Гомбожавын Очирбат

Гомбожавын Очирбат (1929 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Бударганы “Хасгааг” хэмээх газар төрсөн).

1938 онд Нөмрөг суманд байгуулагдсан ерөнхий боловсролын бага сургуульд орж суралцан төгссөнөөс хойш аймгийн дунд сургууль, Улаанбаатар хотын багшийн сургууль, Москвагийн улсын их сургуулийн орос хэл-утга зохиолын багшийн анги төгсөж, 1972 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны академид улс төр судлалын мэргэжлээр суралцаж, философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.

1948 оноос Завхан аймгийн Нөмрөг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургууль, Монгол Улсын Их Сургуульд багш, Улсын хэвлэлийн хороонд ерөнхий редактор, Үнэн сонин, Ардын боловсролын яамны сурах бичиг сэтгүүлүүдийн нэгдсэн редакц, Праг хотноо “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн газарт тус тус, мөн 1960-аад онд Монголын сэтгүүлчдийн холбооны даргын албан тушаалд ажиллаж байсан. 1972-1969 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1984-1989 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр ажилласан.

Г.Очирбат 1990 оны эхээр МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Намын төв хорооны даргаар сонгогдон ажиллаж, улс орноо ардчилал, шинэчлэлийн замд оруулахад маш чухал онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. МАХН-ын Онц Их хурал, ХХ их хурлуудыг бэлтгэж хуралдуулах, тус намын шинэ Мөрийн хөтөлбөр, дүрмийг боловсруулан, батлуулахад их хувь нэмэр оруулсан. Г.Очирбат МАХН-ын ТХ-ны болон Бага хурлын бүрэлдэхүүнд 1961 оноос 1997 он хүртэл тасралтгүй 30 гаруй жил, 1966 оноос эхлэн БНМАУ-ын АИХ-ын депутатаар 6 удаа, УИХ-ын тэргүүлэгч гишүүнээр 8 жил сонгогдон ажиллажээ. Тэрбээр 1993-1997 онд Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарчээ. 1992 оны Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж батлахад жинтэй хувь нэмэр оруулжээ. Г.Очирбат гуай Сүхбаатарын одонгоор 2 удаа, Алтан гадас одонгоор 2 удаа, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагджээ. 2011 онд түүний улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.