Jump to content

Долгорын Даваасүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Долгорын Даваасүрэн (1917 оны 2 сар – 1978 оны 5 сарын 28) – Монголын анхны химичдийн нэг.

Даваасүрэн ажлын байрандаа
Д.Даваасүрэн Д.Цэвэгмид[1] нар
Д.Цэвэгмид болон Лхамаа нарын хамт
МУИС-ийн химийн лабораторид
1947 онд Москвад

Долгорын Даваасүрэн 1917 онд одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын Харгантын ам нэртэй газар ядуу ард Долгорын ганц хүү болон төржээ. Эцэг нь бага балчир насанд нь нас барсны улмаас Даваасүрэн эхтэйгээ айлд зарцлагдан амь зууж 10 нас хүрэхэд нь эх нь нас өөд болжээ.

1929 онд айл даган Улаанбаатарт ирээд бага сургуульд сурж бичиг үсэг суралцаад, 13 настайдаа багшилж бусдад бичиг үсэг заах болжээ. 1931-1933 онуудад Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцсаныхаа дараа ЗХУ-ын Эрхүү хотын мал аж ахуйн техникумд элсэн ороод 1937 онд малын эмчээр төгссөн байна.

1937-1938 онуудад Сонгины биокомбинатад Зөвлөлтийн эрдэмтдийн хамт малын халдварт өвчнийг судлах эрдэм шинжилгээний ажил, 1938-1939 онд Өмнөговийн мал эмнэлгийн эмч болон эрхлэгч, 1939-1942 онуудад нийслэлийн хөдөө аж ахуйн техникумын хичээлийн эрхлэгч, 1944-1947 онд Москвагийн Ломоносовын нэрэмжит Их сургуульд суралцаад 1947-1950 онд Нийслэлийн 1-р 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1950-1977 онд МУИС-д химийн багш, деканаар ажиллаж байгаад[2] 1977 оны 11 сард тэтгэвэртээ гарчээ. Даваасүрэн 1978 оны 5 сарын 28-нд хүнд өвчний улмаас нас барсан юм.

Тэрээр 27 жил Монгол Улсын Их сургуульд химийн багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, деканаар ажиллаж байсан ба химийн бус мэргэжлийн их дээд сургуулиудад үзэх химийн иж бүрэн сурах бичгийг зохион бичжээ ("Ерөнхий ба органик биш хими", "Ерөнхий ба органик бус химийн практикум", "Химийн бодлого ба дасгалууд").[3] Түүнчлэн их нууруудын давс хужрыг судлах анхны судалгааны эрдэм шинжилгээний ажлыг хийснээс гадна профессор П. Даваадорж, М. Юндэн, Ш. Цоодол нарын хамт эх орныхоо өнгөт ба үнэт металл (зэс, кобальт, диц, үнэт металл алт, мөнгө), шилжилтийн төмөрлөгүүд, зарим металл бишүүд (цахиур, иод, фтор, селен, фосфор) зэрэг үелэх системийн гуч гаруй элементүүдийг багтаасан онол практикийн өндөр ач холбогдол бүхий судалгааг хамтран хийсэн байна.[4]

Д.Даваасүрэнгийн бичсэн химийн иж бүрэн сурах бичиг
Д.Даваасүрэнгийн алтан гадас
1964-1969

Шагнал урамшлал

[засварлах | кодоор засварлах]

1949 – хөдөлмөрийн гавшгайч
1956 – засгийн хүндэт үнэмлэх
1957 – Алтан гадас одон
1961 – 40 жилийн ойн медаль
1966 – Доцент цол
1967 – Алтан гадас одон
1971 – Гэгээрлийн тэргүүний ажилтан цол

  1. Мосвад сурч байхаасаа эхлэн цал буурал болтлоо нөхөрлөсөн эрдэмтэн зохиолч Проф. Д.Цэвэгмид[[1]]
  2. Хими, Хими Инженерчлэлийн сургуулийн түүхэн товчоо[[2]]
  3. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сан[[3]]
  4. Хими, Хими Инженерчлэлийн сургуулийн түүхэн товчоо[[4]]