Гандан норовлин хийд

Гандан норовлин хийд

Гандан норовлин хийд ШБ (шашны байгууллага) нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд байрлах буддын шашны гэлүгва ёсны хийд юм.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Гандан норовлин гэдэг нь төгс баясгалант эрдэнэ хийд гэсэн утгатай. Олны дунд Илдэн бэйлийн хүрээ гэж нэршсэн ба Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны гол хийд юм. Тус хийд нь / 1995-2011/ оныг хүртэл Гандан пэлжээлин нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2011 оны 9 сард Илдэн бэйлийн хошууны гол хийдийн нэр болох Гандан норовлин хийд нэрийг авч өөрчлөгджээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Илдэн бэйлийн хошууны уг гарвал[засварлах | кодоор засварлах]

Их монгол улсын эзэн богд Чингэс хааны 19-р үеийн ач Цогт хун тайжын IV-р хүү Заан хун тайжын ахмад хүү Сутай Илдэн нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны анхны засаг байгуулсан ноён юм. \1688\

Илдэн бэйлийн хүрээний үүсэл[засварлах | кодоор засварлах]

Угсаа залгамжилсан Илдэн засаг ноёдууд хошуу нутагтаа өдгөөгөөс 183 жилийн тэртээ 1828 онд Ханги уулын зүүн этгээдэд “ Рэвү гэжээ гандан норовлин “ хэмээх орон хийд сүм дуган хуврагын аймгийг үүсгэжээ .

Дацан сургууль дуган сүм[засварлах | кодоор засварлах]

Дацан[засварлах | кодоор засварлах]

Илдэн бэйлийн хүрээний хамба Агваандамба ламтан “ Жамьяан шадүв” игчаат Цаннид чойрын дацанг үүсгэн байгуулсан бөгөөд улмаар Жүд , Манба, Ламрим, ,Зурхайн дацан зэрэг олон дацанг үүсгэжээ. Эдгээр дацан сургуульд 1000 гаруй лам хуврага шавилан сууж хурал ном хурахаас гадна гvн ухаан болон урлахуй, анагаах, учир шалтгаан, дууны зэрэг буддын шашны их бага 10 ухааныг судалж, ном бvтээл туурвиж байсан байдаг. Цаннид чойрын дацанд суралцсан лам нар гавжын дамжаа барьж байжээ.

Хийдүүд[засварлах | кодоор засварлах]

Хошууны албан бичгүүдэд дурсанаас үзэхэд Илдэн бээлийн хошуунд Ханги уулын зүүн этгээдэд байгуулсан “Гандан норовлин “ гэх гол хүрээнээс гадна

  1. Есөн зүйл хэмээх газар нэг хурал
  2. Дунд яргайт хэмээх газар нэг хийд
  3. Хужиртын халуун усны газар нэг хийд

байж тус бүрт нь цөөн лам нар сууж хурал ном хурдаг байжээ. Эдгээр хийдүүд нь Гандан норовлин хийдийн салбар байдлаар хоорондоо өртөө"30-35км " орчим зайтай байрлаж хурал номын ажлаа явуулж байсан байна.

Дуган сүм[засварлах | кодоор засварлах]

20-р зууны эхэнд Илдэн бээлийн хүрээ нь “ Рэвү гэжээ Гандан норовлин “ нэртэй гол хийд буюу 1.Цогчин хурал 2. Чойр дацан 3. Жүд дацан 4. Манба дацан 5. Ламрим дацан 6. Майдрын дуган 7. Эрээтийн дуган 8. Ноёны дуган 9. Тахилын дуган 10. Шүтээний дуган 11. Дүйнхорын дуган 12. Сэдэдийн дуган 13. Ерөөлийн дуган , Зүүн жасын 3 дуган , Баруун жасын 3 дуган, Сумын 2 дуган, Өргөөн дуган 15 ханатэй гэр дуган, бархан модон барын хэвлэх үйлдвэртэй 5 дацан, 11 жас, 22 тооны дугантай байжээ. Хүрээний орчимд 1000 гаруй лам , модон барчин ,уран сийлбэрч, оёдолч, дархан ,мужаан ,зураач зэрэг 500 орчим тооны гар урчууд суурин байдлаар амьдарч байжээ. Энд монголчуудын олон жилийн турш туурвиж ирсэн ном судрууд, алтаар бичсэн Ганжуур хадгалагдаж , 20 тохой алтан Майдар бурхан зэрэг ховор нандин бурхад шvтээнvvд тахигдаж байв . Илдэн бээлийн хошууны хүрээ нь их хэлмэгдүүлэлт эхэлсэн 1937 он хүртэл хошууны шашин соёлын төв, сүсэгтэн олны нандин шүтээн , номын олон мэргэд төрөн гарах орон болж 109 жил оршин тогтнож байгаад устгагдсан түүхтэй.

Дахин сэргэлт[засварлах | кодоор засварлах]

1990 ээд оны эхээр нийгэмд өөрчлөлт гарч иргэд шашин шүтэх эрх чөлөөтэй болоход Илдэн бээлийн хошууны хүрээнд сууж байсан өвгөн лам нар цугларч эртний түүхт хийдээ сэргээхээр санаа нэгдэн Өлзийт ,Хужирт сумын сүсэгтэн олны дэмжлэгийг авч 1991 оны 5 сарын 18 нд Өлзийт сумын нутаг дахь Илдэн бээлийн хүрээний хуучин буурин дээр хурал хийдээ дахин сэргээсэн билээ.


Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Гандан норовлин хийд нь шашны байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус ,төрийн бус, 100 хувь олон нийтийн өмчийн байгууллага юм.
1991 оны 5 сарын 18 нд Өлзийт сумын нутаг дахь Илдэн бээлийн хүрээний хуучин буурин дээр хурал хийдээ дахин сэргээж 55 жил завсардсан хурал уншлагаа залгуулан хурж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан ч уг газар лам нар амьдрах ахуйн нөхцөл байдал муу байсаны улмаас зөвлөлдөн нүүхээр шийдвэрлэж хойтон жилийн хавар нь Илдэн бээлийн хошууны Халуун усан сүм байрлаж байсан Хужирт сумын төвд нүүж ирж хуучин мал эмнэлэгийн актлагдсан байрыг худалдан авч байрлажээ. Хийдийн хамба ламаар МУ-н урлагын гавьяат зүтгэлтэн Л.Дорж , унзадаар Илдэн бээлийн хүрээний цогчин унзад Р. Гомбо нар байж эртний түүхт Илдэн бээлийн хүрээний хурал уншлага ая дан дэг жаягыг уламжлуулан 29 ламтай хурж байжээ. 1995 онд УБ хот дахь нутгийн зөвлөл ГХЯамны сайд Гомбосүрэнгийн дэмжлэгээр байраа дуган оройтой болгон засаж дуганы хойно бодь суврага босгов. 1995 онд энэтхэг улсаас Сажа ринбүүчиг , 1996 онд энэтхэг улсын элчин сайд Бакула ринбүүчиг орон хийддээ залж ном айлдуулж байжээ. 1995 онд Илдэн бээлийн хошууны дархан унзад Р.Гомбын өргөдлөөр Гандан пэлжээлин хийд нэртэйгээр улсын бүртгэлд бүртгэгджээ. 2000 онд нутгийн олны хандив дэмжлэгээр Майдар эргэх ёслолыг сэргээн үйлдэж уламжлал болгожээ. 2001 оноос Их британи улсаас Банчин ойбүрүл ринбүүчиг жил бүр залж ном айлдуулж байна. 2001 онд хийдийн үйл ажиллагаагаа өргөтгөх болон Илдэн бээлийн хошууны Халуун усан сүмийн дуганыг дахин сэргээх зорилгоор дуганы барилга барихаар шийдвэрлэж хуучин Халуун усан сүмийн буурин дээр барихаар -*төлөвлөсөн боловч уг жинхэнэ буурин дээр нь Энх ус ХХК-н зочид буудал , агуулах баригдсан байсан тул хуучин бууринаас \ 200 м урагш\ газарт барихаар шийдвэрлэж 2001 онд Банчин Ойбүрүл Ринбүүчийгээр шав тавиулан ажлаа эхэлжээ. Хурлын дуган , сургууль, захиргаа аж ахуйн 7 өрөө бүхий 400 м2 талбайтай дуганыг нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр барьж босгон 2008 оны 10 сарын 2 нд ашиглалтанд оруулан эртний түүхт хийдийнхээ үүсэн байгуулагдсаны 180 жилийн ойг хийв. 2008 оны 12 сарын 25 өдөр Их аварга Д.Давгадорж хийдийн гол сахиус Шалши бурханыг залав. Гандан норовлин хийд нь анх үүссэнээс хойш 184 дахь жилдээ Илдэн бээлийн хүрээний хурал уншлага ёс уламжлалыг залгамжилан үргэлжлүүлж байгаа эртний түүхтэй хийд юм.



