Буриад
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Буриад Монгол(Буряад Монгол, Орос: бурят)нь монгол угсааны үндэстэн юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Забайкалск мужийн зарим дүүрэг (хуучнаар Усть Ордын Буриад болон Агын Буриадын автономит тойргууд), түүнчлэн Монголын хойд болон Өвөр Монголын зүүн хойд хэсгээр голлож оршин сууна.
Агуулга |
[Засварлах] Нэр
Буриад гэдэг нэр түүхэнд анх тэмдэглэгдсэн нь 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоо болно. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:
- "Бури" (туркээр "чоно") эсвэл "бури-ата" (туркээр "эцэг чоно") гэдгээс гаралтай.
- "Буруут" гэдгээс гаралтай – Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй. Энэ боломж бага магадлалтай.
- "Брат" (оросоор "ах" эсвэл "дүү") гэдгээс гаралтай. Оросууд өөрсөддөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй. Энэ боломж мөн бага магадлалтай.
- "Буруулсан ард" гэдэг нийлмэл Монгол үг. Оросд дагаар орсны дараа ингэж нэрлэдэг байсан. Цаг хугацааны уртад сунжран буриад болсон.
[Засварлах] Хүн ам
Нийт буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост (2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны өгөгдлөөр), 25 мянга орчим нь Өвөр монголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн үнэлгээ бий.
[Засварлах] Хэл бичиг
Буриадууд Алтайн хэлний язгуурын монгол хэлний бүлгийн буриад хэлээр ярилцдаг. Эрт үеэс бусад монголчуудтай адилаар уйгур бичигт үндэслэсэн монгол бичиг ашигладаг байсан боловч 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон.
[Засварлах] Шашин шүтлэг
Уламжлалт шашин шүтлэг нь шаманизм буюу бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн буддизм буюу (шарын шашин) (Их хөлгөний урсгал)-д орсон. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.
1741 онд буддизм Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд буриадын анхны буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед пан-монголизм хүчтэй дэлгэрч байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриадууд хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монголыг Буриад болгон өөрчилсөн гэдэг.
[Засварлах] Газар нутаг
Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна.