Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод орших, боловсролын байгууллага юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анхны институт[засварлах | кодоор засварлах]

Багш нарын улс төр, үзэл суртал, сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургууль, багш нарын тэргүүн туршлагыг судлан нэвтрүүлэх асуудал тулгамдаж байсныг харгалзан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10-р тогтоолыг үндэслэн Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт ийнхүү 1956 оны 4 дүгээр сарын 15-аас үйл ажиллагаагаа эхэлж, анхны захирлаар Ц.Төртогтох, хичээлийн эрхлэгчээр Б.Алтангэрэл нар томилогдсон байдаг. 1957-1961 онд Ц.Шаравнямбуу захирлаар ажиллаж, тус институт 30 гаруй ажилтантай болсны дотор н.Лэгжиймаа, н.Эрдэмбилэг, Д.Базар, Л.Түдэв, Э.Раднаа, Ц.Өлзийхутаг, Л.Мижиддорж, Н.Элбэг зэрэг туршлагатай багш нараас гадна н.Гомбожав, Д.Цэрэндагва зэрэг авьяаслаг залуу багш нар ч арга зүйчээр ажиллаж байжээ. Тус институт төв, орон нутагт дутагдалтай байсан хөдөлмөрийн багш бэлтгэх курс зохион байгуулахаас ажлаа эхэлж, улмаар биологи, газар зүй, химийн олон багшийг курсээр бэлтгэсэн байдаг. Түүнчлэн, орон нутагт очиж, сургууль багш нарт биечлэн зөвлөн туслах, аймгуудад сургалт, семинар зохион байгуулах, хичээлийн программ, сурах бичиг бэлтгэх, зөвлөмж материал орчуулах, хэвлэх, үзүүлэн таниулах бэлтгэх зэрэг олон арга хэлбэрээр мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. Анхны мэргэжил дээшлүүлэх институт хэл бичиг-уран зохиол, тоо, хими, бага ангийн гэсэн дөрвөн кабинет, номын сан, санхүү-аж ахуйгаас гадна үзүүлэн таниулах материал үйлдвэрлэх тусгай кабинеттэй байжээ. 1961 онд МАХН-ын XIV их хурлаас сургууль, амьдралын холбоог бэхжүүлэх талаар гаргасан түүхэн шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийг амьдрал, үйлдвэрлэлд ойртуулах чиглэлээр сургалтын агуулгыг сайжруулах эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх шинэ зорилт бий болсон. Үүнтэй холбогдуулан 1962 онд гарсан “Сургууль, амьдралын холбоог бэхжуулж, ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол гарч, тус институтийг 1963 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн (СХУХ) болгон өргөжүүлсэн бөгөөд тус хүрээлэнгийн бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухааны секторууд нь багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг тус тусын чиглэлээр хариуцан гүйцэтгэж байв. БМДИ-ийг СХУХ болгон өргөтгөх ажилд 1961-1969 онд захирлаар ажиллаж байсан Д.Гомбосүрэн, орлогч захирал Л.Шагдарсүрэн нар чухал үүрэг гүйцэтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1969 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Багш нарын мэргэжил дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” 176 дугаар тогтоол гаргаснаар СХУХ-д багш нарын мэргэжил дээшлүүлэх салбартай болсон

Удаах институт[засварлах | кодоор засварлах]

1982 онд хуралдсан АИХ-ын чуулганы шийдвэрийг үндэслэн 1983 онд АБЯ-ны сайдын 83 тоот тушаал гарснаар Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт дахин байгуулагдаж, тус оны 11 дүгээр сарын 01-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ удаад институтийн захирлаар дэд эрдэмтэн Ш.Шагдар, хичээлийн эрхлэгчээр С.Батхуяг, нягтлан бодогчоор Г.Болдмаа нар томилогдсон байдаг. Энэ үеэс багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжил дээшлүүлэх бүх төрлийн курс, семинарын сургалтын төлөвлөгөө, программыг шинэчлэн боловсруулж, лаборатори дадлагын хичээлийн цагийг нэмэгдүүлэх замаар курс семинарын хичээлийг сургууль, цэцэрлэгийн ажилд шууд холбоотой, практик ач холбогдолтой болгох арга хэмжээ авчээ. БМДИ нь 1983-1991 онд жилд дунджаар 700-800 багшийг 5, 10, 15, 20, 25 дахь жилийн төвлөрсөн сургалтад хамруулж, 2-3 аймгийн бүх сургууль, цэцэрлэгт очиж, багш нарт ажлын байранд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгдөг байсан. БМДИ нь 1983-1991 нийтдээ 6000 багшийг төвлөрсөн сургалтад хамруулж, 200 шахам сургууль, цэцэрлэгт очиж, 8000 орчим багшид ажлын байранд нь очиж мэргэжлийн зөвлөгөө өгч, 100 гаруй тогооч, 200 номын санч, хими, физикийн хичээлийн 100 гаруй лаборант бэлтгэх сургалт зохион байгуулснаас гадна, заах аргын 50 гаруй төрлийн зөвлөмж хэвлүүлж, нийтийн хүртээл болгож, сургуулийн удирдах ажилтны дээд курсэд нийт 1800 орчим хүнийг сургаж төгсгөсөн баримт байдаг. 1987 онд тус институт нэг ээлжиндээ 600 орчим багш хичээллэх 18 кабинет бүхий өрөө тасалгаа, номын сан, уншлагын танхим, цайны газар, бусад туслах өрөө бүхий дөрвөн давхар хичээлийн байртай болсон. 1990 онд Засгийн газрын 154 тоот тогтоолыг үндэслэн Боловсролын сайдын 151 тоот тушаалаар тус институт татан буугдаж, 1991 оны 4-р сараас УБДС-ийн харьяанд “Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт” нэрээр ажиллах болж, захирлаар Б.Жадамба, дэд захирлаар Д.Нэргүй нар томилогдон ажилласан. Улмаар 1993-1995 онд Сургалтын агуулга, арга зүйн институт (ШУБ-ын сайдын 70 тоот тушаал, УБДС-ийн ректорын 76 тоот тушаалаар) 1997-2002 онд Боловсролын хөгжлийн сургууль (Гэгээрлийн сайдын 1997 оны 168 тоот тушаал, УБИС-ийн ректорын 212 тоот тушаал) нэрээр УБИС-ин харьяанд багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Гуравдахь институт[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 180 тоот тогтоолын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институт гуравдахь удаагаа дахин бие даасан институт болж байгуулагдан үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Энэ тогтоолоор батлагдсан “БМДИ-ийн дүрэм”-д “... багш, боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг боловсролын хөгжлийн бодлого болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн мэдээлэл технологид суурилж, олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх явдал юм.” гэж тус байгууллагын зорилгыг тодорхойлжээ.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]