Баян-Адрага сум
Баян-Адрага — Хэнтий аймгийн сум. 1931 онд байгуулагдсан. Баруун талаараа Биндэр сум, хойд талаараа Дадал сум, зүүн талаараа Норовлин сум, өмнө талаараа Батноров сумтай хиллэдэг. Нутаг дэвсгэр - 3021 ам дөрвөлжин километр.
Монгол улсын харъяат суурин хүн ам - 2,205[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 7-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.
| Багийн нэр | Хүн ам (2010 он) |
|
|---|---|---|
| 1 | Сайхан | 361 |
| 2 | Жаргалант | 246 |
| 3 | Адарга | 305 |
| 4 | Дуурлиг | 1293 |
Сумын төв Дуурлиг нь Онон голын хөндийд далайн түвшнээс дээш 1000 орчим метр өндөрт, х.ө 48°33', з.у 111°05'-ын солбицолд Өндөрхаанаас хойш 154 км, Улаанбаатараас 440 км зайтай оршино. Дуурлиг нарсанд орших Хүннүгийн булшийг улсын хамгаалалтад авсан. Сумын тахилгат уул нь Адаргын овоо, Баян-Өлзий.
Хэнтийн нурууны зүүн зах, Эрээний нурууны баруун урд захын намхан уулс толгод дотор байрлана. Хамгийн өндөр цэг нь сумын нутгийн зүүн хойд хэсэгт орших 1437 м өндөр Хөх чулуут уул юм. Хамгийн нам цэг нь Онон гол бөгөөд далайн түвшнээс дээш 930 орчим метр өндөр юм. Өнгөт төмөрлөг, жонш зэрэг ашигт малтмалын нөөц бий.
Сумын төвд нэгдүгээр сарын дундаж температур -20°С-25°С, долоодугаар сарынх 16°С-18°С, жилд дунджаар 200-400 мм тунадас орно.
Сумын нутгаар алдарт Онон гол 80 орчим км урсана. Ононгийн цутгал Арангат, Шуус, Урт,Баруун-булаг ,Хүйтэн, Сайхан зэрэг гол горхи урсана. Сайн-цагаан, Холбоо, Шийр, Улаан, Баян зэрэг нууруудтай. Гидрокарбонат-кальц-магнийн найрлагатай Арангатын рашаан бий.
Хонь голлосон 44 мянган малтай. Тайгын ширэгт, хар шороон, хар хүрэн, хүрэн хөрстэй, шинэс, нарс, хус, улиасан ойтой, мойл, улаалзгана, өрөл зэрэг жимсгэнэ элбэг. Уулын хээрийн бэлчээр, хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан цэн тогоруу, ховор амьтдаас тоодог, буга, бусад амьтдаас дагуур зараа, гахай, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага болон усны, нүүдлийн шувуудтай. Гол мөрнөөр нь тул, зэвэг, цагаан хадар, амрын хадран, амрын цурхай, амрын сугас, улаан живэрт, морин загас, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, цулбуурт гутаар загас бий. Нутгийн хойд хэсэг Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт багтана.
Эх сурвалж [засварлах]
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)
| Хэнтий | |
|---|---|
| Сумд: Батноров · Батширээт · Баян-Адрага · Баянмөнх · Баян-Овоо · Баянхутаг · Биндэр · Бор-Өндөр · Галшар · Дадал · Дархан · Дэлгэрхаан · Жаргалтхаан · Мөрөн · Норовлин · Өмнөдэлгэр · Хэрлэн · Цэнхэрмандал Тосгон: Бэрх Аймгийн төв: Өндөрхаан хот |
|