Виктор Гюго

(Виктор Хюго-с чиглүүлэгдэв)

Виктор-Мари Хюго (Франц: Victor Hugo, 1802 оны 2 сарын 261885 оны 5 сарын 22) бол Францын нэрт яруу найрагч, цаг үеийнхээ эгзэгтэй асуудлыг тусгасан жүжгийн ба хүүрнэл зохиолуудаараа Францын уран зохиолыг шинэ дээд шатанд гаргасан алдартай зохиолч байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр Наполеоны армийн генерал, бүгд найрамдах үзэлтэй хүний хүү байсан авч түүнийг дөнгөж арван настайд нь эцэг эх хоёр нь салж, Гюго эхийнхээ гар дээр өсжээ. Бурбоны удмынхныг сохроор шүдтэг католик шашинт эх нь хүүгээ хаант засгийг талархах үзлээр хүмүүжүүлсэн байна. Тэрээр хутагт Людовикийн лицей сургуульд сурч байх үеэсээ шүлэг оролдож, классицизмын дэгээр бичсэн магтаал шүлгээрээ уран зохиолын уралдаанд тэргүүлж байжээ. Гюго Магтаал ба бусад шүлгүүд (1822) анхны эмхэтгэл номоо хэвлүүлж, Францын хөрөнгөтний хувьсгалыг эсэргүүцэн 1793 онд босож тэмцсэн тайж нар, сүм хийдийнхэн, мөн Бурбоны удмын хаадын үеийг магтан сайшаасан нь язгууртан дээдсийн дунд түүний нэрийг алдаршуулж, XVIII Людовик хаан Хюгод мөнгөн шагнал олгож байв. Хаант засгийг талархах энэ санаа түүний Исланд Ган (1823), Толгойлогч Жаргаль (1826) зэрэг анхны романуудад ч шингэж орсон юм.

Францад Бурбоны удмынхны засаг ноёрхлыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөж байсан 1820-оод оны сүүлч үеэс Гюго өөрийн хуучин үзлээсээ хөндийрч эхэлсэн нь 1827 онд бичсэн Кромвел жүжгийнхээ гол баатраар Английн хөрөнгөтний хувьсгалын удирдагчийг гаргаснаас нь ч харагддаг. Гэвч Францын уран зохиолын цаашдын хөгжлийн хувьд, мөн Гюгогийн уран бүтээлийн тухайд ч уг жүжгээсээ илүү, энэ жүжгийн Өмнөтгөл үг нь чухал юм. Өмнөтгөл үгэндээ классицизмын гоо зүйн үеэ өнгөрөөж улиг болсон хатуу чанад дүрэм журмыг халахыг уриалан,

"Элдвийн онол, туурвил зүй, дэг журмыг алхаар хэмх цохьё. Урлагийн нүүрэн талыг халхлаад байгаа хуучирсан шаваасыг нь хусч хаяя"

гэж бичсэн байдаг. Тэрбээр классицизмын гоо зүйн "гурван нэгдлийн" онол, уран зохиолыг олон төрөл зүйл болгон зааглаж тусгаарласан журам дүрмийг буруушаан

"Ямар ч дүрэм, ямар ч хэв загвар байхгүй, тодруулж хэлбэл, урлагийн бүхий л төрөлд ноёрхлоо тогтоох түмэн бодосын түгээмэл хуулиас өөр ямар ч дүрэм байхгүй"

гэж бичжээ.

Гюго романтизмын энэ зарчмаа "яруу найргийн хамгийн дээд, төгс төгөлдөр төрөл" хэмээн үздэг байсан жүжгэн төрөл зохиол дээр хэрэгжүүлэхийг чухалчилж байв. Энэ нь түүний Эрнани (1829), Марион де Лорм (1831), Хаан зугаацаж байна (1832), Рюи Блаз (1838) зэрэг жүжгээс харагдана. Зохиолч, Эрнани жүжгээ хэвлүүлэхдээ өмнөтгөл үгэнд нь: "Уран зохиолын эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний төрсөн охин нь мөн" гэж бичжээ.

