Буур хээрийн тулалдаан

Буур хээрийн тулалдаан
Огноо 1180 оны үед
Байрлал Буур хээрийн тал, Сэлэнгэ мөрөн
Үр дагавар Тоорил хан, Жамуха, Тэмүжиний талын ялалт
Байлдагч талууд
Хэрэйд, Жадаран, Хиад Боржигин Гурван Мэргид
Удирдагчид
Тоорил хан, Жаха хамбу, Жамуха, Тэмүжин Хаатай Дармала, Тогтоа Бэхи, Дайр-Үсүн
Цэргийн хүч
40,000 Тодорхойгүй
Хохирол
Бага Тодорхойгүй

Буур хээрийн тулалдааныг ойролцоогоор 1180 оны үед Тэмүжин (сүүлд Чингис хаан) Гурван мэргидэд булаалгасан эхнэр Бөртэ үжинийг буцаан авах зорилгоор Тоорил хан (сүүлд Ван хан) ба Жамухын тусламжтайгаар хийж ялалт байгуулжээ.

Шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Уг тулалдаанаас өмнө Гурван мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өэлүнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авсанд Тэмүжин Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд Тоорил хан Нууц товчоонд бичсэнээр:
...Булган дахны чинь хариуд
Бүгд Мэргидийг
Бүрэлгэн довтолж
Бөртэ үжинийг чинь
Буцааж өгье...
хэмээн зөвшөөрч, мөн Жамухад хэл өгжээ. Булган дах нь Бөртэ үжиний инжинд ирсэн бөгөөд Тэмүжин үүний өмнөхөн эцгийн хуучин анд хэмээн Тоорилд очиж үүнийг бэлэг барин холбоо тогтоосон байжээ. Тоорил хан өөрийн нэг түм, дүү Жаха Хамбугийн нэг түмэн цэргийг дайчилсан бөгөөд Жамуха ч туслахаар амлан
...Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мөхөөж
Эхнэр Бөртэг
Эргүүлэн авчиръя...
хэмээж нэг түмэн цэргээ авч замдаа Онон мөрнийг даган нутаглах Тэмүжинийн харьяат нараас нэгэн түмэн цэрэг дайчлан авч Ононы эх Ботохан бооржи гэдэг газар очиж хүлээжээ. Тухайн үед Тэмүжиний цэргийн тоо тун цөөн буюу Гурван Мэргид шиг томоохон дайнч аймагтай дайтах хэмжээнд хүрээгүй байжээ. Харин Жамуха тал нутгийн нөлөө бүхий хүчтэй феодал болсон байсан ажээ.

Тулалдаан[засварлах | кодоор засварлах]

Тоорил өөрийн нэг түмэн цэрэг, дүү Жаха хамбу ба түүний нэг түмэн цэргийн хамтаар Тэмүжинтэй нийлэн Ботохан бооржид хүлээн буй Жамухатай нэгдэн цаашид Жамухагийн нэгдсэн удирдлагын доор хойд зүгт Хилго голыг (одоогийн ОХУБуриадын нутагт урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг) өгсөн явж гатлаад Сэлэнгэ мөрнийг өгсөн Буур хээрийн талд байсан Тогтоа Бэхи, Дайр-Үсүн нарыг довтлон цохилт өгч Баргужингийн зүгт дутаалгаж эд хөрөнгө, хүн ардаас нь олзолсон төдийгүй Тэмүжиний хувьд гол зорилго байсан Бөртэ үжинг буцаан олж авсан байна. Мөн Хаад Мэргидийн удирдагч Хаатай-Дармалаг олзлон авчээ. Тогтоа болон Дайр-Үсүнийг гэнэт довтлон барин устгаж болох байсан боловч ойн иргэд түүнд хэл хүргэсэн тул амьд дутаан гарчээ.

Тулалдааны дараа[засварлах | кодоор засварлах]

Уг тулалдаан нь уулгалан довтолсон гэнэтийн довтолгооны хэлбэртэй тул бас яг хоёр талаас бэлдэн хүч тулсан сонгодог тулаан биш боловч үүний дараа үүссэн нөхцөл байдал Тэмүжиний хувьд томоохон амжилт болжээ. Үүнд тэрээр тал нутгийн дунд хүчирхэг холбоотнуудтай гэдгээ харуулж чадсан, овог аймгийн удирдагч, цэргийн жанжин болох чадвартайгаа бодит байдалд харуулсан, өөрийн овог аймгийнхныхаа дунд удирдагч нь болох боломжтой гэсэн итгэлийг төрүүлсэн байна. Мөн уг тулааны дараа Тэмүжин, Жамуха хоёр тодорхой хугацаанд хамт нутагласан нь Тэмүжиний хувьд өөрийн хүчирхэг андын нөмөрт бусад овог аймгийн аюул заналхийллээс тодорхой хугацаанд хол байж хүчээ нэмэгдүүлэх төдийгүй өөрийн овог аймгийнхийгаа өөртөө татах бодлого явуулах боломжийг олгосон байна.