Жамъянгийн Лхагвасүрэн

Жамъянгийн Лхагвасүрэн (1912 оны гуравдугаар сарын 16 – 1982 оны тавдугаар сарын 13) нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) цэрэг, төрийн томоохон зүтгэлтэн, Монголын ардын армийн Хурандаа Генерал (1961), БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд (1959-1969), XX зууны манлай Монголын цэргийн гарамгай зүтгэлтэн (1999).

Сүхбаатарын одонгоор 4 удаа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одонгоор 3 удаа, Алтан гадас одон, 1989.07.19-д түүнийг БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ж.Лхагвасүрэн Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны (одоогийн Булган аймгийн Сайхан сум) харъяат ард Жамъянгийнд 1912 онд төржээ. Тэр айлын отгон хоёр ихэр хөвгүүний нэг бөгөөд нэг ах, таван эгчтэй аж. Ж.Лхагвасүрэн анх бичиг үсэг нагац ахаараа заалгаад хожим аймгийн төвд танхимын сургууль нэртэй анхны ардын сургууль нээгдэхэд анхны сурагчдын нэг болж, түүнийгээ төгсгөөд бичээчээр ажиллаж байв.

1932 онд 20 настайдаа сайн дураар цэрэгт мордож Монгол ардын хувьсгалт цэргийн (МАХЦ) Тамсагбулаг дахь 15 дугаар морьт дивизид хуваарилагдсан байна. Цэргийн эрдэмд шаламгай сурч тэр үеэс эхлэн амьдралаа цэрэг армитай холбохоор шийдсэн хэмээн өөрөө дурссан байдаг. Гурван жилийн дотор Ж.Лхагвасүрэн бага дарга болж ангийн штабд эх зохиогчийн алба хааж байхдаа хэсэг офицерын бүрэлдэхүүнд зөвлөлтийн цэрэг улс төрийн академийн дэргэдэх улс төрийн ажилтнуудын хоёр жилийн курст суралцахаар Москвад очсон аж. Ийнхүү сурч байхдаа Зөвлөлт холбоот улсад айлчилсан Маршал Х.Чойбалсантай танилцжээ. Курсээ дүүргэснийхээ дараа Маршалын тушаалаар шинээр суралцах сонсогчдын ахлагчаар үлдэж дахин хоёр жил суралцан улмаар зөвлөлтийн офицеруудын хамт хичээллэж байгаад онц дүнтэй төгсчээ. Курсэд сурч байх үеийнх нь олон сайхан дурсгалын нэг нь 1937 оны Майн нэгний цэргийн параданд нутгийн хоёр нөхрийн хамт оролцсон явдал аж[1].

Корпусын дарга Жамъянгийн Лхагвасүрэн мөн дивизийн комиссар байсан Д. Пэлжээ. Халхын голын дайн. 1939

1939 оны нэгдүгээр сард 27-той Ж.Лхагвасүрэн МАХЦ-ийн улс төрийн газрын орлогч даргаар, долоодугаар сард жинхэнэ даргаар томилогдон тухайн үед дайны талбар болж байсан Халх голд армийн нэгдүгээр группын командлагч дивизийн комиссар Г.Жуковын орлогчоор ажиллах болсон байна[2]. Халх голд Ж.Лхагвасүрэн армийн группын бүрэлдэхүүнд багтаж байсан МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийн дайны ажиллагааг удирдаж, цэргүүдийн дунд байлдааны болон хүмүүжлийн асар их үйл ажиллагаа өрнүүлж байв. Халх голд байлдаж байсан цэргүүдийн бэлтгэл, ур чадвар нэлээн дутмаг байсан тул байлдаан тулалдааны явцад сургах ажил явуулж байжээ. Тэр үед нөмөрсөн улс төрийн хэлмэгдэл фронт дээр байгаа цэргийн дарга, байлдагч нарыг ч тойрон гарсангүй. Энэ хууль завхруулсан үйлдлийг таслан зогсоохын тулд Ж.Лхагвасүрэн дараахи тушаал гаргасан байдаг. Үүнд, “… аар саар сахилга журмын хувьд арга хэмжээ авч болох хэргийг харин шүүх таслах газар ямар ч материалгүй шилжүүлэн өгөх явдал байна. Ийнхүү хууль бусаар шилжүүлэх явдлаас манай хувьсгалт хуулийн нэр алдарт хорыг учруулж, энэ явдлаас үндэслэн үнэнч шударга ажилтанг ажвал дэмий хоосон хэрэгт татагдах явдал байж болзошгүй тул дээр дурдсан зүйлийг онц анхаарч хэрэг бүртгэн нарийн тодорхой хянаж гүйцэтгэх явдлыг анги нэгтгэлийн эрх баригчдад хатуу тушааж …” гэсэн байв[2]. Маршал Г.Жуков өөрийнхөө номд Ж.Лхагвасүрэнгийн удирдсан МАХЦ-ийн штабын ажлыг өндөр үнэлсэн байдаг[3]. 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ холбоотнуудынхаа шахалтаар Японд дайн зарлах болоход БНМАУ түүнтэй байгуулсан Гэрээнийхээ дагуу мөн Японд дайн зарласан байдаг[4]. Түүхэнд чөлөөлөх гэдэг тодотголтой орсон тэр, Хятадын хойт хэсгийг чөлөөлөх байлдааны үйл ажиллагаанд МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийг бас Ж.Лхагвасүрэн удирдаж оролцов.

