Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бослого, мөргөлдөөн
Хамаарах дайн: Зэвсэгт бослого
Огноо 1932 оны 4 сарын 11 - 10 сар
Байрлал Монгол улс, Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай Говь-Алтай, Баянхонгор аймаг
Үр дагавар Зэвсэгт бослогыг хүч хэрэглэн дарсан ба толгойлогч нарыг нь шийтгэсэн.
Байлдагч талууд
Flag of the People's Republic of Mongolia (1924-1940).svg БНМАУ-ын төр, засгийн газар,Монголын Ардын арми болон Дотоодын хамгаалах газарын цэргийн ангиуд
Flag of the Soviet Union (1923-1955).svg ЗХУ-ын цэргийн ангиуд, нисэх отряд, хуягт танкийн хэсэг
Эд хөрөнгөө хураалгасан зэвсэглэсэн чинээлэг ардын аж ахуйтнууд, лам нар, Хэргэм зэрэг, эрх ямбаа хасуулсан хошуу засаг ноёд-тайж нар, нам, эвлэлийн гишүүд[1] асан Мөн эрүүгийн оргож, боссон ялтнууд
Удирдагчид
Flag of the People's Republic of Mongolia (1924-1940).svgЖ.Лхүмбэ[2],
Д.Өлзийбат,
Б.Намсрай,
Ж.Малж,
Ц.Гиваапил,
Сайд Г.Содном
захирал А.Содном
Flag of the Soviet Union (1923-1955).svg Судец
Ч.Самбуу дүвчин[3] ,
Ц.Жамц,
Б.Түгж[4],
Ногоон малгайт Дамдинсүрэн,
Бор гэгээн Самдан,
Б.Жамсрандорж,
Шадав
Цэргийн хүч
1300 цэрэг,
Р-1 нисэх онгоц-3,
Р-5 нисэх онгоц-10,
5 танк,
10 хуягт машин,
пулемёт[5]
13 отрядын 5000 гаруй ард, лам, тайж,[6]
Хохирол
цэрэг, энгийн ардууд зэрэг нийтдээ 1800 гаруй хүн босогчдод алагдсанаас 407 хүний зүрхийг амьдаар нь сугалж, 1200 гаруй хүнийг 30 гаруй аргаар тамалж алсан.[7]
нэг нисэх онгоцоо устгуулсан[8].
бослогод оролцсон 1500 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд тулалдаанд 500 гаруй хүн, цэргийн шүүхээр 612 хүнийг буудсан. Нийтдээ 4200 хүн алагдсан[9]

‘‘‘Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого’’’ - малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын хөрөнгө хураах болон зөвлөлтжүүлэх бодлогоыг эсэргүүцсэн монголчуудын зэвсэгт бослого юм. Зэвсэгт бослого нь тухайн үеийн БНМАУ-ын баруун талбн дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэ нь өнөөдрийн Хөвсгөл, архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Увс аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан байна.

Бослогын өмнөх байдал[засварлах | edit source]

Монголд тухайн үед явуулсан малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын талаар баримталсан алдаатай бодлогоос уламжлан нийт хүн амын дунд дургуйцал, эсэргүүцэл ихээр тархсан байна. Зарим нутагт хилийн чанадад дүрвэн гарах явдал олныг хамарсан бөгөөд бүрэн бус мэдээгээр 30 гаруй мянган хүн үүнд хамрагдсан байна[10][11]. Мөн янз бүрийн аргаар эсэргүүцэх улмаар зэвсэглэн тэмцэх, гадаад улсуудтай холбоо барих хүртэл асуудлууд гарч байжээ. Энэ үед өвөрмонголд байсан түвдийн Бачин Богд ламтай холбоо барих оролдлого гарч байсан бөгөөд зэвсэгт бослогын үеэр Банчин Богд ламтай холбоотой янз бүрийн цуурхал гарч байсан байна.[12] 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ[13]

Бослогод бэлтгэсэн нь[засварлах | edit source]

1931 оны 9-р сард Хөвсгөл аймгийн Баянголын хүрээний аграмба лам Цэрэнжав Мөрөнгийн хүрээний том лам анги Дамдин, Жалханзын хүрээний лам Самдан нар хувьсгалын эсэргүү бүлэг зохион байгуулж улмаар Асгатын хүрээний гүрэмч лам Дүвчинсамбууд эсэргүү бослого бэлтгэж гаргах үүрэг өгч 1931 оны 11-р сард нууц хурлаараа хэлэлцэн хувьсгалын эсэргүү цуурхал тараах хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, зэвсэг цуглуулах ажлыг Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажавт хариуцуулж Мөрөн, Асгат, Тэс, Бүгсүй, Бугат, Бух, Хялганатын хүрээний дээд ангийн лам нарт тус тусын хүрээн дээр эсэргүү бослого гаргах үүрэг өгсөн байна. [14][15]

Дээрх хүмүүс 1932 оны 1-р сард Самбуудүвчингээс толгойлуулсан штаб байгуулж бүрэлдэхүүнд нь Рашаантын хүрээний гавьж лам Сандандоржийг орлогчоор, Асгатын ловон лам Шагдарыг улс төр шашин шүтлэгийн ахлагчаар, Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажав, Баруун асгатын хүрээний Чойжил нарын бүрэлдэхүүнтэй байгуулж энэ хуралд Цэрэнжав, Дамдин нар биеэр байлцан эсэргүү бослогыг 1932 оны зуны дунд сарын 15-нд 300-аас доошгүй цэрэгтэйгээр эхлэхийг Дүвчин Самбууд даалгажээ. Мөн бослого гаргах хүртэл хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, цуурхал тараах, зэвсэг цуглуулах, талаар дээрх хүмүүс ажлаа хувиарлан авчээ.