Илдэн бэйлийн хүрээний хамба ламтан Агваандамба[засварлах | кодоор засварлах]

Илдэн бэйлий хошууны хүрээний хувилгаан ламын анхдугаар дүр 1814 онд мэндэлснийг багад нь хувилгаанд тодруулан өргөмжилж, номын алдрыг нь Агваандамба хувилгаан гэх болсон байна. Агваандамба хувилгаан бага насандаа нэн сэргэлэн цовоо хүүхэд байсан ба ном үсгэнд суралцах цагтаа урд нь суралцсан мэт болгоож байсан гэдэг. Тоглож наадах нь хүртэл сүм хийд барих,хурал ном хурахын зүйлээр наадаж, өчүүхэн бага насандаа өндөр дээдсийн зан ааль, явдал намбыг олсон нь хар шар олонд үзтэл гайхамшиг болж мөргөх сүсэглэх итгэлийн орон болов гэжээ. Улмаар Их хүрээнд заларч , Даш чоймбэл \гүн ухааны сургууль\ дацанд шавилан Ням тэргүүтэн буяны барилдлагат олон мэргэдийг багшид барин гүн ухаан цаннид чойрын ном тэргүүтэн ухаан эрдэм бүхэнд хичээн суралцав. Хожим цаннид чойрын номд гаргууд боловсрон Намдэл Парчин , Ум ,Зод, Дүлба зэрэг гүн ухааны ботиудаас ном хаялцан мэтгэлцэхийн цагт ухаан саруул олон хуврагуудын дотроос нэн илүүтэй байж ном алдар нь дуурслаа гэжээ. Богд Жавзүндамба, Банчин Эрдэнэ Лувсанчойжанцан богд тэргүүтэн номын олон богдсын өмнөөс ван авшиг , эш хөтөлбөр,даган соёрхол,айлдвар зарлиг олныг сонсож судар тарнын ёсонд ихэд мэргэшжээ. Хамбу номун хан Агваанхайдавын гарын шавь байж номлох туурвихуйд суралцжээ. Хойно Илдэн бээлийн хошуундаа эргэн залрахад хошууны ноёд ихэс тайж түшмэл, хар шар олноор шавь орон Илдэн бэйлийн хүрээний оронгын эзэн ламаар өргөмжилжээ. Агваандамба хувилгааныг хошуу хотлоороо багштан хэмээн авгайлдаг байсан байна. Агваандамба багштан Илдэн бэйлийн хүрээг ихэд өргөжүүлэх зорилгоор лам нарын сургалт сахил санваарт нэн их анхаарч гүн ухааны сургууль Чойр дацан,Тарнын ухааны сургууль Жүд дацан, эмийн ухааны сургууль Манба дацанг цүглэн хурал уншлага дэг жаягыг тогтоон үүсгэжээ. Майдар ,Цагаан шүхэрт,Манал,Сайн цагийн 1000-н бурхан,сүм суврага тэргүүтэн шүтээн олныг бүтээн босгожээ. Хурал уншлагыг өргөжүүлэн өөрөө Манал, Гандан лхавжайн тахилын чог, Ламрим чогыг зохиож айлдан зуны эхэн сарын шинийн 1-15-ыг хүртэл хурдаг болгон зохиожээ. Бусад олон хурал уншлагыг тогтмол хурдаг болгож ая дан, дэг хөтөлбөрийг тогтоон барьжээ. Мөн Майдар эргэх,Ганжуур эргэх зэрэг шашны зан үйлийг эхлүүлэн дэглэсэн байна. Лам хуврагуудын сахил санваарыг ариун байлгахад анхааран винайн ёс цаазыг нарийн барин тогтоож байжээ. Хошууны хүрээнд махан цав барьдаггүй , хүрээний