Вавилоны дүүжин цэцэрлэг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дүүжин цэцэрлэгийг дүрсэлсэн эртний зураг. Хүний гараар хийгдсэн налуу усалгааны системийн харуулсан байна.


Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын дүүжин цэцэрлэг (англ. Hanging Gardens of Babylon) нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын ойролцоо байсан Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж үздэг. Уг байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулсан ажээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжин цэцэрлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж таамагладаг.


Грек сурвалжуудад тэмдэглэгдсэн байдал[засварлах]

Семирамидын цэцэрлэг, XX зуунд зурсан зураг

Страбо:

“ ...Вавилон 385 стади хэрэм бүхий сүрлэг хот. Хэрэм нь 35 тохой өргөн, цамхгуудынхаа хооронд 50 кубит өндөр, цамхаг бүр нь 60 кубит байдаг. Хэрмийн дээгүүр дөрвөн морь хөлөглөсөн байлдааны тэрэг хялбар явж болдог. Мөн энд Ертөнцийн 7 гайхамшгийн нэг гэж тооцогддог дүүжин цэцэрлэг оршдог. Цэцэрлэг дөрвөлжин хэлбэртэй, тал бүр нь 100 тохой урт, гулдан хаалгануудтай. Гулдан хаалга, нуруунуудад тулгуурласан дөрвөлжин суурь нь тоосго болон асфальтаар хийгдсэн хөндий бөгөөд дээгүүр нь хөрсөөр бүтээн аварга моддыг суулгаж ургуулсан байдаг. Шаталсан хэлбэр бүхий дэвсгүүд дээр ургамал тарьсан байдаг ба түүнийг услах усаа Евфрат мөрнөөс татдаг системтэй байв. Вавилон хотын дундуур урсах эл мөрөн цэнгэлдэх хүрээлэнтэй дүйцэхүйц өргөнтэй бөгөөд түүний хажууд Семирамидын цэцэрлэгийг байгуулсан...”

Диодориус:

“ ...Цэцэрлэг 100 тохой өргөн, 100 тохой урт бөгөөд театртай төстэй хэлбэр бүхий шаталсан тавцангуудтай. Доогуураа гулдан хаалгатай дэнж дээр маш сайхан цэцэрлэг байгуулсан байдаг. Хамгийн дээд хэсэгт орших цэцэрлэг хүртэл 75 тохой өндөр, хотын хэрэмтэй зэрэгцэж очихуйц байв. 16 тохой урт, чулуугаар баригдсан оройн хэсгийн гулдангуудын тусламжтайгаар 2 урсгал бий болгон дэвсгүүдийг усалдаг байв. Хөрсний зузаан нь том моддыг тарьж болохуйц зузаан байдаг. Дэвсэг бүр олон төрлийн модод бүхий өтгөн сахлаг ургамалтай байсан. Нар үргэлж тусаж байхуйцаар төлөвлөн хийсэн бөгөөд гадна талаасаа харагдахгүй усан хоолойгоор дамжуулсан усалгааны системтэй байсан...”

Бусад сурвалжуудад тэмдэглэгдсэн байдал[засварлах]

16-р зуунд зурсан Вавилоны дүүжин цэцэрлэгийн зураг.


Scriptores Rerum Alexandrii Magni

“… Тэнд мөн Дүүжин цэцэрлэг байдаг. Параклэйсос ууланд авирч буй мэт дээш мацан гарлаа. Дээшлэх тусам дэвсэг бүрт Сиринкст талархсан ус хангах хоолойнууд байрласан байдаг. Оройн хэсэгтээ цэцэрлэгийг дээрээс нь тольдон харах чулуун тагттай. Маш олон төрлийн мод бүхий агуу том, гуа сайхан цэцэрлэгийг харж, түүний гэрч болсноороо сэтгэл туйлаас баясна. Гадна талаасаа үл мэдэгдэм өндөр түвшинд хангалттай усыг хүргэх усан хоолой бүхий усалгааны системтэй байлаа..."

Цэцэрлэг үнэхээр оршин байсан уу?[засварлах]

Уг цэцэрлэг бодитоор оршин байсан уу, эсвэл зүгээр л уран зохиолын хийсвэр дүрслэл байсан уу гэдэгт Вавилоны түүхийн он дарааллын бичгүүд бүрэн хариулт өгч чаддаггүй. Вавилоны дүүжин цэцэрлэгийн тухай хамгийн анх МЭӨ IV зууны үед амьдарч байсан Чалдийн их лам Бероссус өөрийн номондоо дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн Грекийн түүхчид нилээд нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг. Саяхан Иракт уг ордон байсан гэх газарт археологийн малталт хийсэн бөгөөд гулдан хаалганы тууриуд, 25 метр орчим зузаантай, дээр нь үр тариа тарьж байсан ул мөр бүхий хана олжээ. Гэвч Евфрат мөрний эрэг хавьд орших уг ордны цогцолборт Вавилоны цэцэрлэг байсан эсэх талаар маргаантай байсаар байгаа билээ.