэн аян замын тэмдэглэлийн шилдэг жишээ мөн.