Эхлэл[засварлах | edit source]

Aрд түмний эсэргүүцэл даамжирсаар байсан ба бослогын талаар мэдээлэл авсан тул 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймаг дахь Дотоодыг хамгаалах ангиас Цэрэнжав, Гунаажав нарын таван хүнийг дайчлан баривчилсан тул Асгат, Хялганатын хүрээний том лам, феодалууд нийлсэн 29 хүнтэй нууц хурлыг Самбуугийн удирдлагаар хийж бослого гаргах хугацааг наашлуулахаар тохиролцоод, дөрөвдүгээр сарын 10-нд Бандид гэгээн Хялгантын хүрээнд, 11-нд Асгатын хүрээнд, 12-нд Бухын хүрээнд, 13-нд Рашаантын хүрээнд, Цэрэндагва, Жамсрандорж, Доржпалам, Самбуу дүвчин, Шагдар, Сандагдорж, Эрэндэндэв, "чойжин" Буриад нар удирдан 100-300 хүнтэйгээр эсэргүү бослогыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Ингээд 1932 оны 4 сарын 11-д Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд 100 гаруй лам, ардууд зэвсэглэн босож сум, хамтралын төвийг дайран довтолсноор энэхүү зэвсэгт бослого эхэлсэн байна. [16][17]

IX Банчин Богд ламын зураг

Бослогын явц, түүнийг дарсан нь[засварлах | edit source]

Босогчид Рашаантын хүрээг эзлэн "Очирбатын яам" нэртэйгээр бослогын төвийг "чойжин" Эрэгдэндагва, тайж Дандар, залан Жамсрандорж нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, лам, ардуудыг цэрэгт дайчлан "шар цэрэг" гэж нэрлэн аравт, тавьт, зуутын зохион байгуулалттай цэргийг зохион байгуулж эхэлсэн байна. Бослого маш хурдан тархаж олон тооны сум, хамтралын төв бүхий өргөн уудам нутагт тархсан байна. Босогчид бороохой, ташуур, цахиур болон бусад олон төрлийн галт зэвсгүүдээр зэвсэглэсэн байсан бөгөөд сум, хамтралын төвүүдийг эзлэн, байшин барилга зэргийг устгаж, албан хаагч, идэвхитэн болон жирийн малчдыг хүртэл харгис аргуудаар тамлан зовоож, алж байсан. Бослогод лам, тайж нараас гадна жирийн малчид, нам, эвлэлийн гишүүд[18] тэрчилэн сум, хамтралын дарга[19], удирдах албан тушаалтан зэрэг төрийн албан хаагч[20] нар оролцсон байна. Бослого нь тухайн үеийн Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгийн нийт нутаг, Өмнөговь, Говь-Алтай аймгийн зарим хэсгийг хамарсан байна. Босогчид Хөвсгөл аймгийн төв Мөрөнг довтлон эзлэх зорилго тавьж байжээ. Рашаантын хүрээнд байсан эсэргүү бослогын төв Очирбатын яам, түүний 3000 гаруй босогчид нь Хөвсгөл аймгийн Хялгант Рашаантын (одоогийн Рашаант суманд) хүрээнд 300, Асгатын хүрээнд 200 (одоогийн Тосонцэнгэл Түнхэл суманд), Бүгсүйн хүрээнд 500 (Одоогийн Төмөрбулаг суманд) , Тэсийн хүрээнд 1000 (одоогийн Цэцэрлэг суманд) бөөгнөрч 300-аас 1000 хүртэл хүмүүсээр бүрэлдсэн цэргийн зохион байгуулалт хийж тохиолдсон хүмүүсийг хүчээр өөрийн цэрэгт дайчилж 1000 гаруй босогчдоор 7 отрядыг байгуулж зэвсэгт отрядыг нэмэн байгуулсаар бүгд 13 отряд болж, отряд бүрийг удирдах хүнд жанжин гэдэг тушаал өгч Б.Түгж, Б.Аюурзана, Т.Магнай, Т.Сумъяа, Ш.Жур, Бү.Норовсамбуу, Бадрах, Бадамжав нарын 10 хүн жанжин гэгч тушаалтай болж Магнайг гэсэрийн 32 баатарын 1, Самданг "Догшин ноён хутагт", Самбуудүвчинг ловон Бадамжунайн бүрэлбаа, Дамдинсүрэнг гэгээн гэх мэтээр нэрлэж өөрсдийгөө өргөмжилсөн байна. Олон тооны хувьсгалчид, энгийн ардуудыг барьж тамлан зовоож алах, орон нутгийн захиргаа хоршоо, хамтралуудыг дээрэмдэж авсан буюу өөрсдийн дарж цуглуулсан буу зэвсгээр шар цэрэг гэж нэрлэсэн хүмүүсээ зэвсэглэжээ. Хувьсгалын эсэргүү нарын удирдах том төв нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Бандидын гэгээний хүрээнээ төвлөрч “шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Очирбатын яам[21][22] гэж нэрлээд хувьсгалчдыг байцаан шүүхэд зориулсан банз шаахай мэт хэрэгслүүдийг тусгайлан бэлтгэсэн байлаа. Дайчилсан ардуудыг 10-т , 50-т , 100-т гэх мэтээр зохион байгуулжээ. Өөрийн шар цэргийн хүзүүнд цагаан зангиа зүүж, цэргийн анги салбарууддаа цагаан ногоон 2 өнгийн тугийг хэрэглэх журмыг тогтоож 1932 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын бага хурал, Засгийн газрын тэргүүлэгчдийн хамтарсан онц хуралдаанаар “Хөвсгөл аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослогын тухай” ДХГ-ын илтгэлийг сонсоод, Хөвсгөл аймагт гарсан эсэргүү бослогыг богино хугацаанд дарж ард түмний тайван байдлыг хангах арга хэмжээ авахаар мөн газрын тусгай хорооноос хөнгөн палемёт, винтов, гранатаар зэвсэглэсэн байлдааны тусгай отряд гаргаж 1932 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатараас илгээжээ.[23]

