Дашийн Дамба

Дашийн Дамба (1908 оны 3-р сарын 29-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн-1993 онд нас барсан) -Монгол Улсын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын анхны Ардын Их Хурлын дарга.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эцэг нь адуучин Бизьяагийн Даш (нутгийн олон "Дух" Даш гэдэг байсан), эх Цэрмаа нар юм. Б.Даш, Цэрмаа нар том нь охин Надмидын Умбаа, хүү Чүлтэмжамц, Дамба, отгон хүү Лувсандагва гээд 4 хүүхэд төрүүлжээ. Дамбыг бага байхад нь эцэг Даш харуулын албанд мордоход эх нь хүүхдүүдээ харж, өсгөсөн байна. Дамба хүүг 8 нас хүрмэгц эцэг нь Дашдорж заланд хадаг барьжномын шавь болгосон байна. Дамба хүү бичиг үсэг сурч, "Оюун түлхүүр", "Шидэт хүүрийн үлгэр","Цагаан шувууны үлгэр" ном судрыг уншиж, дөрвөн аргын тоо бодож, сампин цохиж суржээ.

Тэрээр 1927 онд 19 нас хүрч Булган хан уулын хошууны эвлэлийн товчлох хорооны галч,зарлага зэрэг ажил хийжээ. Удалгүй засаг дарга нь түүнийг бичээч болгоод удалгүй 1928 онд сумын нарийн бичгийн даргаар томилсон байна.

Тэрээр 1930 оны 6-р сард Булган хан уулын хошууны залуучуудын эвлэлийн хорооны даргаар сонгогдсон байна. Мөн онд тэрээр МАХН-д элсэж, 1931 онд Хөвсгөл аймгийн Эвлэлийн хорооны дарга болжээ. 1931-1932 онд Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого дарах тусгай отрядын туслах комиссараар томилогдсон Дамба энэхүү бослогыг дарахад оролцож байжээ.

Тэрээр бослого дарсаны дараа 1932 оны 11-р сард Улаанбаатарт ирээд тусгай хорооны Намын хорооны даргаар ажилласан байна.

1933-1937 он хүртэл Д.Дамба Ардын цэргийн 1-р морьт хорооны улс төрийн удирдагч, цэргийн тээх нэвтрүүлэх хороонд дивизион батальоны комиссараар ажилласан байна.

1937 онд Өмнөговь аймгийн даргаар томилогдсон байна.

Улс төрийн курс, намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын анхны Ардын Их Хурлын дарга, АИХ-ын Тэргүүлэгч гишүүн зэрэг албыг хашиж байлаа.

1939 оны долдугаар сард Д.Дамбыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгож, тэр өдрөө Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар батлагдсан байна. Энэ үеэс 20 жилийн турш МАХН-ын удирдах дээд албан тушаалыг хашиж, Монгол оронд шинэ цагийн аж үйлдвэрийг бий болгох, худалдаа, тээврийн шинэ салбарыг хөгжүүлэх, халдварт өвчинд баригдсан ард түмнээ эрүүлжүүлэх, сонгуулийн системийг шинэчлэх, халхын голын дайны үед ч цэрэг дайчдад иргэдээс бэлэг цуглуулах ажлыг зохион байгуулах, улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг дэлхийн дайны үеийн нөхцөлд зохицуулан удирдах, ард түмний бэлэглэлийн Төв Комиссын ажлыг идэвхижүүлж, Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулах үйлсэд авъяас чадвараа харуулж, жинтэй хувь нэмэр оруулсан  билээ.

1954 онд Д.Дамба Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсон. Өнөөгийн Монголын хөгжлийн суурийг тавих их бүтээн байгуулалтын он жилүүдэд МАН-ын төв байгууллагыг удирдаж, шинэ Монголыг бий болгох үйлсэд оройлон зүтгэж байсан хүн юм. Тухайлбал, 21 аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулжээ. Мөн Наушка-Улаанбаатарын 400 км өргөн царигтай төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан аж.

Түүнчлэн тухайн цаг үед Монгол Улс 700 мянган хүн амтай, дийлэнх нь нэн ядуу, бичиг үсэгт тайлагдаагүй, бэлчээрийн мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, өвчин эмгэг бүхий,  буурай орны нэг байхад Д.Дамбын санаачилгаар Зөвлөлтөөс хүн амыг эрүүлжүүлэх болон арьс өнгө, сүрьеэ өвчнийг эмчлэх экспедиц ажиллуулан, хүн амаа эрүүлжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байжээ.

Д.Дамба хоёр хөрш их гүрний ашиг сонирхол, хүчний нөлөөний тэнцвэрийг барьж, адил тэгш авч үзэж, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэн, заяа төөргөөр хаяа нийлсэн ард түмнүүдийн хоорондын уламжлалт харилцаа, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байжээ. Хятадад үл итгэх баримжааг сөрж БНХАУ-тай хэвийн найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэмүүлж байсан байдаг.

ЗХУКН-ын Төв Хорооны ХХ их хуралд оролцсон МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба тэргүүтэй хүмүүс Монголд ирэнгүүт 1956 оны 4 дүгээр сард МАХН-ын Төв хорооны IV бүгд хурлыг хуралдуулж, Х.Чойбалсанг шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гаргасан байна.

1958 онд Д.Дамбыг МАХН-ын ТХ-ны II бүгд хурлын шийдвэрээр ажлаас нь халж, нутаг заажээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 90 жилийн ойг 1998 оны 7 дугаар сард Булган аймагт тэмдэглэх тухай Засгийн газрын Захирамж гарч байжээ.