Балт зөгий

Балт зөгий нь цэцгийн шүүсээр бал боловсруулдаг нисдэг шавж юм.

Балт зөгий
Osmia ribifloris
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Үет хөлтөн
Анги: Шавж
Баг: Hymenoptera
Дэд баг: Apocrita
Дээд овог: Apoidea
Families

Andrenidae
Apidae
Colletidae
Dasypodaidae
Halictidae
Megachilidae
Meganomiidae
Melittidae
Stenotritidae

Ижил утгатай нэршил

Apiformeres


Балт зөгийн амьдралын зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Хүн төрөлхтөн эрт цагаас зөгийг (балт зөгий) гэрийн амьтан болгож ашигласаар иржээ. Балт зөгий ургамлын тоос, лав, эрдэс давсыг нааж цавуудан үүр барьж өндөглөн ураг төрлөө дагаж олон зуугаар сүрэглэн, хэсэг бүлээр амьдардаг. Бүл бүхэн эрэгчин, эмэгчин, ажилчин гэсэн гурван янзын зөгийгөөс бүрдэх бөгөөд тус тусдаа ажил үүргийн нарийн хуваарьтай байна.

Хатанз зөгийн авгалдай

Нэг бүлд ганцхан байдаг (гэхдээ хөгшин залуу 2 хатанз байх нь бий) хатан зөгий (эх зөгий) нь бусдаас хэвлий арай бүдүүн гонзгор, далавч богинохон, хорт булчирхайгүй бөгөөд өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил, нийтдээ 3-5 жил насална. Хатанз үүрээс 3-4 км алсад гаран хэд хэдэн азарганз зөгийтэй эвсэлдэнэ. II сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргана. Энэ үед түүнийг 18-20 ажилчин зөгий байнга сүүнцрээр тэжээдэг байна. Өндөгнөөс авгалдай, хүүхэлдэйн үе шатыг дамжсаар 16 хоноод залуу эх, 21 хоноод ажилчин, 24 хоноод азарганз (эр зөгий) гарна.

Бэлгийн бойжилт дутуу хөгжилтэй, эр зөгийтэй эвсэлдэх, үр төл гаргах чадвараа алдсан байдаг залуу ажилчин зөгий 8-10 сар амьдрахдаа сархиаг барих, авгалдай хүүхэлдэй тэжээхийн зэрэгцээ үүрийн доторх агаарын чийг дулаан хүйтнийг тогтмол байлгах, лав ялгаруулах, цуглуулах, гаднаас авч ирсэн балыг эврээж өтгөрүүлэх, бүлээ хамгаалах зэрэг бүх ажлыг гүйцэтгэнэ. Ажилчин зөгий хорт булчирхайтай, хэвлийн эцэст хурц хатгууртай учир хүн амьтны арьс хөрсийг нэвт хатгах аюултай. Хатгахдаа хатгуураа алдах бөгөөд хатгуургүй болмогцоо зөгий үхдэг байна. Нас бие гүйцсэн ажилчин зөгий балт, тоост ургамлыг хайж олох, олсон цэцгээсээ амтат шүүс, тоос хураан авчрах зэрэг ажил хийнэ. Амтат шүүс ялгаруулах ажилд ид буюу 18-20 хоногтойдоо дайчлагдана.

Азарганз зөгийн авгалдайн хөгжлийн шат

Азарган зөгий (эр зөгий) нь бадируун бие, нийлмэл том нүд, бүдүүн толгойтой, хатгуур болон хорт булчирхайгүй, 2-3 сарын настай бөгөөд хатан зөгийд нэг л удаа удмаа үлдээдэг. Намартаа бүлийн тэжээл ховордож эхлэхэд түүнийг ажилчин зөгийнүүд үүрээсээ хөөн зайлуулна.

Балт зөгийн ашиг шим[засварлах | кодоор засварлах]

Зөгий бол бал, лав, жилий, сүүнцэр, хор, тоосормог зэрэг хүний хоол хүнс, эмчилгээ сувилгаа, тэрчлэн үйлдвэр, хөдөө аж ахуй, сансрын техникт ч ач холбогдолтой бүтээгдэхүүн өгдөг ашигтай шавж юм.

Зөгийн бал[засварлах | кодоор засварлах]

Зөгийн бал олон жил чанараа алддаггүй, хөгцөрч мууддаггүй гайхалтай ариутгагч шинж чанартай. Баланд 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, A, B, C витамин, янз бүрийн хорт бичил махбодыг устгагч зэрэг нийтдээ 100 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг байна. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн байдлыг сайжруулах, тайвшруулах болох ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэрэг өвчин анагаахад ашигладаг.

Ажилчин зөгийн лав[засварлах | кодоор засварлах]

Үүр сархиагаа гаднын нөлөөнөөс хамгаалах, бэхжүүлэх зорилгоор зөвхөн ажилчин зөгий цагаан шаргал ялтаслаг лав ялгаруулдаг. 80 хувийн нүүрстөрөгч, 13 хувийн устөрөгч, 7 хувийн хүчилтөрөгчөөс тогтдог энэ лавыг радио техник, цахилгаан, хими, нисэх онгоц, усан онгоц, төмөрлөг, нэхмэл, мебелийн үйлдвэрт цахилгаан тусгаарлагч, ус үл нэвтрүүлэгч зэрэгт ашигладаг. Бас янз бүрийн эм болон гоо сайхан үнэртэн тос будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ.