Отрядын ерөнхий командлагчаар ДХГ-ын орлогч дарга Гиваапил, сургагчаар тусгай хорооны сургагч Исаков, Отрядын дарга Батаа, комиссар нь Шаравдорж нар явжээ. Батын отряд дөрөвдүгээр сарын 24-нд эхлээд 700 гаруй эсэргүү нартай хүчтэй байлдаж дайсны бөөн хүчийг бутарган сарниулжээ. Дайсан эзэлсэн байгаа алдахгүйн тулд шургуу эсэргүүцсэн авч манай цэрэг Рашаантыг чөлөөлөхөд долоон удаа хүчтэй тулалдаж эсэргүү нараас бүгд 200 гаруй хүн алагдаж шархадсан ба 200 шахам хүн бууж өгчээ. Мөн бослогын төв штаб, Очирбатын яамны тамга, бичиг баримтын зүйлийг олзлон авчээ. Эсэргүү нар Рашаантыг эзэлсний дараа тэнд байсан албан байгуулагуудыг шатаан дээрэмдэж 30 гаруй идэвхтэн ажилчдыг амьдаар нь арьсыг хуулах, үсийг зулгаах, махыг огтчих зэрэг жигшүүрт харгис яргаллыг явуулсан байжээ. Батын отряд цааш дөрөвдүгээр сарын 27-нд Асгатын хүрээнд байсан Самбуу дүвчингийн 200 цэрэгтэй байлдаж гол хүчийг унагаснаар Самбуу дүвчин хэсэг цэргийн хамт зугтаажээ. Дөрөвдүгээр сарын 29-нд Бүгсүйн хүрээнд байсан дайсантай долоон цаг байлдаж, эсэргүү цэргээс 30 гаруй хүн алагдаж нэлээд хүн шархаджээ. Дайсан Бүгсүйн хүрээг алдаад Мөрөн голын урьд талд Цагаан бургас, Загзууд (одоогийн Бүрэнтогтох сумын нутагт) очиж 1000 гаруй хүний хүчийг хуралдуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг эзлэхээр зорьжээ.

Ц.Гиваапил босогчидтой байлдаж ялахын хамт тагнуулын аргаар босогчдын байдал, хүч зохион байгуулалт, удирдагчдын талаар судалгаа сайн хийж, нууцаар нэвтэрч ороод удирдагчдын хооронд хагарал гаргах, бууж өгөх, хүчинд автагдаж яваа жирийн хүмүүсийг салгаж авах талаар байлдааны ба гүйцэтгэх ажлын хосолмол нарийн арга тактикийг боловсруулан ажиллаж байлаа. Батын удирдсан отряд дээр хүч нэмж ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сарын 29-нд Нясалдаг даргатай отряд монгол тээхийн “Газ” машин долоо, ДХГ-ын “М” машин гурвыг хэрэглэж байлдааны бүрэн зэвсэгтэй гурван салаа цэрэг хотоос гарч, дөрөвдүгээр сарын 30-нд одоогийн Булган аймгийн төв, тэр үеийн дайчин вангийн хүрээнд хоноод, тавдугаар сарын 1-нд Архангай аймгийн Сайхан сумын төвд хүрч цааш явсаар Рашаантын төвд очиж Батын отрядтай нийлжээ.[24]

Нэгдсэн отряд Жалханзын хүрээнд байсан 300 шахам эсэргүү нартай долоон цаг байлдаж уг хүрээг чөлөөлжээ. Энэ байлдаанд эсэргүү нараас 100-гаад хүн алагдаж 37 хүн шархдаж, үлдсэн хэсэг нь бартаат газрыг дагаж ухарчээ. Отряд нь дайсныг мөрдөн хөөж устгахдаа 40 гаруй том толгой лам нарыг баривчлан авч байцаалт явуулсан ба тагнуулын хүчээр дайсны хүч бөөгнөрлийг мэдэж, мөн нутгийн ардууд, хүрээний ядуу лам нарт нам, засгийн бодлогыг тайлбарлан таниулж, эд хөрөнгийг орон нутгийн албан байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тавдугаар сарын 8-нд Тэсийн хүрээнд бөөгнөрч байсан 1000 гаруй хүнтэй эсэргүү бослогын хүчийг бут цохиж 200 гаруй хүнийг устгаж, удирдагч гавж лам Шагжийн хамт 60 шахам том толгой лам нарыг баривчилжээ. Босогчдын гол хүчин гэж бут цохигдсон ч зугтааж сарнисан зарим хэсэг нь Сангийн далай, Булнайн ар, Тэлмэн нуур зэрэг гурван газарт хүчээ нэгтгэн цуглуулж байжээ. Тэд нарт “Зэвсгээ хураалган бууж өгч, засгийн энэрэл өршөөл хүлээхийг олон удаа ухуулан сурталчилсан боловч босогч нар өөрийн зорилгод итгэсээр тавдугаар сарын сүүлчээр сарнин бутарсан хүчээ цуглуулж, Хөвсгөл аймгийн төвийг эзлэхээр дахин санаархан Мөрөн голыг хоёр чиглэлээр гатлахын тулд отрядтай 2-3 өдрийн турш голын хоёр талаас харилцан буудалцжээ. Энэ байлдаанд босогчид 90 гаруй хүнээ алуулж 30 гаруй хүнээ шархдуулж гучаад хүн нь амьд баригджээ.

