Даланжаргалан сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Даланжаргалан (ᠳᠠᠯᠠᠨᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩ) нь Дорноговь аймгийн сум юм.Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 156 км, Улаанбаатар хотоос 305 км-т, төмөр замын дагуу оршдог. 4 багтай, хүн ам 2581. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Олон Овоо[засварлах]

Сумын төв Цомог ба тус сумын харьяа чулууны үйлдвэр Олон Овоо-д Монголын төмөр замын өртөө бий. Социализмын үед Зөвлөлтийн цэргийн нисэх ангийн бааз байрлаж байв. Сумын төвөөс хойш 21 км зайд Элдэвийн чулуун нүүрсний уурхай бий.


ZIP CODE | Багийн нэр | Өргөрөг | Уртраг |


44137 | Бичигт | 46,01514 | 109,09235 |


44133 | Цомог | 46,01514 | 109,09235 |


44135 | Элдэв | 46,01514 | 109,09235 |


44131 | Өнгөт | 46,01514 | 109,09235 |


Байгалийн үзсэглэнт газарууд[засварлах]

________________________________________________________________

Их нартын хад байгалийн нөөц газар[засварлах]

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир хамгаалах шаардлагатайг харгалзан УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна. Нийт талбайн хэмжээ 43740 га. Энэхүү байгалийн нөөц газарт байх зэрлэг амьтад ба мал сүрэг, байгаль, нийгмийн харилцааны асуудлуудыг судлах нь багагүй ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Денверийн зоологийн сан хамтран 2001 оноос Их нартын байгалийн нөөц газарт урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байна.

Газарзүйн онцлог[засварлах]

Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойт хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ экосистемд ихэнхдээ газарзүйн хувьд бага зэрэг хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог болон уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи болон шороон шуурга хосолсон цаг уур нь тухайн бүс нутгийн ургамал амьтдын бүлгэмдэлд их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч цэнгэг хүйтэн уст булаг шанд Их нартын хөндийг усаар хангалттай тэтгэж байдаг. Эдгээр булаг шанд нь сайранд шингэснээ хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь зөвхөн их борооны дараа ил гарах нь бий. Мөн горхи, булаг, худаг болон улирлын чанартай цөөрөм тус нөөц газарт элбэг. Их нарт дахь худгууд нь нутгийн зүүн хэсгийн, булаг болоод улирлын чанартай горхиуд нь нутгийн баруун хэсгийн усны үндсэн нөөц болдог байна. Их нартын булаг, худгийн уснууд нь маш цэнгэг, цөөрмүүдийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг ч зэрлэг амьтдын хувьд усны чухал нөөц төдийгүй усны шувуудыг харж болох тохиромжтой газар билээ. Мөн энд Халзан уулын рашаан зэрэг янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөц ихтэй.

Амьтны аймаг[засварлах]

Их нарт хөхтөн амьтдын зүйлийн бүрдлээр баялаг. Энд дэлхийд хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзнаас өчүүхэн жижиг орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтад тохиолдоно. Жижиг махан идэшт хөхтнүүд олон байдаг ч ихэнх нь шөнийн амьдралтай. Аргаль хонь (Ovis ammon) нь урт зэгзгэр хөлнийхөө хүчээр хурдан давхидаг бол янгир ямаа (Capra ibex) нь хаданд хурдан шаламгай авирч, аюулаас зайлж зугатах бөгөөд нэг овгийн эдгээр амьтад бэлчээр нутгаа хамтран эзэмшинэ. Угалз нь маш том биетэй, ер бусын гоёмсог, том, бүтэн мушгирсан эвэртэй байдаг боловч говийн угалзны эвэр нь харьцангуй жижиг. Их нартад янгир ямаа аргаль хониноос цөөн тоотой байдаг ч тархац нутгийнхаа бусад хэсэгт илүү олон тоотой байдаг. Хоёр зүйлийн зээр байдгийн нэг нь цагаан зээр (Procapra gutturosa) нөгөө нь хар сүүлтий (Gasella subgutturosa) бөгөөд Их нартад улирлын чанартай тохиолдоно. Азид ховор тооцогддог хулан адуу(Equus hemionus) Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен Их нартад байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан тохиолдоно. Мөн олон зүйлийн шувууд энд нүүдэллэн ирж, эсвэл суурин амьдарна. Их нартын хад, цохионы ангал цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд үүрлэх боломж нөхцөл маш сайн байгааг харуулж байна. Олон зүйлийн шавьж, аалз, аалз хэлбэртэн мөн бусад сээр нуруугүйтэн байдаг ч ихэнх нь бага судлагдсан.

Ургамлын аймаг[засварлах]

Их нартад цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилох ба хур тунадаснаас хамаардгаараа өвөрмөц байдаг. Өвслөг ургамлууд нь тухайн газрын 35%-ийг бүрхдэг. Их нарт дахь онцлог зүйлүүдэд алтлаг холтсоороо нэшсэн тарваган харгана(Caragana pygmaea) болон хээрийн бариулт бүйлс(Amygdalus pedunculata) орно. Бариулт бүйлс нь үрээр нь хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтдын тэжээлийн чухал эх үүсвэр болдог.

Түүх, соёл[засварлах]

Их нартын чулуунд “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” 1-3 зм үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг. Мөн Их Нартын баруун хойд хэсэгт рашаан сувиллын газар бий.

Гадаад харилцаа[засварлах]

“Их нарт” байгалийн нөөц газар, Калифорни мужийн “Анза Боррего Дезерт” байгалийн цогцолборт газар Ах дүү тусгай хамгаалалттай газар болон хамтран ажиллаж байгаа билээ. Ижил төстэй байдалдаа түшиглэн хоёр улсын дээрх тусгай хамгаалалттай газрууд аргаль хонь судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөх талаар сүүлийн 10-аад жилийн турш хамтран ажиллаж байна. http://www.ikhnart.com