Галдан бошигт хаан

(Галдан-с чиглүүлэгдэв)
Галдан бошигт хаан
Бошигт Хаан
Хаанчлал1671-1697
Бүтэн нэрГалдан
ӨмнөхСэнгэ хунтайж
УдаахЦэвээнравдан
ЭцэгЭрдэнэбаатар хунтайж
ШүтлэгШарын шашин
УлсЗүүнгар
Ургийн овогЦорос

Галдан бошигт хаан (1644-1697) нь Зүүнгарын хаант улсын хунтайж (1671-1677), 1677 онд Зүүнгарын хаан болж, 1679 онд Далай ламаас Бошигт цол хүртснээр Галдан бошигт хаан хэмээгдэх болжээ.

Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатадын тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Банчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Галдан Төвөдийн өндөр мяндагт лам Энса Брүлгүгийн хойд дүрээр тодорч, 1656 оноос 10 жилийн хугацаанд Төвөдөд суралцаж, Далай лам, Банчэн ламын дэргэд шавилан суужээ. Гэвч Сэнгэ үеэл нартаа алуулсны дараа түүний өшөөг Галдан авч, 1671 онд Далай багшаас хунтайж цол хүртэн Зүүнгар аймгийн ахлагч болсон юм. 1678 оны өвөл тавдугаар Далай лам Галданд “Шашныг баригч бошогт хаан” цолыг олгосноор Зүүнгарын эздийн дотроос Галдан ганцаараа хаан цолтой болжээ. Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнөх үед монголчууд Тэнгэрээ шүтэж амьдардаг байлаа. Төвөд боловсрол олсон Галдан Далай ламын бүхнээс үнэнч шавь нарын нэг болжээ. Хожим тэрбээр Далай ламын төлөө бүх амьдрал, тэмцлээ зориулжээ.

Хаан болсон нь[засварлах | кодоор засварлах]

Эрдэнэбаатар хунтайжийн зургаадугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хунтайжын орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав.[1] Энэ Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Торгуудын Шүхэр дайчины охин Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Төвөдөд суулгаад, нөгөөд нь хунтайжын суудлаа залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галдан[2]г Төвөдөөс дуудаж хунтайжын ор суулгасан нь эртний ёсыг дагасан хэрэг ажээ.

Хүчирхэгжилт[засварлах | кодоор засварлах]

Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хунтайжын ширээнд сууж, тухайн үедээ дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы ач охин Ануг өөрийн их хатан болгож,тархай бутархай баруун монголчуудыг хүчээр нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Хаан цолыг Төвдийн далай ламаас авав. Түүнийг зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг нэгдсэн улс байгуулах зорилготой байсан гэж социалист түүхчид анх дүгнэсэн байдаг. Үүний тулд газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хот атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.

Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. Орос, Хятадыг холбосон Торгоны замыг хяналтдаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.

1688 онд Галдан бошогт цэрэглэж Халх монгол руу дайрсанаар Монголын уламжилалт төрийн сүүлчийн хант улс буюу Алтан ургийн төрийг унагаж Манжид дагаар орох нөхцлийг бүрдүүлжээ. Тэрбээр Монголоос Ойрадыг салан тусгаарлаж Зүүн гарын хант улс байгуулах түүхэн нөхцлийг ашиглаж чадсан улс төрч байв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эцэг: Хотогчин эрдэнэбаатар хунтайж

Эх: Торгуудын Юм Агас

Ах: Сэнгэ хунтайж

Хатан: Хошуудын Ану хатан

Хөвүүн: Сэвдэнбалжир тайж[3][4]

Охин: Юмчихай болон Бум[5][6]

Галдан бошигт хааны шадар болон ойрын хүмүүс, тэдгээрийн хувь заяа[засварлах | кодоор засварлах]

- Дай Баатар Зайсан: Зуун Модны тулалдаанд их бууны суманд оногдож үхжээ.

- Болад Хожа: Зуун Модны тулалдаанд суманд xарвуулж үхжээ.

- Ану Xатан: Зуун Модны тулалдааны үеэр цахиур бууны суманд оногдон таалал төгссөн.

- Дамба Хашиха, Цагаан Шадар Хашиха: Зуун Модны тулалдаанaар 100 гаруй хүн дагуулан манж генерал Маскад дагаар оржээ.

- Цэрэнжав Тайж, Баатар Тайж, Мэй Зайсан, Маму Гүен Зайсан, Эринчин Хашиха, Бишрэлт Цорж: Зуун Модны тулалдаанaар хүмүүсийнхаа хамт манж генерал Фиянгу-д дагаар оржээ.

- Зайсан Түшээт Норов: Зуун Модны тулалдааны дараа Галдантай хэсэг хамт байж байгаад 80 хүн дагуулан Манжид дагаар оржээ(1697 оны эхээр).