Ажилчин зөгийн тоосормог[засварлах | кодоор засварлах]

Балт зөгий цэцгийн тоосыг цуглуулж хойд хөлийнхөө сагсанд хийн үүрэндээ авчирч, балтай хольж нухаш болгон хадгалдаг. Үүнийг тоосормог гэдэг. Түүнд хүний цусны даралтыг багасгаж ходоод гэдэсний ажиллагааг хэвийн болгож хоолонд дуршилтай, ажиллах хүч чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй бодис бий.

Ажилчин зөгийн жилий[засварлах | кодоор засварлах]

Зөгий нь ургамлаас тоос төдийгүй түүний гадуурх шил мэт гялгар тослог бодисыг цуглуулж авчраад, үүр сархиагийнхаа нүх сүвийг бөглөх чигжээс болгон ашигладаг. Угтаа жилий гэдэг бол харгай модноос гарах нэгэн зүйл давирхай, байдал цавуу мэт наалдамтгай, өнгө улбар шаравтар. Зөгийн тэрхүү хар ногоон, хүрэн, хардуу өнгийн наалданги давирхайлаг бодисыг жилий (зөгийн цавуу) гэдэг байна. Жилийд 50-55%, ургамлын давирхай 8-10%, эфирийн тос 30 орчим хувийн лав байхаас гадна төмөр, зэс, марганец, цайр мэтийн бичил махбод бий. Анагаах ухаанд ашиглаж байгаа зарим антибиотикоос хэд дахин илүү хүчтэй эмчилгээний чанартай фитонцид гэдэг бодисыг жилийгээс гарган авсан аж. Жилийг бас загатнуур, юлд, хөлдөнгө, бэртэнг эмчлэхэд хэрэглэдэг байна.

Ажилчин зөгийн сүүнцэр[засварлах | кодоор засварлах]

Залуу зөгийн хоолойн булчирхай болон зажлуурын хэсгээс ялгаран гардаг цайвар шар өнгөтэй өтгөрсөн уураг маягийн зүйлийг сүүнцэр гэдэг. Түүгээр тэжээсэн хатанз 6 жил хүртэл насалж, өдөрт жингээсээ илүү (1000 гаруй тооны) өндөг гаргадаг байна. Уураг, өөх, амин хүчил, төрөл бүрийн аминдэм агуулсан байдаг учир мөн сүүнцрийг эмчилгээнд хэрэглэнэ.

Ажилчин зөгийн хор[засварлах | кодоор засварлах]

Зөгий өөрсдийгөө болон үүрээ хамгаалахын тулд хавьтсан, ойртсон хүн амьтныг хатгаж хордуулна. Түүний хорд нуклеин, шоргоолжны, давсны хүчлээс гадна, магни, зэс мэтийн махбод, бодис агуулагдсан байдаг. Зөгийн хорыг ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан бөгөөд орчин үед уушгины багтраа, үе мөч, бамбай булчирхайн өвчин зэргийг эмчилнэ.

Зөгийн нисэх хурд[засварлах | кодоор засварлах]

Зөгий 24-40км/ц хурдлан нисэхдээ далавчаа секундэд 200-250 удаа дэвдэг. Гэхдээ их өндөрт нисэхгүй. Амтат шүүс, цэцгийн тос цуглуулах үедээ 27.5 м/сек-ийн хурдтай ниснэ.

Зөгийн аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Бүл

Хэдийгээр XIII зууны үед Хархорины таван тансаг идээний модны нэг амнаас зөгийн бал бүхий ундаа гарч байсан гэх домог яриа Монголын зөгийчдийн дунд байдаг ч, одоогоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумд тэжээж байгаа зөгийнүүд нь, 1959 оноос Шаамарын жимс ногооны эрдэм шинжилгээний туршлагын төвд одоогийн Буриадаас анх 20 бүл, Кавказаас 30 хээлтэй зөгий авчирч нутагшуулснаар зөгийн аж ахуйн эх суурь тавигджээ. Социализмын үед хангай, говь, тал хээрийн 20 гаруй газар, 2000 гаруй бүл зөгийтэй болсон бөгөөд түүнээс жилдээ 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10-18 т бал хураан авч, үржүүлж байсан байна. удамшсан 1000 гаруй бүл ажээ.

Монгол орон балт ургамлаар баялаг—5-7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй, түүнээс зөвхөн ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадаг байна.

Зөгий тэжээх[засварлах | кодоор засварлах]

Зөгийг жилийн дөрвөн улиралд тэжээл, усалгааг тохируулан арчлан малладаг. Хавартаа голын хөндийн бургас, яргуй, өрөл, монс, үхрийн нүд, улаалзгана зэрэг ургамалтай газраар, зундаа шимтэглээ, маалинга, хүцэнгэ, хошоонгор, гүзээлзгэнэ, төмөрдэй, гүүн хөх, туйпланцар зэрэг балт ургамал элбэгтэй нуга хөндий, ойн цоорхой газраар, намартаа үлд өвс, башир, бэр цэцэг зэрэг ургамалтай хээр талд оторлох нь тохиромжтой байдаг. Зөгийг 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны орчмоор гаргана.