Загзуугийн хүрээнд бөөгнөрсөн 1000 гаруй босогчид тавдугаар сарын сүүлчээр бут цохигдохдоо 200 шахам хүнээ гарздаад зугтааж, жанжин Жамц, Самбуу дүвчин нарын удирдсан үлдсэн хэсэг нь 1932 оны зургадугаар сард Домбуу хавчууд (одоогийн Шарга сумын нутаг) очоод байлдаанд шинээр бэлтгэж, Домбуу, Булнай, Бүрэнтогтох, Бүгсүй, Жалханзын хүрээний баруун ууланд цугларсан учир Мөрөн хотын талд улаан цэргийн отряд иржээ. Рашаант ба Асгатын хүрээнд анх удаа бут цохигдсон этгээдүүд Архангайн баруун хойт тал Мухар хожуул, Бухын хүрээ зэрэг газар хүчээ дахин хуралдулж байгаад отрядад бут цохигдон, Цагаан бургас, Бүгсүй, Олон голын бэлчир зэрэг газарт үүрлэн байсан Жамц, Түгж, Овоодой, Ноогон малгай Дамдинсүрэн, Жур нарын бөөгнөрсөн хүчийг бут цохих үүрэг отрядын өмнө тулгарчээ. Босогчид 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант, Асгат, Бүгсүй, Жалханз, Тэсийн хүрээдийн орчимд бут цохигдсон боловч Түгж, Норовсамбуу, Ээмэгт лам, Жав нарын удирдсан бүлгүүд нь Завхан аймгийн хойт сумд ба Хөвсгөл аймгийн баруун хойт Тэс, Баянхайрхан сумдаар дамжин Увс,Тагна, Тува улсад нэвтрэх буюу буцаж Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал хотуудыг баруун хойт талаас нь довтлоод бут цохигдон, зугтаасан ба үлдэгдэл нь Булнай, Сангийн далайд хүчээ бөөгнүүлж байхад чекист Ө.Данаа нарын хэсэг хувьсгалчид Баянхайрханд тэмцэж байгаад алагдсан ба Дамбуу хавчууд сургагч Исаков нар байлдаад амиа алджээ.

