Дагаар орох хөдөлгөөн
ХХ зууны эхээр өрнөсөн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэгэн хэлбэр.
1911 оны 12 дугаар сарын 29-нд Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж, Богд гэгээнийг хаан ширээнд өргөмжилсний дараа Барга, Өвөр монгол, Или Тарвагатайн зэрэг газар газрын монголчуудын дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн сэргэж, харийн түрэмгийллээс ангижирч тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн нийлэх тэмцэлд боссон байна. Үүнийг түүхэнд “Дагаар орох” хэмээн нэрлэжээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараахан Хөлөнбуйрын монголчууд болон Өвөр Монголын 49 хошууны 35 нь Монгол Улсад дагаар орсон бол Или Тарвагатайн бэйс Сумъяагийн удирдсан 58 өрхийн 271 хүн эх нутгаасаа ойж олон мянган км замыг туулсаар 1912 оны өвөл Монгол Улсдаа ирж, Богд хааны төрд дагаар оржээ. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хөлөнбуйр болон Өвөр монголыг Монгол Улсаас салгаж, Дундад Иргэн Улсын бүрэлдэхүүнд оруулсан юм.
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа дагаар орох хөдөлгөөн дахин эрчимжиж, буриад, барга, казах, дөрвөд зэрэг овгийн олон арван айл өрх, хүн ам мал сүргийнхээ хамт Монгол Улсад нүүдэллэн ирж дагаар оржээ. Мөн 1945 оны эцсээр Өвөр монгол, Хөлөнбуйрын баргын олон арван айл өрх БНМАУ-ын нутагт нүүдэллэн ирж суурьшсан байна. Ийнхүү газар газрын монголчууд эх Монгол Улсдаа дагаар орох хөдөлгөөн 1912 оноос 1940-өөд оны сүүлч хүртэл үргэлжилжээ.
Дагаар орох хөдөлгөөн 1911-1915 онд хошуу, чуулганаараа Монгол Улсын бүрэлдэхүүнд орж, нэгэн дээвэр дор нэгдэх хэлбэрээр явагдаж байсан бол 1915 оноос хойш нэг буюу хэд хэдэн хүний удирдлагаар хэсэг бүлгээрээ буюу бөөнөөрөө Монгол улсад нүүдэллэн ирж, Монголын төрөөс зааж өгсөн газар нутагт суурьшин амьдарч тус улсын иргэн болох хэлбэрээр явагджээ.
Энэ хөдөлгөөн нь нэгд, газар газрын монголчууд нэгдэн нийлж, нэгдсэн Монгол Улсаа байгуулах хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болсон, хоёрт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн юм.