Версингеторикс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Версингеториксийн хөшөө, Ф.Бартольдийн загвар.

Веркингеторикс (Англиар Vercingetorix; Оросоор Верцингеторикс) нь Галлийн хүчирхэг омог Аувернигаас гаралтай хүн бөгөөд Галлуудыг удирдан Ромын эсрэг, алдарт Цезарийн эсрэг тэмцэж байснаараа алдаршсан юм. Галлуудын олон удаагийн бослогыг толгойлон баатарлагаар тэмцэж байсан талаар Цезарийн тайлан-д тодорхой өгүүлсэн байдаг.

Түүх[засварлах]

МЭӨ 58 онд Ромчууд Галлийг (өнөөгийн Францын Провинс муж) эзлэн авч, хэдэн жилийн турш захирахдаа галлийг хуваа, захир зарчмын дагуу уугуул овгийнхныг удирдаж байв. Мөн тэрээр Галлийн язгууртнуудыг онцгойлон хөхиүлэн дэмжиж, Ромын баян тансаг байдлаар хангаж байсан. Гэвч МЭӨ 60 онд умард Галлийн удирдагч Амбиорикс бослого гаргасан байна. Уг бослогыг Версингеторикс, эцэг Кельтиллусийн хамт дэмжин бүх Галлийг нэгтгэн Ромын эсрэг тэмцлийг эхлүүлсэн байна. МЭӨ 52 он гэхэд бослогын гол толгойлогч болсон Версингеторикс Галлид нилээд хүчирхэгжсэн байна. Цезарь Ромд болж буй үймээн самуунт байдалд өөрийн анхаарлаа хандуулж байх үед Галлид Ромын нөлөө бараг үгүй болсон байв.

Залуу язгууртан Версингеториксийг дагаж бослогод оролцон, Цезарийг эсэргүүцэх нь түүний авга ах тэргүүтэй хотын язгууртнуудын хувьд хэтэрхий эрсдэлтэй алхам байсан тул тэд Версингеториксийг дэмжихгүй байв. Гэвч энэ нь саад болсонгүйгээр барахгүй Галлийн ядуусын дэмжлэгтэйгээр өөрийн армийг байгуулан Аувернийг эзлэн хаан ширээнд суужээ. Хаан болмогцоо бусад уугуул аймгуудтай холбоо тогтоон, нэгдсэн холбооны ерөнхий коммандлагч болж, сахилга бат дэг журмыг чангатгаж эхэлжээ. Байгальд нуугдан хамгаалдаг байсан арга хэлбэрийг дэмждэг байсан ч шийдвэрлэх тулааныг зоригтой хийдэг байсан ба Ромын легионууд хоосон хот суурингуудыг шатаахаас хэтэрдэггүй байв. Версингеторикс Цезарь болон түүний туслах Титус Лабиенусын удирдсан бага хэмжээний армийг бут ниргэснээр анхны ялалтаа авчээ.

Версингеториксийн хөрөг бүхий эртний зоос

Гэвч Ромчууд Галлуудын нийслэл Аварикум хотыг эзлэн авч, 120000 оршин суугчийг нь залхаан цээрлүүлэх арга хэмжээний хүрээнд егүүтгэсэн байна. Дараагийн тулаан нь Греговиад болж, маш ширүүн тулааны дүнд Версингеторикс ялалт байгуулсан байна. Ялалт байгуулсан хэдий ч Галлууд маш олон тооны язгууртан, цэргүүдээ тулааны талбарт үүрд орхисон гэдэг. Энэ тулааны дараа ихээхэн хохирсон Версингеторикс Алесиа руу ухарч бэхлэлт байгуулсан байна.

Цезарь Галлуудаас цөөн тоотой ч хүчирхэг зэвсэглэл бүхий, зохион байгуулалт сайтай армитайгаа Алесиаг бүслэн авчээ. Галлууд бараг хоёр дахин их цэрэгтэй байсан тул Цезарь нэмэлт хүч ирэхийг хүлээн хотын гадна хуарагнасан байна. Ромчуудын туслах хүч ирснээр тэд үлэмж хүчтэй болсон тул Версингеторикс бүслэлтийг дотроос нь сэт цохин гарах төлөвлөгөө боловсруулсан байна. Тулаан маш ширүүн болж, Цезарийн тэмдэглэснээр сүүлийн легионоо тулаанд оруулж байж ялалтыг Ромчууд авчээ. Энэхүү тулааны үр дүн нь Галлд Ромын ноёрхлыг авчирсан шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.