Ногоон малгайт Дамдинсүрэнгийн удирдсан шар цэрэг Шумуултайн хүрээн дээр хүчээ бөөгнүүлж 500 гаруй болоод, Завхан аймгийн Идэр, Улаагчин сумд ба аймгийн төвийг эзлэх гэсэн авч улаан цэрэгт ялагдах үедээ чекист Ц.Донров, сургагч В.Е.Колосс, С.Янсанжав нарыг тамлан алаад, Архангай аймагт Тариатад ирж, Рашаантаас Архангайн чиглэлд зугтсан Самбуу, Жамц, Аюурзана, Магнай, Сумъяа, Жур нартай нийлж үлэмж их хүчийг хуралдуулжээ. 1932 оны таваас зургадугаар сард босогчдын нарын гол хүч Архангай аймгийн Тариатад бөөгнөрчээ.1932 оны тавдугаар сард “Ногоон малгайт” Дамдинсүрэнгийн цэрэг Архангай аймгийн Тариатын хүрээн дээр төвлөрч байхдаа хуучин сайн ноён хаан аймгийн Далай Чойнхор чин ван Цэдэнсодномын хошууг “сэргээхээр” түүний хүү 16 настай Жигжидсүрэнг хошуу ноён болгон феодализмыг сэргээх гэсэн зохион байгуулалтын зарим оролдлого хийжээ. Архангай аймгийн удирдлага, Засгийн газрын бүрэн эрхт комиссын дарга Ж.Лхүмбийн шийдвэрээр өөрийн аймаг дахь нутгийн зарим албан хаагчдаар хоёр отряд байгуулж, нэгийг Хөвсгөл аймагт, нөгөөг Тариат сумыг хамгаалуулахаар явуулжээ. Архангай аймгийн намын хорооны нарийн бичийн дарга Г.Гончигдорж, дотоодыг хамгаалах ангийн дарга Намжаан нарын отряд босогч нартай хэдэн удаа тулалдсан ба тэд 1932 оны тавдугаар сарын 5-нд Тариатаас хойш Арын хүрээний орчимд эсэргүү нартай байлдаж тавдугаар сарын 9-нд Дамдинсүрэнгийн илүү давуу хүчтэй тулгараад зугтааж гарсан байна. Тэр үед Алтай аймагт гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөн бүрэн дарагдаагүй. Харин Өмнөговьд гарсан болого дарагдсан учир тэр чиглэлд засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар ажиллаад дөндөж ирээд байсан Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Г.Содномыг Архангай аймгийн Тариатын хүрээний босогчдын бүлгийг дарах ажлыг эрхлэх засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар томилон явуулжээ. Г.Содном Архангай аймагт очиж байдлыг танилцаад Аймгийн цэргийн хорооны түр цэргээс 30-40 хүнтэй нэг салаа цэрэг, аймгийн албан хаагчдаас тийм хирийн хүн авч бүгд 70-80 хүнээр яаравчлан байгуулсан отрядыг удирдан авч явжээ. Отрядын бүрэлдэхүүнд ДХГ-ын ерөнхий сургагч В.С.Кияковский, ДХГ-ын хэлтсийн дарга Цэдыпов (Норовжамц), сургагч Бадамын буюу Балдан, Архагай аймаг дахь ДХ ангийн ажилд туслахаар очсон С.Галиндэв, төлөөлөгч Л.Аюушжав, сургуулийн багш Д.Даш, мөн Самбуу (бүдүүн) хүний эмч Немой зэрэг хүмүүс оролцсон байна. Дамдинсүрэнгийн бүлэг Завхан аймгийн төв Улиастайг эзлэхээр Батчулуун Жанжны цэргийг сонгож Идэр сум руу илгээсэн байна. Тэнд улаан цэргийн отряд Улиастайгаас тосон ирж байлдаад тэднийг ялж Батчулуун алагдсан учир Завханыг орхиж, Архангайн төвийг эзлэхээр уналга, байр, хүнс бэлтгүүлэхээр Тариатаас хоёр өртөө хол (50-60 км) зайтай Гичгэнэ гэдэг газарт 30 хүнийг урьдчилан явуулэжээ. Тэд замдаа Содномын отрядын агтыг дээрэмджээ. Босогчид Содномын отрядтай байлдахын урьд үдэш хоёр дахин их “сор” залж буу тавьж бэлтгэсэн байна. Тэгээд 5-р сарын 13-ны өглөө Содномын отрядтай байлдахдаа нэг шар, хоёр цагаан тугтай, цэргүүд нь зүүн мөрөндөө цагаан даавуу тэмдэг уяж бас “Зая Бандид” гэсэн төвд ном хадагт боож зүүсэн зангиатай байж, бүх цэргийг морьтой хүн командлаж байлдаанд оруулсан ба хойноос нь лам нар орохоор хүлээн зогссон байжээ. Содномын отряд 5 сарын 13-ны өглөөний 05 цагт Тариат руу давшиж 1000 гаруй босогч нартай гурван цаг хагас хиртэй буудалцаад бут цохигдсон байна. Босогчид хэд дахин дайрахад нь хориглож тогтоосон боловч сум дуусч, пулемёт гацсан, 18 орчим цэрэг байлдааны дундуур урвасан учир отряд дийлдсэн байна. Босогчид 100-аад хүн алагдаж 100-аад хүн шархадсан ба Содномын отрядын Кияковский, Ниожиготов, Немой зэрэг олон тооны хүн тулалдаанд алуулсан ба Содном тэргүүтэй олон хүн олзлогдсон байна. Содном тэргүүтэй 5 хүнийг байлдаан болсны маргааш нь 14-нд устгасан байна. Ногоон малгайт Дамдинсүрэн тэргүүтэй босогчид Архангайн төвийг эзлэхээр Тариатаас гарсан боловч 19-ний өдөр Гичгэнийн голд Өлзийбатын отрядтай тулгарч буудалцаад олон хүнээ алуулж, зарим нь зугтаажээ. Д.Өлзийбат, Юшкеевич нараас 1932 оны тавдугаар сарын 19-нд Цэргийн зөвлөлд ирүүлсэн илтгэлээс үзэхэд, “Гичгэнийн гол дээр ирээд бидний зэрэгцээ 100 гаруй эсэргүү явааг илрүүлсэн бөгөөд Тэрхийн голыг гатлах аргагүй тул эсэргүү нарыг аэроплан ба их буу, пулемётоор довтлов. Эсэргүү нараас хичнээн алагдсаныг мэдэхгүй гэсэн байв. Харин Д.Өлзийбат, Д.Намсрай нараас 1932 оны наймдугаар сарын 5-нд цэргийн зөвлөлд бичсэн илтгэлээс үзэхэд тус отрядын оролцсон 15 тулгаралтыг сар өдөргүй бичсэн ба анх удаа Архангай аймгийн Тариатын хүрээнээс урагш 60-70 км зайтай Гичгэнийн голд “Ногоон малгайт Дамдинсүрэн, Дэндэв нарын 600 гаруй эсэргүү нартай тулгарч байлдсан байна. Нисэх онгоц, их буу, танкийн тусламжтайгаар тэднийг цохиж сарниулсан ба энэ тулалдаанд 70 шахам хүнийг алж, 74 хүнийг буулган авчээ. ДХГ-аас томилогдсон гурван отряд буюу таван салаа орчим цэргийн хүчээр дарах бололцоогүй болсон учир ДХГ-ын саналын дагуу МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас ДХГ-ын цэрэгтэй хамтран ажиллах үүргийг Монгол Улсын батлан хамгаалах зөвлөлд өгснөөр 1932 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар хуралдаанаараа тогтоол гаргаж цэргийн зөвлөлийн гишүүн, Монгол Ард Улсын хувьсгалт улаан цэргийн улс төрийн газрын дарга Д.Өлзийбат, гишүүдэд Архангай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Гончигдорж, мөн аймгийн захиргааны дарга Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, мөн дивизийн комиссар Гомбожав, цэргийн ерөнхий сургуулийн сургагч Юшкеевич, Архангай дахь ДХ ангийн дарга С.