Гүнжийн сүм

Гүнжийн сүм

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Монголын Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаварыг үл биелүүлсэн. Үүний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байна. Тэрээр нас барахынхаа өмнө “Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай! Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай! гэж гэрээсэлсэн юм гэдэг. Гүнжийн бунханы цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1940-өөд онд Дотоодыг хамгаалах газрынхан энэхүү онгоныг хөндөж эд өлгийн зүйлсийг авсан байна. Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэнэ. Гүнжийн булш онгоны дотор талд байдаг. Булшийг хамгаалсан байгууламж нь өөрөө хэрэмтэй бөгөөд энэ нь гаднах том хэрмийн дотор байдаг. Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы зузаан нь 4 тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Хэрмэн дотор өмнө талд өндөр нь 10 метр, өргөн нь 6 метр, хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга бий. Онгон нь энэ хаалганы ойролцоо баригдсан бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах замтай байдаг. Гүнжийн булш энэ онгоны ард талд байдаг. Судалгааны явцад өмнө талд нь байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ. Барилгын дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана байдаг. Газраас доош 3-4 метр гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд дотроос нь зандан модоор хийсэн авс олдсон. Шилмүүст модны давирхайгаар будаж, 9 давхар торгоор ороосон энэ авсыг онгойлгох үед дотор нь гүнжийн цогцос гэхээр юм юу ч үлдээгүй байжээ. Өнөөг хүртэл гүнжийн цогцосыг яасан нь мэдэгдэхгүй байгаа юм. Нутгийн хөгшдийн яриагаар бол зандан модон авс нь алтаар хучигдсан, дотор талд нь алт мөнгөөр хийсэн хүний дүрснүүд, таван хошуу малын дүрснүүд, сийлбэртэй эрдэнийн чулуунууд байсан гэнэ. Сонирхолтой нь гэвэл гүнжийн булш байсан газрын баруун талаас дахиад нэг булш олдсон бөгөөд тэр дотор тарган эрэгтэй хүн завилж суусан чигээрээ оршуулагдсан байсан. Энэ цогцос хөлдсөн байсан учраас саяхан нас барсан хүн шиг байжээ. Авс нь 7 давхар торгоор ороогдсон байсан бөгөөд дотор нь тоглоомон сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байсан. Энэ цогцос хэнийх болох нь тогтоогдоогүй боловч хэний ч гар хүрээгүй тэр чигээрээ хадгалагдан үлджээ.Гүнжийн онгоны бас нэг үлдэгдэл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан чулуун мэлхий байдаг. 1.95 метр урт боржин чулуун мэлхий бөгөөд нуруун дээр нь бичээс бүхий чулуун хавтан тавиастай байдаг. Чулуун бичээсийн дээд талд хоёр луу байдаг. Голд нь манж үсэг болон ханзаар “Их чин улсын албат...”, “...баярыг тохиолдуулан энэхүү чулуун хөшөөг босгов...” гэж бичсэн байдаг. Хичээнгүй Амирлангуй гүнжийг тухайн үеийн Монголын сэхээтнүүд ихэд хүндэтгэдэг байсан бөгөөд Гүнжид зориулан энэхүү шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн юм. Хүндэтгэлтэй хүнийг насан өөд болоход бунхлан сүм барьж шүтэж байсан нь тэр үеийн Монгол, Манжчуудын амьдралын хэв шинж онцлог байжээ.