Георг Ом

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Георг Ом

Төрсөн огноо 1789 оны 3 сарын 16 (1789-03-16)
Эрланген
Нас барсан огноо 1854 оны 7 сарын 16 (65 насалсан)
Мюнхен
Үндэс Герман
Салбар Физик
Алдаршсан зүйл Омын хууль
Нэр хүндтэй шагналууд Коплей медаль (1841)

Германы нэрт физикч, эрдэмтэн Георг Симон Ом ядуу айлын гэрт 1789 онд төржээ. Гэр бүлийн энэ ядуу амьдрал түүний сурч боловсроход нөлөөлж 1805 онд Эрлангений их сургуульд арайчүү гэж элсэж орсон боловч төгсөж чадалгүй дунд сургуульд математик, физикийн хичээл заадаг багш болсон байна. Энэ үеэс тэр физикийн ухааны «амт шимтэнд» орж багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийж, шаргуу хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар 1811 онд физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Бамберг, Кёльн, Берлиний гимназиудад 20 жил багшилсан.

Г.Ом 1833 онд Нюрнбергийн Политехникийн дээд сургуулийн профессор болж, улмаар 1839 оноос тус сургуулийн захирлаар ажилласан байна. 1849-1852 онд Мюнхений их сургуулийн ректор байв. Гүйдлийн хүч, хүчдэл, эсэргүүцлийн хоорондын холбоог тогтоосон цахилгаан хэлхээний үндсэн хуулийг тэр 1826 онд туршлагаар нээсэн нь хойшид Омын хууль хэмээн нэршжээ. Эхний үед эрдэмтэд тэр хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч хожим Э.X.Лоренц, Б.Я-Якоби, К.Гаусс болон бусад нэрт эрдэмтэд түүнийг өөрсдийн судалгаа шинжилгээний ажлын үндэс болгон ашиглах болсноор үнэн зөв нь нотлогдсон байна. Энэ хуулиа бүрэн хэлхээний болоод хэлхээний хэсэгт ямар байхыг онолын хувьд гаргаж бас цахилгаан хөдөлгөгч хүч, «хүчдэлийн уналт», «цахилгаан дамжуулах чадвар» зэрэг ойлголтыг физикт анх бий болгосон байна.

Г.Ом гүйдэл үүсгэгчийн цахилгаан хөдөлгөгч хүчийг 1830 онд анх удаа хэмжиж үр дүнд хүрчээ. Тэр амьдралынхаа сүүлийн жилүүдийг авиа судлалд зориулж ердийн дуу бол олон янзын дууны хослол нийлбэр болох тухай санааг анх гаргаж, хуний чих тухайн авиаг зөвхөн энгийн найраг хэлбэлзлээр үүсгэгдэх дуу маягаар хүлээн авдгийг тогтоосон байна.

Түүний энэ үндэслэлийг германы нэрт эрдэмтэн Г.Гельмгольц сонсголын резонансын онолыг бий болгохдоо тулгуур болгосон юм. Г.Ом мөн оптик болон кристалл оптикийн салбарт судалгаа хийж чухал үр дүнд хүрчээ.

Алдарт физикчийн нэрийг мөнхжүүлж Олон улсын хэмжлийн СИ системд цахилгаан эсэргүүцлийн нэгжийг Ом хэмээн нэрлэх болжээ.