Галиндэв (Намжаан байж магадгүй) нарыг томилжээ. Өлзийбатын араас, Намсрай даргатай отряд тавдугаар сарын 14-15-ны орчимд хотоос гарч, мөн цэргийн ерөнхий сургуулийн захирал А.Содномын отряд (дараа нь Чоймбол) гарч Архангай, Өвөрхангай, Завханд босогч нартай тулалдсан байна. Мөн энэ үед Ж.Малж, Д.Ванчиг нарын отрядууд Архангай, Хөвсгөл аймагт ажилласан ба Архангайн 17, Завханы найм, Ховд, Увс (дөрвөд) аймгуудаас тус бүр нэг отряд гарчээ. Гичгэнэд бут цохиулаад Дамдинсүрэн хэсэг хүмүүсийн хамт зугтаасан ба Гиваалил Тариатын хүрээ рүү хоёр салаа цэрэг явуулжээ. Тэд хүрээнд орж 200-аад эсэргүү нараас, “Ерөнхий жанжин” Санжжав, “Туслах жанжин” Дагва, бага хурлын гишүүн байсан Дарьсүрэн нарыг 30 ламын хамт баривчлан ирсэн байна. Дамдинсүрэнг Хөгжлийн голын эхэнд гүйцэж буулгаад жанжин Дэндэвийг 40 хүний хамт устгаж 15 хүнийг баривчилжээ. Тэднээс олзолсон зэвсэг нь шош пулемёт нэг, япон винтовын сум зургаан хайрцаг, орос винтовын сум 560 ш, Тариатаас максим хүнд пулемёт нэг, хөнжлийн голд тектров пулемёт 26. Мөн урьд Тэрхийн голд гурав дахь удаа байлдахдаа босогчдоос 30 хүн устгаж 39 хүн баривчилсан байна. Дөрөв дэх удаа Хөнжлийн дуганы ойролцоо, доод Цэцүүх гэдэг газарт Дамдинсүрэнгийн 460 хүнтэй буудалцаж, 100 орчим хүнийг устган, цааш мөрдөн хөөж Бор бургалын дуганы тэнд гүйцэж ногоон малгайт Дамдинсүрэн болон Тарган хувилгаан гэгч Ринчингийн хамт хэд хэдэн хүнийг баривчилсан ба Дамдинсүрэн хүнд шархадсан байсан ба зөөвөрлөх боломжгүй байсан тул газар дээр нь цэргийн хээрийн шүүхээр шүүж буудан алсан байна. Хөвсгөл аймагт бослого эхлэн гарч олонх сумдыг хамарч гол хүчээ бөөгнөрүүлсэн Жалханзын хүрээнд 500-гаад босогч долоон цагийн турш, Тэсийн хүрээнд 1000-гаад босогч хоёр өдрийн туршид, Загзууд 1000 гаруй босогчтой 12 цагийн туршид ширүүн байлдаан болж 300-гаад босогч үүрлэсэн Хялганатын хүрээ, тус бүр 500 босогч үүрлэсэн Асгат, Бүгсүйн хүрээ, 600-гаад босогч үүрлэсэн Рашаантын хүрээ зэрэг газруудад тулалдаан болж тухай бүрт босогчид бут цохиулсан байна Архангай аймгийн Наран, Цахар, Тосонцэгэл, Их-Уул, Цэцэрлэг, Тариат, Өндөр-улаан, Жаргалант, Хан-Оюут, Идэр, Чандмань, Эрдэнэмандал сумд ба Хожуул, Шумуултай, Тариат, Арын хүрээ зэрэг газруудад Бор гэгээн гэгч Самдан, ногоон малгайт Дамдинсүрэн, Бадрах, Жур, Магнай, Аюурзана, Түгж, Сумъяа зэрэг жанжнуудаар удирдуулсан 500-1000 хүртэл тооны шар цэргийн хүчинд ДХГ-ын орлогч дарга Гиваапилийн удирдсан отряд гол цохилтыг өгч бут цохин сарниулсан байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд Да лам Хайдав, гэлэн Дорж, Шаравл нарын 30-аад лам нар бослого гаргахаар нууц хурал хийж байсан ба Нөмрөг, Ургамал сумдад тайж Дансран, Гүнчиндорж, Ванчиндорж нарын 13 хүн нууц хурал хийж сумы захиргаа, хоршоо, хамтралыг дээрэмдэн, сумын хариуцлагатан нарыг баривчлан эсэргүү нарын гарт өгөхөөр бэлтгэж байв. Архангайд бут цохигдсон Түгж, Магнай, Бадрах, Тарав жанжин нарын удирдсан шар цэргүүд улаагчин, Идэр, Тэлмэн, Сонгино, Отгон сумдад ирж 1932 оны зургадугаар сарын 30-ны мэдээгээр эсэргүү нарын учруулсан хохирол 118000 төгрөг, мал 1800-гаад толгойд, эсэргүү нарыг аялдан дагалдагчид 1300-д хүрч байсан тул тэдний эсрэг нам, эвлэлийн гишүүд, идэвхтэн ардууд 600-аад хүн сайн дурын отряд болон улаан цэрэгтй хүч хамтран нийлж дээрх дайсныг бут цохисон байна. Өвөрхангай аймгийн Заг сумын Байдрагын хүрээний 300-гаад феодал лам нар Монхор, Магсар нарын удирдлагын дор босч харилцаа холбоо, өртөө суманг эзэлж авсан ба Номинхаан, Баянхонгор, Мандал сумдыг эзлэн авчээ. Ламжав, Цэвэгмид, Төмөр, Мишиг, Дашцэрэн, Балган, Барамсай, Дамдинсүрэн, Ойдов, Сүрэнжав, Уртнасан нар шар цэргийн жанжнаар явж, “Ванчинбогд, Дилав хутагт, Зая гэгээн гэсэн найман хутагтаар толгойлуулсан их цэрэг Тариатад ирсэн тул манай Өвөрхангайчууд хоцроод байна” гэж цуурхал тараан эсэргүү хөдөлгөөн нь Хүрээмарал, Бөмбөгөр, Богдмандал, Баянбулаг сумдыг хамтран байсан тул А.Содномын отряд очиж цохилт өгсөн байна. Босогчид зөвхөн Монголын хувьсгалыг устгаад зогсохгүй, улмаар Тагна Тува улсын хувьсгалыг устгах зорилго тавьж байсан нь хожим яллагдагч Бор гэгээн, Самдан, Түгж, Буриад, Шагдар нарын мэдүүлгээр илэрчээ.[25] Бутарсан хэсгээс үлдсэн хүч нь Тэсийн чиглэлд “Бишрэлтийн хувилгаан” гэдэг Ээмэгт лам ба бусдаар удирдуулсан 4-5000-аад хүн Монгол-Тувагийн хил Дордогой, Агар, Зайгал зэрэг газруудаар хүчээ бөөгнүүлж Хатгал-Мөрөнгийн баруун хойт талаас довтлохоор бэлтгэж байв. Отрядууд эдгээрийг мөрдөн хөөж Тэсийн хүрээний баруун талд Шагдарын удирдсан 150 гаруй босогчдыг бут цохиж Тагна Тувагийн хилд ойрхон Ээмэгт лам (Дамдин бишрэлийн хувилгаан)-ын удирдсан бүлэг Тувагийн зарим оргодлуудтай нийлсэнийг Тувагийн цэргийн ангитай нийлж бут цохиход Ээмэгт лам 60-аад хүний хамт зугтааж явсныг хүч нэмэгдүүлсэн Дорлиг даргатай салаа цэрэг мөрдөн хөөж Дамдинбишрэлт гэдэг Ээмэгт ламыг 25 хүнтэй нь алж, 28 хүнийг амьдаар нь барьжээ. Агт морь 400 гаруйг буу зэвсгийн хамт хураажээ. Тэр үед Улаангомын отрядын дарга Тагжид, Завханы хоёр отрядын дарга Лувсан, Дэмчигдорж нарын удирдсан отрядууд Уран дөш гэдэг ууланд 500 гаруй босогч нартай байлджээ. Хужирт, Шаварт, Зайгал зэрэг 11 газарт хүчтэй байлдаж, 4000 гаруй мал, гэр, буу зэвсэг, эд зүйлийг хураан авч орон нутгийн захиргаанд шилжүүлжээ. Тувагийн хувьсгалаас оргож ирсэн 40шахам хүнийг баривчилж, 60 шахам эмэгтэй голдуу хүнийг Тува улсын цэрэгт буцааж өгчээ.

