Богд хан уул
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Богд Хан Уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг Монголын түүхэн тахилгат, дархан цаазат уул юм.
Агуулга |
[Засварлах] Газарзүйн нөхцөл
Газар зүйн нөхцөл газарын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшинээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадрага голлоно. Тэгшрэлийн гадрагын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршилийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Газарын хэмжээнд Чулуун нүүрсний галавын үед |350-205 сая жилийн тэртээ| хуримтлагдсан тунамал чулуулаг, Мезозойн эриний Юрийн галавын сүүлч, цэрдийн галавын эхээр |130 сая жилийн өмнө| үүсч бүрэлдсэн боржин чулуу, мөн уулын бэл, хормой, гуу жалга, орчимд хөвсгөр тундас тархаж байдаг. Тогтоцын хувьд Богд Хан Уул Хангай, Хэнтийн атриат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнөд талд оршдог. Богд Хан Уул нь Хэнтийн нурууны ай савд багтах боловч гол нуруунуудаас саланги орших бөгөөд өндөрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшаф голлох байр эзлэж, Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Чухамдаа Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил бүхий уулсын тогтоцтой ажээ. Богд Хан Ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна буслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татамын нуга тус тус тархжээ. Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.
[Засварлах] Уур амьсгал
Хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай, эх газарын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хамаарна. Жилд дунджаар 2800 цаг нартай байдаг бол 12-14 өдөр л наргүй өдөр тохиож байдаг байна. Агаарын жилийн дундаж температур -1.5 - 3.1 хэм, нэгдүгээр сарын дундаж хүйтэн -19-24 хэм, долоодугаар сарын дундаж халуун нь +14-17.6 хэм хүрнэ. Уулын байрлал хотгор гүдгэрийн онцлог байрлалаас болоод газарын гадрагын орчимын салхины горим ихээхэн өөр өөр байдаг байна. Салхины жилийн дундаж хурд 0.9-2.3 м/сек, дундаж их хурд 5 сард 1.2-4.0 м/сек, хамгийн намуун үедээ 12-1 сард 0.7-1.4 м/сек дундажтай байна. Агаарын чийгшилийн горим нилээд өвөрмөц, агаарын чийгшил нь халуун хүйтэндээ урвуу хамааралтай байдаг. Ууланд унах хур тундас дулааны улирад 89.6-93.4 хувьтай. Анхны цас 9 сарын 10 орчимд орж, сүүлчийн цас 5 сарын 20 орчимд ажиглагдана.
[Засварлах] Усзүй
Богд Хан Уул нь усзүйн хувьд Хойт Мөсөн Далайн ай савын Туул голын ай савд багтах бөгөөд олон жилийн дундаж урсац нь 100м-ээс илүү бүс нутагт хамаарна. Уулын эргэн тойрны 20 орчим амнаас гол горхи эх авч зарим нь Туул голд, үлдсэн хэсэг нь уулын хаяа, хормонй хотгор гүдгэрт хүрч сэвсгэр хурдсанд шурган орно. Уулаас эх авсан голоос 36.2 км урт Түргэний гол, 33.3 км урт Баруун, Зүүн Зуун Модын гол, 32.6 км Хүрхрээ голуудыг нэрлэж болно. Мөн хэд хэдэн эмчилгээний ач холбогдолтой аршаан булаг байдаг.
[Засварлах] Хөрсний мужлал
Хангайн уур амьсгалын их мужийн хагас чийглэг өндөршилийн бүсчлэл болох Хэнтийн өмнөд тойрогт багтана. Эн хад асга бүхий уулын тэгш оройд уулын нугын хөрс, түүнээс доош ой тайгын хөрс, ой модгүй ар өвөр хажуу болон өргөн амуудад нь хээрийн хөрс тархана.Тайгын хөрс хамгийн ихэнхи талбайг нь эзлэнэ. Хэдийгээр Хэнтийн гол нуруунаас тасарсан тусгаар орших боловч өндрийн болон уулархаг хотгор, гүдгэрийн нөлөөгөөр өндөр уулын нугын, уулын цэвдэгт болон ширгэт тайгын, ойн бараан, хар шороон, хар хүрэн, ам хөндийн хар хүрэн, нугын хөрс голлож тархжээ.
[Засварлах] Амьтан, ургамалын аймаг
Хэнтийн нурууны голлох амьтаны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтадын нутагшилын хамгийн урд хил нь Богд Хан Уул болно. Тарваг, зурам, зараа, мануул, булаг, шилүүс, буга, гор гөрөөс, аргаль, янгир тэргүүтэн 54 зүйлийн хөхтөн атьтад бүртгэгдсэн.
Жигүүртэн шувуудаас бүднэ, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөвтас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгджээ.
Ургамалын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрөлийн, 587 зүйлийн ургамал ургадаг.
[Засварлах] Түүхэн товчоон
Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеээс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар түнд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Хуучин нэр нь Хан Уул гэдэг байсан бөгөөд Чингис хаан энэ уулын бэлд мэндлэсэн тул Хан Уул гэдэг болсон гэж зарим түүхэнд гардаг.
Манжийн хаан Тэнгэрийн тэтгэсний 43-р он буюу нийтийн тоололын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндоржь харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Живзүндамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжонгарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг. Тэнгэрийн тэтгэгч хааны зарлиг гарсаны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахидаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган, 2004 оноос Монгол Улсын ерөнхийлэгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.
[Засварлах] Ашигласан материал
- Ц.Адьяасүрэн, Богд Хан Уулын Экосистем, Монгол Улсын БОЯ. 1997, Улаанбаатар
- С.Дулам, Хүрээ дөрвөн уулын тахилга, бэлгэдэл, Улаанбаатар, 2004
- Ч.Арьяасүрэн, Монгол ёс заншилын их толь, Улаанбаатар, 2001

