Гариг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дээд мөр: Тэнгэрийн ван, Далайн ван; Дунд мөр: Дэлхий, Хөхдэй мэргэн Б цагаан одой од, Сугар (хэмжээ зөв); доод мөр: доорхи зурагаас хар
Garag.PNG

Гариг нь од буюу одны үлдэгдлийг тойрон эргэх, бөмбөрцөг хэлбэртэй байхад хүрэлцэхүйц татах хүчтэй, цөмийн нэгдэх урвал явагдахад хүрэлцэхгүй хэмжээтэй, өөрийн орчмын зайг жижиг биетүүдээс чөлөөлсөн, өөртэй нь харьцуулахуйц хэмжээний биет ойр орчимд нь оршихгүй байх одон орны биет юм.[a][1][2]

Гаригуудыг эртний соёл иргэншлүүд бурхан эсвэл бурхны элчүүд хэмээн үздэг байжээ. Одоо ч гэсэн гаригуудыг хүний амьдралд нөлөөлдөг гэсэн итгэл байдаг нь астрологи, зурхай юм. Шинжлэх ухааны мэдлэг ихэссэнээр гаригийн тодорхойлолт өөрчлөгдөж, өөр өөр биетүүдийг оролцуулах болсон. Өнөө үед ч гэсэн бүхний хүлээн зөвшөөрдөг гаригийн тодорхойлолт гэж үгүй. 2006 онд Олон Улсын Одон Орны Холбоо нарны аймаг дахь гаригуудын талаарх алба ёсны тогтоолыг гаргасан ч үүнийг ч гэсэн зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрөөгүй байна.

Дээд мөр: Ангараг, Буд; доод мөр: Сар, Дэлхийн ван, Хаумеа одой гаригууд (хэмжээ зөв)

Эртний Ромын эрдэмтэн Птолемей гаригуудыг эпицикл байдлаар дэлхийг тойрч эргэдэг хэмээн үзэж байжээ. Хэдийгээр гаригууд нь нарыг тойрч эргэдэг гэсэн санаа олон удаа гарч байсан ч 17-р зуунд л Галилео Галилейн дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар энэ санаа дэмжигдэх болсон байна. Энэхүү ажиглалтын үр дүнгийн нарийн судалгаагаар Иоханнес Кеплер гаригуудыг тойрог бус эллипс байдлаар эргэдэгийг нээжээ. Ажиглах багажууд сайжирснаар гаригууд нь дэлхийн адилаар налуу тэнлэг дээр эргэж, мөсөн туйл, улиралтай; сансрын эрин үе эхэлснээр сансрын хөлгүүдийн ачаар галт уул, хар салхи, тектоник, гидрологийн онцлогтойг одон орон судлаачид нээсэн байна. 1992 оноос нарны аймгаас гадна, бусад одыг тойрч эргэх олон зуун гариг олдсоноор тэнгэрийн заадас галактик дахь гаригууд нь биднийхтэй ижил онцлогтойг тогтоожээ.

Гаригууд нь ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг: нягт багатай, том хэмжээний хийн гариг болон жижиг, чулуурхаг хөрст гариг. Олон Улсын Одон Орны Холбооны тодорхойлолт ёсоор нарны аймагт найман гариг оршино. Нарнаас тоолбол дөрвөн хөрст гариг: Буд, Сугар, Дэлхий, Ангараг; дөрвөн хийн гариг: Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван. Эдгээрэс гадна мөн одоогоор нээгдсэн таван одой гаригтай: Церера, Дэлхийн ван (хуучнаар ес дахь гариг хэмээгдэж байсан), Макемаке, Хаумеа, Эрида. Буд, Сугар, Церера, макемакег эс тооцвол эдгээр нь бүгд байгалийн дагуултай.

2009 оны 6 сарын байдлаар нарны аймгаас гадуур орших 353 гариг олджээ. Эдгээр дотор дэлхийтэй ойролцоо хэмжээний ч, аварга том хийн гаригийн хэмжээтэй гаригууд байна.[3]

Ишлэл[засварлах]

  1. IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes. International Astronomical Union (2006). the original on 2007-10-25-с архивлагдсан. 2008-08-23-д хандсан.
  2. Working Group on Extrasolar Planets (WGESP) of the International Astronomical Union. IAU (2001). 2008-08-23-д хандсан.
  3. Schneider, Jean (2009-06-03). Interactive Extra-solar Planets Catalog. The Extrasolar Planets Encyclopaedia. 2009-06-03-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Гариг»