Жанжин Түгж

Ийм байдлаар, босогчдын хамгийн том отрядууд нь хэдэн зуун тооны босогчдоос бүрэлдэн тогтож байжээ. Улааны анхны отрядыг орон нутагт бүрэлдүүлсэн боловч дараа нь ДХГ-ын хүчийг ирүүлсэн билээ. Энэ отрядууд цөөн тооны хүчтэй байв. Бослого эхэлсний дараа удалгүй Хөвсгөл аймгийн удирлага 38 хүний тоотой сайн дурын отрядыг зохион байгуулав. Мөрөнд улааны сайн дурын отряд 235 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав. 1932 оны 5-р сарын 9-ны өдрийн БНМАУ-ын Цэргийн зөвлөлийн шийдврээр Монголын Ардын армийн цэргээс 4 отряд зохион бүрэлдүүлж, Ховд, Завхан, Увс аймгаас хоёр морьт хороо, нэг буут хороог бүрдүүлэн гаргасан байна. Бүх цэргийн тоо нь 1300 хүн болно. 7-р сард Хөвсгөл аймагт сумын төвүүд дахь хамгаалах отрядууд 20–50 хүний тоотой байв. 8-р сарын үед Архангай болон Хөвсгөл аймагт улаантаны анги 130–200 хүний бүрэлдэхүүнтэй байв[26] Улаанбаатараас ба аймгийн төвөөс нэмэн ирж байгаа цэргийн анги зэвсгээр бүрэн хангагдсан ба пулемет, гар бөмбөг зэрэгтэй байв. Түүнээс гадна энэ ангиудад уулын их буу, хуягт машин, хоёр онгоц Р-1 ба нэг Р-5 гарган дэмжлэг үзүүлж байв. 1932 оны бослогыг дарахад ийм танк оролцсон уу үгүй гэдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй. Бид олж мэдэж чадсангүй. Энэ танкетка гэдэг пулеметын жижиг танк байсан байх боломжтой билээ.Юу ч байсан танкетка “танкетик” мэдээнд дурьдагдаж байна. Тиймээс монгол отрядын дарга нар танкеткийг хуягт тэрэг гэж нэрлэж байсан бололтой[27].

Үр дүн, хохирол[засварлах | edit source]

Бослого нь тухайн үеийн монголын төр, засгийн эрхийг барьж байсан МАХН-ыг өөрийн бодлогыг хянан үзэхэд хүргэсэн бөгөөд монгол улсын нийгэм-эдийн засагт асар их хор хохирол учруулсан байна. Зэвсэгт босогчид нь 45 сумын захиргааг сургууль, соёл хүн, мал эмнэлэг, худалдаа хоршооны хамт устган дээрэмдэж[28][29] Босогчдын байлдааны хохирол 1915 хүн алагдсан, 38 хүн шархадсан байна, харин улааныхаас–харьцангуйгаар, 35 ба 27 болно. Босогчдын удирдлагын дотроос байлдаанд алагдсан дарга нар ба зуутнууд: лам Дамдинбишрэлт, зуут Санжжав, жанжин Б. Дашням, Шажинбадрах, тайж Ванчиг, Т.Доржбачин, Ж.Туваан, Жамбал, Обсандамба, Шаравжамц, Баяр, Дамбадорж, Гончиг, Сандаг, Гүржав, Хайнзан, Жигжид, Сэврэн, Ядамсүрэн, Чимэд, Шагдарсүрэн, Жигмэсүрэн, “Хөх” Жав. Жанжинуудын хэсэг нь баривчлагдсан болно. Алагдсан хүний тоонд улааны талаас 1 сайд, ардын цэргийн 4 дарга, 1 эмч, ДХГ-ын дарга, шууд биелүүлэгч ажилтнууд 4, ДХГ-ын сургагч 3, нам, эвлэлийн болон улсын захиргааны албаны нилээн хэдэн ажилтнууд байв[30]. Ш.З. Элиава 1934 оны 11 сарын 10-ны өдөр МАХН-ын 9-р их хурлын ажлын дүнг хэлэлцсэн Коминтерний тэргүүлэгчдийн хуралдаан дээр 1932 оны бослогод хамгийн олон тооны хүн амьдардаг 5 аймгийн хүн амын 70% оролцсон ба 8–10 мянган хүн алагдсан байна гэжээ. Монголын архивын баримтууд Элиавагийн хэлсэн энэ тооноос ялгаатай байна. Архангай аймгийн удирдлагын мэдээгээр, бослогын үед таван сумд 602 хүн алагджээ. Хөвсгөл аймгийн зургаан суманд алагдсан 609 хүн. Бусад мэдээгээр, 1932 оны 4 сарын дундаас 7 сар хүртэл бослого гарсан Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймгуудад алагдан хохирсон хүний тоо нийлээд 700 хүн гэнэ. Тухайн уул бичгийн утгаар бол босогчдын байлдаанд ба залхаан цээрлүүлэх арга хэмжээний үеэр алагдсан хүний тоог үзүүлсэн болов уу гэж санагдана. Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад гарсан хохиролын дүнг хүснэгтээр харуулсан байдаг. Түүний тоог нэмэж үзвэл алагдсан 1402 хүн болно. Хэрвээ монголын архиваас гаргасан тоо мөн Элиавагийн илтгэлдээ өгсөн тоо зөв гэж үзвэл бослогын үеэр алагдсан босогчдын тоо бослогын үеэр үхсэн хүний ерөнхий тооноос олон дахин бага гэж багцаалагдана. Тэгвэл ихэнхи хүмүүс босогчдын биш харин улааны үйл ажиллагааны үр дүнд алагдан хохирсон болж байна[31]. Бослогын толгойлогч Чимэдийн Самбуу[32] , Цэдэнгийн Жамц, Самбуугийн Буриад, Батболдын Түгж[33], Баатарын Аюурзана, Чимэддорж, Ширэндэв, Жамсрандорж, Вандансүрэн, Бямба, Ёндон, Бат-Очир, Тогоо, Лхаажав, Агваандорж, Буяндэлгэр, Очиржанцан (хүүхэд) Магнай, Сумъяа, Самбайдив, Жур, Түмбаяр, Норовсамбуу, Бадрах, Тарваа, Бадамжав, Дармаа, Пүрэвцэрэн, Төгөлдөр, Сэдбазар, Шагдар, Долгор, Очирбат, Аюурзана, Дэндэв, Цэрэндамба, Төмөрбаатар, Түдэв, Санжмятав нарын 39 хүнийг дотоодыг хамгаалах газар мөрдөн байцааж шүүхэд шилжүүлсэн ба Улсын Дээд шүүхээс 6 хүнийг суллаж, 15 хүнийг хорих, 18 хүнийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэхээр шийдвэрлэсэн байна.[34][35]

