Вячеслав Молотов

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вячеслав Молотов

Вячеслав Михайлович Молотов (орос. Вячеслав Михайлович Молотов, 1890 оны 3 сарын 9 (Юлийн тооллоор 2 сарын 25) - 1986 оны 11 сарын 8) нь Зөвлөлт Холбоот Улсын улс төрч, хувьсгалч юм. Зөвлөлт Холбоот Улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа элчин сайдын албыг хашиж байв. Эхнэр нь еврей хүн байсан бөгөөд Сталины засаглалын үед хэлмэгджээ.

Намтар[засварлах]

Молотов 1890 оны 3 сарын 9-нд Хаант Орос Улсын Норинскт төржээ. Түүний жинхэнэ нэр нь Вячеслав Михайлович Скрябин бөгөөд хөгжмийн зохиолч Александр Скрябин түүний авга ах болно. 1906 онд Оросын Ажилчны Социал Демократ Намд элсчээ. 1909 онд Казаний технологийн сургуульд суралцаж байхдаа хувьсгалт хөдөлгөөнд оролцож эхлэн, түүнээсээ болж Сибирьт цөлөгдөж байв. 1911 онд ялын хугацаагаа дуусгаад Петербургийн технологийн их сургуульд элсэн орсон боловч дахин Эрхүү мужид цөлөгдсөн байна. 1915 онд тэндээсээ оргож, Петроградад нуугдан аж төрж байгаад 1917 оны 2 хувьсгал болох 2 сарын хувьсгал ба Октябрийн хувьсгалд оролцсон юм.

Сталин, Ворошилов нарын хамт. 1937 он

1921 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв хорооны нарийн бичгийн дарга болж, 1926 онд Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон байна. 1927 оноос Коминтерний гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1929 онд Николай Бухарин албан тушаалаасаа зайлуулагдсаны дараа Коминтерний нэгдүгээр хүн болсон юм.

1930 онд Ардын комиссаруудын зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдын албанд томилогдов. Улмаар Гитлертэй ойртох бодлого баримталж байсан Сталин еврей үндэстэн болох Максив Литвиновыг Гадаад хэргийн ардын комиссар буюу Гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцруулахад Молотов хавсрах болсон байна (1939 оны 5 сараас). Энэ хугацаанд Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ (Молотов-Риббентропын гэрээ гэгддэг)-г байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

1940 оны намар Берлинд айлчилж, Гитлер болон Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроптой уулзалт хийж байх үед Английн нисэх хүчний бөмбөгдөлт болж, тэд хоргодох байранд уулзалтаа үргэлжлүүлж байсан бөгөөд тэр үед Германы тал Английн ялагдал ойлгомжтой хэмээн хэлэхэд Молотов "Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?" хэмээн асууж Гитлерийг уурлуулж байсан гэдэг.

1940 оны 11 сар. Германы удирдагчидтай уулзаж буй Молотов

Мөн тэрээр Балтын орнуудыг ЗХУ-д нэгтгэх, өвлийн дайныг зохион байгуулахад удирдах үүрэгтэй оролцжээ. Өвлийн дайны үеэр ЗХУ-ын тал Финляндын хотуудыг бөмбөгдөж байсан бөгөөд түүнийг эсэргүүцэж гаргасан мэдэгдлийн хариуд Молотов "Бид талх хаяж өгч байгаа юм" гэж мэдэгдсэн аж. Хожим "Молотовын талх" гэдэг хэллэг ихэд дэлгэрсэн юм.

1941 онд ерөнхий сайдын ажлаа Сталинд хүлээлгэн өгөөд Гадаад харилцааны салбарт бүх анхаарлаа хандуулах болов.

Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Сталиныг нас барсны дараа Гадаад хэргийн сайд бөгөөд ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албыг хаших болсон тэрээр Сталинизмаас татгалзах бодлого баримталж байсан Никита Хрущевтай зөрчилдөх болжээ. Георгий Маленков, Лазарь Каганович нарын хамт Хрущевыг тзлхэн унагахаар оролдсон боловч эсрэгээрээ 1957 онд Намын эсрэг бүлэг гэгдэн намаас хөөгдөж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух элчин сайдаар томилогдож, албан тушаал буурсан юм.

1960 оноос Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг дахь ЗХУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1962 онд тэтгэвэртээ гарчээ. Түүний намын гишүүнчлэлийг 1984 онд сэргээсэн байна. Молотов 1986 оны 11 сарын 8-нд Москва хотноо 96 насандаа нас баржээ.

Мөн үзэх[засварлах]

Өмнөх
Алексей Рыков
3 дахь ЗХУ-ын Ардын комиссаруудын зөвлөлийн дарга
1930 - 1941
Дараах
Иосиф Сталин
Өмнөх
Максим Литвинов
ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар
1939 - 1949
Дараах
Андрей Вышинский
Өмнөх
Андрей Вышинский
ЗХУ-ын гадаад хэргийн сайд
1953 - 1956
Дараах
Дмитрий Шепилов