гороонд амьтан хороохыг цээрлэх , үдэш бүсгүй хүн оруулдаггүй журам тогтоож байсан байна. Архивийн баримтанд : Хошуу ноёны бичиг “ Эдүгээ манай хошуу хүрээ болбоос анх хурал номыг цүглэж,бурхан багшийн хоёрдугаар богд Зонхавагийн шашныг дэлгэрүүлж Богд эзний түмэн өлзийн тухай хурал хуруулж байснаас гадна шашин амьтны тусад авралын орон болсон нэгэн сайн лам \Агваандамба хувилгаан\ залран ирсэнд урьд үеийн бэйл Шарав Цэрэнжав нар эхлэн хошуу олноор шавь орж, Агваандамба багштан бээр чойр цүглэж олон дацан жас жав нэмэн гаргаж, хурлын дэглэм тогтоож шарын шашныг таалан дэлгэрүүлж, Богд эзний түмэн өлзий хурлыг улам улмаар бататгаж, хурлыг уншлага дэглэмийг олон хуврагад нарийн чандаар сурган зааж, ялангуяа чойрт орсон нарийн сургуулийн хуврагуудыг нарийвчлан чандлан зааж хэлж, шарын шашныг сайхнаар дэлгэрүүлжээ.” гэсэн байна. Агваандамба багштан нь бичгийн их эрдэмтэн байсан бөгөөд айлдаж бичиж туурвисан бүтээлүүд нь хоёр сүнбум буюу боть болсон байна. Нэг нь эртний энэтхэгийн “Бодьсадын явдал дор орохуй” хэмээх гүн ухааны бүтээлийн оруулга тайлбар бүтээл ба нөгөөх нь өөрийн айлдаж туурвисан 350 гаруй гаруй том жижиг бүтээлийг нь шавь Лувсан одсэр хэмээгч эмхэтгэн зарлигийн сүнбум боть болгожээ. Энэ хоёр боть бүтээлийг хэл бичгийн ухааны доктор Чой.Лувсанжав сурвалжлан олсоныг Энэтхэгийн нэрт эрдэмтэн Шарада Рани эрхлэн 1982 онд Дели хотд энэтхэг азийн утга зохиолын Шата питака цувралын 256-д хэвлэгджээ. Эдүгээ энэтхэгт хэвлэгдсэн хоёр боть зохиолын гар бичмэл эх хувь нь Гандан норовлин хийдийн эрхэм шүтээн болон хадгалагдаж байна. Агваандамба багштан 1885 онд жанч халсанд лагшинг хошууны тахилгат уул болох өндөр Сант хайрханы оройд онголж дээр нь гүдэнгийн суврага босгожээ. Агваандамба багштан дахин хоёр удаа Илдэн бээлийн хошуунд хувилан төрсөн бөгөөд хоёрдугаар дүрийн хувилгааныг жанч халахад дээрх ууланд онголж суврага босгожээ. Гуравдугаар дүр Содномжамц нь Цогт тайжын удам Илдэн хошуу ноёны ууган хүү болж төрсөн бөгөөд гэрээс гарсан тойн хүн тул дүү Норовжанцан нь засаг барьж байжээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Хужиртын рашаан дээр байхад нь баривчлан 31-н сүүдэртэйд нь хэлмэгдүүлэн цаазалсан байна. Агваандамба ламтаны зохиол бүтээлийг олон эрдэмтэн судлаачид судлаж сурвалжилдаг ба 2011 оны 4-сарын 05 нд Агваандамба ламтан сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Гандан тэгчинлэн хийд дээр зохион байгуулагдав.