Версингеториксийн домогт тэмдэглэснээр тэрээр тулааны дараа маш сүр жавхлантайгаар бууж өгсөн байна. Алесиагийн тулалдаанд ялагдсаны дараа өөрийн морьтойгоо гаран Цезарын лагерийг тойрон өөрийн хуяг, дуулгаа тайлан, Цезарын хөлд сэлмээ шидэн түүний өмнө ихэмсгээр өвдөг сөгджээ. Түүнийг МЭӨ 46 онд Цезарь ялалтын баяр дээр олонд харуултал 5 жил хорьжээ. Түүнийг ялалтын баярын дараа эртний уламжилал ёсоор шоронд нь боомилон хороосон гэж үздэг.

Түүний нэрийн тухай[засварлах]

Версингеторикс гэдэг нь нэр нь Галл хэлнээ Тэнгэрлэг аугаа дайчин хаан гэсэн санааг агуулдаг гэж өнөөгийн судлаачид үзсэн байдаг.

Хөшөө дурсгалууд[засварлах]

Алезиа дахь Версингеториксийн дурсгалын хөшөө

1865 онд Францын Наполеон III хаан Версингеторикст зориулан, уран барималч А.Миллетийн загвараар Алесиагийн тулаан болсон толгодын нэгэн дээр 7 метр өндөр хөшөө босгуулсан байна. Уг хөшөөний сууринд хөшөөг барихад оролцсон алдарт архитекторч Виолет ле Дюк 4 мөрт сийлэн үлдээжээ.

« La Gaule unie
Formant une seule nation
Animée d'un même esprit,
Peut défier l'Univers. »

Утгачилбал:

« Нэгдсэн Галл
Нэгэн үндэстэн болон
Нэгэн сэтгэлээр хөдөлвөөс
Бүх дэлхийг сөрж чадна »

Энэ хөшөөнөөс гадна Бартольдын бүтээсэн гайхалтай хөшөөнд уг дөрвөн мөрт байдаг билээ.

Францад ард түмний дунд Верcингеторикс нь маш алдартай бөгөөд ард түмний жинхэнэ баатар гэж үздэг билээ.

Верcингеторикс урлаг соёлд[засварлах]

Версингеторикс Цезарьт бууж өгч буй нь. 1883 оны зураг.
  • Версингеторикс Астериксийн цуврал комиксын нэг болох "Астерикс ба удирдагчийн бамбай", "Галл Астерикс" цувралд нь гардаг байна.
  • 2001 онд Жак Дорфманны найруулж, Кристофер Ламбертын гол дүрд нь тоглосон "Версингеторикс: Галлийн хааны домог" хэмээх кино францад хийгдсэн бөгөөд Англи хэл рүү хөрвүүлэгдэн АНУ, Европод маш амжилттай зарагдаж байжээ. Тэр тусмаа Европод маш олон хувь зарагдсан гэдэг.
  • Версингеториксийн талаар 2002 онд хийгдсэн ТНТ телевизийн Юлий Цезарь цуврал кинонд гардаг байна.
  • Версингеториксийн цезарийн эсрэг хийсэн алдарт аяных нь талаар 1992 онд Зохиолч Морган Лливелин "Друйдууд" хэмээх яруу найраг бичсэн байдаг ажээ.
  • 2005 онд телевизийн гигантууд болох HBO/BBC сувгуудын хамтарсан Ром хэмээх цуврал кино бүтээгдсэн бөгөөд уг цувралд "Бүх Галлуудын хаан"-ы дүрээр Версингеториксийг илэрхийлсэн байдаг. Түүний дүрд Жиовани Калчиано тоглосон байна.
  • Anachronism тоглоомд Францийн дайчнаар Версингеториксийг харуулдаг байна.

Лавлах[засварлах]

Анхдагч эх сурвалжууд[засварлах]

Хоёрдогч эх сурвалж[засварлах]

  • Yonge, Charlotte M. (1864), "The Chief of the Arverni", in Charlotte M. Yonge, A Book of Golden Deeds, London: Blackie & Son, Ltd., n.d.
  • Popular comic strip by Goscinny & Uderzo's Asterix the Gaul.

Гадаад холбоосууд[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Версингеторикс