1830-аад оны үед Гюго Намрын навч (1831), Харуй бүрий үеийн дуунууд (1835) зэрэг шүлгийн түүврээс гадна Парисын эх дагинын сүм (1831) хэмээх олонд алдаршсан анхны романаа бичсэн юм. Гэвч 1830-аад оны эцэс, 1840-өөд оны эхээр Францад хувьсгалт хөдөлгөөн татарч байсан үеэр Хюго улс төрийн амьдралаас хөндийрч, Гэрэл, сүүдэр (1840) яруу найргийн эмхэтгэл хэвлүүлж, өмнөтгөл үгэнд нь "... яруу найрагч хүн улс төрийн тэмцлийн гадна байх учиртай..." гэж мэдэгдсэн байна.

1840-өөд оны хоёрдугаар хагасаас Европ дахинд хувьсгалт хөдөлгөөн өрнөж, Францад 1848 оны хувьсгал гарсан нь Хюгог дахиад улс төрийн тэмцэлд татан оруулсан байна. 1851 онд Луи Бонапарт төрийн эргэлт хийж, Хоёрдугаар эзэнт улс тогтооход Гюго бүгд найрамдах улсын талд баттай зогсон, хэвлэлээр болон Үндэсний хурлын индэр дээрээс төрийн эрхийг булаан авагчдыг хайр найргүй шүүмжилж байв. Тэрбээр 1852 онд аргагүйдэж, гадаадад дүрвэн гарахад хүрсэн аж. Хилийн чинад гарсан хойноо III Наполеоны адал балмад явдлыг шүүн буруушаасан Нэгэн гэмт хэргийн түүх (1852) ном, Өчүүхэн Наполеон (1852) улс төрийн шоглол зохиол, Өс хонзон (1853) зэрэг улс төрийн хилэнт шүлгийн эмхэтгэлээ бичжээ.

Хүний нутагт хөөгдөж туугдсан арван есөн жил бол Хюгогийн уран бүтээлийн оргил үе байв. Тэрбээр энэ хугацаанд Шоовдор хүмүүс (1862), Зоригт далайчид (1866), Инээмтгий хүн (1869) зэрэг нийгмийн сэдэвтэй шилдэг сайн романууд, яруу найргийн хорин таван жилийн нь тайлан болсон Бясалгал (1856) хэмээх хоёр боть шүлгийн түүврээ нийтлүүлсэн юм.

III Наполеоны эзэн тулс балран унасны дараа Гюго Францад буцаж ирэхэд нь пруссын цэргүүд Парисын хаяанд ирээд байжээ. Гюго 1870-1871 оны өвөл пруссын цэргүүдэд бүслэгдсэн Парис хотноо өвөлжихдөө улс үндэстэн, нийслэл хотоо хамгаалан тэмцэхийг уриалсан ухуулах хуудас, уриалга бичиж тараан, жаран есөн настай өвгөн зохиолч өөрийгөө хүртэл цэрэгт бүртгүүлж байжээ.

Гюго 1874 онд Якобинчуудийн тэмцлийг дүрслэн үзүүлсэн Ерэн гуравдугаар он романаа бичсэн юм. Тэрбээр насан бүр өндөр болсон хойноо Өвөө болох эрдэм (1877) шүлгийн түүвэр, Үе үеийнхний домог хэмээх гурван хэсэг бүхий (эхнийх нь 1859, дундах нь 1877, сүүлчийн хэсэг нь 1883 онд хэвлэгдсэн) хууч яриа, домгийн цуврал бүтээлээ бичсэн байна. Виктор Гюгогийн яруу найраг, хүүрнэл ба жүжгийн зохиол нь Европ дахины уран зохиол, урлагт үлэмж нөлөө үзүүлсэн байна.

Орчуулга[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлнээ Шоовдор хүмүүс, Инээмтгий хүн, Зоригт далайчид, Парисын дарь эхийн сүм, Толгойлогч Жаргаль зохиолууд нь орчуулагдсан бөгөөд Парисын эх дагинын сүм романаас сэдэвлэн зохиосон Эсмеральда бүжгэн жүжгийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглодог. Анх Парисын эх дагинын сүм-ийг орчуулахад нэрийг нь "Парисын дарь эхийн сүм" гэж өгсөн нь их гүүш Бямбын Ринчен гуайгаас ихэд шүүмжлэл хүртэж байсан билээ.