- Үржинжав, Цэрэн, Аба: Галданг нас барсны дараа Цэвээнравданд баригдсан.

- Аралбай: Галданг нас барсны дараа өөрийгөө дүүжилж үхжээ.

- Данжин Омбо: Цэвээнравдангийн дүү. Галданг нас барсны дараа Цэвээнравдан руу очсон. Түүнийг шоронд хийсэн байна.

- Гэлэй Гүен: 1697 онд Галдангаас салан хүмүүсийнхээ хамтаар Манжид дагаар оржээ.

- Данжила: Галданг нас барсны дараа түүний охин Юмчихай, мөн Галдангийн үнсийг Далай ламд хүлээлгэж өгөхөөр явах замд нь Цэвээнрабдангийн цэргүүд довтолж Юмчихайг олзолжээ(1697 оны 7-р сар). Данжила Хами орчимын лал шашинтнууд руу зугтан тэднээр хамгаалуулан Бэйжинд очсон байна(1697 оны 10-р сар). Түүнд хүмүүсийнх нь хамт Жанчүүгийн давааны хойно нутаг зааж өгчээ. Мөн Манжийн хаанаас өндөр цол хэргэм хүртжээ.

- Ялгуусан Хутагт: Хошуудын Очирт Цэцэн Ханы хүү. Далай ламын элчээр Манжийн Сунши хаанд очиж байcaн. 1685 онд Хөххотын, 1687 онд Бэйжин хотын тэргүүн хамба болсон байна. Канши хааны элчээр Галдан Бошигт руу очиж байсан, удалгүй Галдангийн талд оржээ. Галданг нас барсны дарaa Цэвээнрабдан түүнийг Манжийн хаанд барьж тушаасан байна. Түүнийг Бэйжингийн Их шар сүмд монгол ноёдын өмнө мөчлөж алжээ(1697.11.29).

- Цэнбэй Сангбу: Галдангийн хувийн эмч. Цэвээнрабданд баригдаад Манжийн хаанд хүргэгджээ. Түүнийг цаазалсан байна.

- Мөнх: Галдангийн бүх цэргийн жанжин бөгөөд Халхын болон Манжийн эсрэг дайныг удирдаж байсан. Энэ хүний талаарх мэдээлэл түүх судраас олдох нь ховор.

- Сэвдэнбалжир: Галдангийн 14 настай хүү. Хами орчимын лал шашинтнууд түүнийг барин Манжийн хаанд хүргүүлжээ(1697 оны 3-р сар). Канши түүнийг эцэгийнх нь хамт цаазлах хүсэлтэй байсан боловч Галданг нас барсны дараа амьд үлдээжээ. Сэвдэнбалжир Бэйжинд Юмчихай эгчтэйгээ нэг хэсэг амьдарч байгаад Манжийн хааны хэшигтэн цэрэгт орсон байна.[7][8]

- Юмчихай: Галдан, Ану хоёрын охин. Цэвээнрабдан түүнийг Манжийн хаанд хүргүүлжээ(1701 он). Тэнд дүү Сэвдэнбалжиртайгаа хамт амьдарч байгаад Манжийн хэшигтэн цэргийн Шагдар гэдэг хүнтэй суужээ.[9][10]

- Цэрэнсанруб: Галдангийн хүү. Цэвээнрабдан түүнийг ээжийнх нь хамт (Бүрин) Манжийн хаанд хүргүүлэхээр явуулжээ. Гэвч замдаа нас барсан байна.

- Рабдан: 1702 онд хүмүүсээ аван Манжид дагаар оржээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Smith 1997, p. 116
  2. Martha Avery -The Tea Road: China and Russia meet across the Steppe, p.104
  3. Hummel, Arthur William (1944). Eminent Chinese of the Ch'ing Period (1644-1912). Eds. US Government Printing Office. p. 266.
  4. Perdue, Peter C (2009). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Harvard University Press. p. 289. ISBN 978-0-674-04202-5.
  5. Hummel, Arthur William (1944). Eminent Chinese of the Ch'ing Period (1644-1912). Eds. US Government Printing Office. p. 266.
  6. Perdue, Peter C (2009). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Harvard University Press. p. 289. ISBN 978-0-674-04202-5.
  7. Hummel, Arthur William (1944). Eminent Chinese of the Ch'ing Period (1644-1912). Eds. US Government Printing Office. p. 266.
  8. Perdue, Peter C (2009). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Harvard University Press. p. 289. ISBN 978-0-674-04202-5.
  9. Hummel, Arthur William (1944). Eminent Chinese of the Ch'ing Period (1644-1912). Eds. US Government Printing Office. p. 266.
  10. Perdue, Peter C (2009). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Harvard University Press. p. 289. ISBN 978-0-674-04202-5.