Jump to content

Говийн их дархан цаазат газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Говь-Алтай аймгийн Баянтооройн бүрд
Говийн тал хээрийн бүс
Говийн тал хээрийн бүс

Говийн их дархан цаазат газар 1997 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Тус газар нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тив дэлхийн ач холбогдол бүхий онцгой газар нутагт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан ба дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. Дэлхий дээр зөвхөн Хятад, Монгол хоёр улсын нутагт цөөхөн тоотой үлдэж хоцорсон хавтгайн популяцийн үндсэн буюу цөм сүрэг Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт тархана. Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг нь Төв Азийн хэт гандуу, эрс тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамлан бүрхэвч сийрэг, ядмаг, хүн, мал нутаглахад тохиромжгүй зэлүүд нутаг юм.

Дархан цаазат газрын зорилго

[засварлах | кодоор засварлах]

Говийн их дархан цаазат газрын зорилго нь цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

Газар зүйн байрлал, хил хязгаар, хэмжээ

[засварлах | кодоор засварлах]

Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм. 1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр, Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.

Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ.

Говийн их дархан цаазат газрын “А” ба ”Б” хэсэг хоорондоо Аж богд, түүний ар, өвөр бэлийн 150 гаруй км өргөн зурвасаар тусгаарлагдах тул ландшафтын төрх байдал, байгалийн муж, бүс, бүслүүрийг төлөөлөх экологийн шинжээрээ нэг нь нөгөөгөөсөө ялгагдах өвөрмөц онцлогтой.

Уур амьсгалын онцлог

[засварлах | кодоор засварлах]

Говийн их дархан газар нь Монгол орны хамгийн хур тундас багатай, халуун, хуурай бүс нутагт тооцогдоно. Алтайн өвөр говийн уур амьсгалын онцлог шинжүүдийг эрс тэс, хуурай, зөвхөн зуны улиралд хур тундастай, хавар салхи шуургатай, өвөл дулаан, зунд халуун зэргээр тодорхойлж болно. Говийн уур амьсгал нь эх газрын эрс тэс шинжтэй, өвөл нь хүйтэн биш (-10о-15оС), зун халуун зарим тохиолдолд +45,0о С хүртэл хална.

Агаарын температур

[засварлах | кодоор засварлах]

Дулааны горим нь хоногийн ба улирлын температурын хэлбэлзэл ихтэй байна. Жилийн агаарын температурын хэлбэлзэл хасах 37 хэмээс нэмэх 40 хэм хүрнэ. Монгол орны бусад нутагтай харьцуулбал өвөл нь 5-6 хэмээр, зун нь халуун 5-8 хэмээр дулаан байна.

Хөрсний температур

[засварлах | кодоор засварлах]

Хөрсний гадарга дээр 1-р сард -12-18оС хүртэл хүйтэн, 7-р сард +24-ээс +32оС хүртэл хална. Үнэмлэхүй их нь +70оС хүрнэ.

Алтайн өвөр говь нь хур тундас маш бага, улирлын болон газар нутгийн хувьд жигд бус хувиарлагдана. Жилд дунджаар 39-65 мм хур тунадас унана. Тоорой станцад жилд дунджаар 59.3 мм хур тунадас буудаг нь манай орны дунджаас /200-300 мм/ 3-4 дахин бага байна. Гантай жил тухайлбал 1970 онд 28.7 мм, 1988-1989 онд 5.3-7.6 мм, заримдаа огт хур тундас орохгүй байх явдал ажиглагдаж байжээ. Хур тундасны ихэнх нь 6, 7, 8 сард бууж хүйтний улиралд маш бага байна. Өвлийн улиралд орсон бага хэмжээний харьцангуй тогтвортой цасан бүрхүүл тогтож уулс хоорондын хөндий хотгоруудаар амархан ууршиж алга болно.

Алтайн өвөр говийн уур амьсгалын нэг онцлог бол салхи юм. Салхины дундаж хурд 2.3-2.8 м/сек ба 4, 5-р сард 4.5-5.0 м/сек хүрнэ. Хаврын улиралд маш хүйтэн салхитай, энэ үед салхины хурд 40 м/сек түүнээс ч илүү байна. Шороон шуургатай өдөр олон байх ба зарим үед говийнхны нэрлэдгээр ‘’Угалзан’’ шуурга болно. Жилийн хүйтрэлгүй хугацаа дунджаар 130 хоног, ургамлын бүрэн ургалтын үе 4 сарын дунд үеэс 10 сарын эхэн үе хүртэл 160-180 хоног үргэлжилнэ. Нартай өдрийн тоо дунджаар жилд 355-360 хоног байна. Агаарын харьцангуй чийг: Жилд орох хур тунадасны хэмжээ бага, өвөл нь дулаан, зун нь халуун байдагтай холбоотой агаарын харьцангуй чийг маш бага, ялангуяа хэт гандуу цөлд хавар, намарт маш бага үзүүлэлттэй.

Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай. Энд Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан дэлхийд ховордсон, Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон мазаалай, хавтгай, хулан, хар сүүт, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтны өлгий нутаг юм. Алтайн өвөр говийн жигүүртний аймгийн гол цөмийг цөлийн чогчоохой, цөлийн зэржигэнэ, тарчигнаа зэржигэнэ, монгол хулан жороо, бялзуумар, загийн бор шувуу болон бусад говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд сайн зохицсон суурин юмуу өндөглөн зусдаг нүүдлийн болон экологийн уян хатан чанар ихтэй эврибионт зүйлүүд бүрдүүлнэ. Алтайн өвөр говьд Монгол орны хамгийн том гүрвэл болох Замба гүрвэл, мөн түүнчлэн нохой гүрвэл, говийн нүцгэн сарвуут геккон гүрвэл, говийн гүрвэл, монгол гүрвэл, загалт гүрвэл, нарийн могой, тэмээн сүүл могой, сум могой зэрэг ховор мөлхөгчид бий.

Цөлийн ургамалшлаас зүйл бүрийн бударгана, дэрс, шар мод, буйлс, харгана, заг голлохоос гадна булаг шанд, баянбүрдээр тоорой жигд, хайлаас, сухай, хармаг, гоёо, таана, боролзой, зээргэнэ, шаваг, шарилж, ортууз зэрэг элдэв модлог бутлаг, өвслөг ургамлаар нилээд баялаг, шал тойром, элс манхан зэрэг огт ургамалгүй газар ч мэр сэр тохиолдоно.

Говийн их дархан газарт эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэц багагүй тохиолдоно. Сэгс цагаан богдын баруун суга, Эдрэнгийн явар цонжоор гуравдагч галавын үеийн зүйл бүрийн амьтан, ургамлын чулуужсан үлдэц ястай. Түүх дурсгалын үлдэгдэл багагүй байдаг бөгөөд эртний баянбүрд, элс манхан, шал тойром, булаг ус зэрэг газруудаар хуучин чулуун зэвсгийн үеийн болон шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг олддог. Алтайн цаадах говийн экосистем хүн ам сийрэг суурьшдагаас аж ахуйн үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө харьцангуй хадгалсан, удаан хугацааны хөгжлийн түүхэнд бий болсон унаган загвар нутаг юм.