Мөргөлдөөний нэг тал-босогчид гадны дэмжлэггүйгээр байлдана. Мөргөлдөөний нөгөө тал гадаадын улс төрийн болон цэргийн дэмжлэгт түшиглэж байв. Энэ нь дээр нэгэнтээ өгүүлсэн Сталины БХК(б)Н-ын Төв Хороотой харилцсан захидал бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. БНМАУ-ын цэргийн яаманд хэлтэс бүрийг монгол туслагч дарга, зөвлөлтийн сургагч толгойлж байлаа. Бослогыг зөвлөлтийн биш, монголын ардын цэрэг дарсан юм. Гэвч энэ дарах ажиллагааг ЗСБНХУ-аас тавьсан зэвсэг, цэргийн хэрэгсэл, техник, зөвлөлтийн цэргийн, юуны өмнө, чекистүүдийн шууд оролцоогүйгээр гүйцэтгэхэд бэрх байсан. Энэ зөвлөгч нар зохион байгуулалтын ажил хийхээс гадна бас шууд байлдааны ажиллагаанд оролцоно. Засгийн газрын цэргийн анги тэр үед БНМАУ-д байсан зөвлөлтийн зэвсгээс хамгийн сайнаар хангагдаж байв. Ингэж, 1932 онд БНМАУ-д дээд лам нар ба феодалуудын гадаадаас турхирсан зэвсэгт бослого гарсан биш, харин ардын бослого гарч улмаар иргэний дайнд шилжсэн байна. Түүний дотоод шалтгаан – “зүүний нугалаа”, харин гадаад шалтгаан-большевикуудын Монголд экспортолсон социализм мөн. Энэ иргэний дайны гэм хувьсгалын эсэргүү нарт бус, харин тухайн цагт БНМАУ-д болон ЗСБНХУ-д засаг төрийг барьж байсан намын нөхдүүдэд оногдох учиртай[36].

Судалгааны бүтээл[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Урлагийн бүтээлүүд[засварлах | edit source]

  • Ч.Лодойдамба. Тунгалаг тамир. роман
  • Тунгалаг тамир. Уран сайхны кино.

Эшлэл[засварлах | edit source]

  1. C.R. Bawden, The Modern History of Mongolia, London 1968, p. 316
  2. D. Tserenbaljir, 1932 ony zevsegt boslogo, Ulaanbaatar 1990, p. 33f
  3. Монгол Британика. хураангуй толь. 2 боть. хуудас 437
  4. Монгол Британика. хураангуй толь. 2 боть. хуудас 558
  5. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  6. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  7. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  8. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас. [1]
  9. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  10. Bawden C.R. The Modern History of Mongolia. — London, 1968. — p. 301—318
  11. Д. Цэрэнбалжир. 1932 оны зэвсэгт бослого. — Улаанбаатар, 1990. — хх.19
  12. Д. Цэрэнбалжир. 1932 оны зэвсэгт бослого. — Улаанбаатар, 1990. — х.53
  13. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас. [2]
  14. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  15. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 40-45. [3]
  16. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  17. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 40-45. [4]
  18. C.R. Bawden, The Modern History of Mongolia, London 1968, p. 316
  19. Д. Цэрэнбалжир. 1932 оны зэвсэгт бослого. — Улаанбаатар, 1990. — хуудас 21, 53
  20. Bawden C.R. The Modern History of Mongolia. — London, 1968. — p. 316
  21. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  22. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 45-97. [5]
  23. Д. Цэрэнбалжир. 1932 оны зэвсэгт бослого. — Улаанбаатар, 1990. — хуудас 33
  24. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 45-76. [6]
  25. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 45-76. [7]
  26. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 103-104. [8]
  27. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 108-110. [9]
  28. name="D. Tserenbaljir, 1990"
  29. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  30. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 114. [10]
  31. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 140-141. [11]
  32. Монгол Британика. хураангуй толь. 2 боть. хуудас 437
  33. Монгол Британика. хураангуй толь. 2 боть. хуудас 558
  34. Ломакина И. И. Монгольская столица, старая и новая. — М., Тов-во научных изданий КМК, 2006. — ISBN 5-87317-302-8 — c. 175
  35. Б.Зинамидар. Гадаадаас турхирсан 1932 оны бослого. Улаанбаатар хот. 2013 он"
  36. Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, хуудас 187. [12]

Гадаад холбоос[засварлах | edit source]