1948 он хүртэл БНМАУ-ын Цэргийн явдлын яамны жинхэнэ орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж байгаад ЗХУ-ын М.Фрунзегийн нэрэмжит зөвлөлтийн цэргийн академид суралцахаар явж түүнийг 1952 онд онц дүнтэй төгссөн аж.

Түүнээс хойш Ж.Лхагвасүрэн цэргийн салбарт ажиллаж байгаад 1956 онд Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хорооны даргаар томилогдож ажилласан хоёр жил хүрэхгүй хугацаанд спортыг олон нийтийн хөдөлгөөн болгон хөгжүүлж, Улаанбаатарт спортын ордон, төв цэнгэлдэх хүрээлэнг санаачлан бариулсан аж. Түүнийг Монгол оронд олимпийн хөдөлгөөнийг үндэслэсэн Үндэсний олимпийн хорооны анхны, хүндэт ерөнхийлөгч гэж үздэг.

1956 онд татан буугдсан цэргийн байгууллагыг 1959 онд дахин сэргээж Цэргийн хэрэг эрхлэх яам байгуулж бараг тараасан армийг сэргээн эмхлэх зорилт гарч ирэхэд сайдаар Ж.Лхагвасүрэнг томилов[5]. Батлан хамгаалах яамны сайдаар арван жил ажиллахдаа Монголын армийг үндсээр нь шинэчлэж техник, боловсон хүчнээр хангагдсан орчин үеийн зэвсэгт хүчин болгож чадсан байв.

1969 оны долоодугаар сард улсын баяр наадмын өмнөхөн, цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл ид явж байх үед Ж.Лхагвасүрэнг гэнэт МАХН-ын Төв хороонд дуудаж ажлын тайлангаа тавихыг шаардсан байв. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо бараг бүтэн бүрэлдэхүүнээрээ цугласан тэр учир битүүлэг хурал дээр Ж.Лхагвасүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн аж. Түүнээс хойш тэрээр арван жил Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газар, хоёр жил Бүгд найрамдах Болгар ард улсад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байгаад 70 нас хүрээд тэтгэвэртээ гараад (1982 оны гуравдугаар сар) хоёр сарын дараа (мөн оны тавдугаар сар) зүрхний шигдээс өвчний улмаас нас баржээ. Ард олондоо Залуу жанжин хэмээн өргөмжлөгдсөн Ж.Лхагвасүрэнг дээд зэргийн хүндэтгэлтэйгээр, төрийн сүлд дуулал эгшиглүүлэн, цэргийн жагсаал бүхий ёслолтойгоор Улаанбаатар хотын “Алтан өлгий” оршуулгын газар нутаглуулжээ.

1940-1951 онд Улсын Бага Хурлын гишүүн, мөн БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар удаа дараа (1940 - 1980 онууд) сонгогдож байв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эхнэр Цэндийн Дашцэдэн (1912-2002) – 1941 онд гэрлэсэн. Богд хаан Жабзундамбын төрсөн дүү төрийн Чойжин лам Лувсанхайдавын охин, улсын хөгжимт драмын театрын (Бөмбөгөр) анхны хөгжимчид, бүжигчдийн нэг.
  • Хүү Лхагвасүрэнгийн Лхагваа (1942). Москва хотод Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн инженерийн академийг төгссөн, профессор, техникийн ухааны дэд эрдэмтэн, цэргийн болон иргэний агаарын тээврийн салбарт ажилласан, эдүгээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн Механик инженерийн сургуул профессор, Тайландын вант улсын Монгол дахь өргөмжит консул.
  • Охин Лхагвасүрэнгийн Лхагвадулам (1945). Москва хотын Лениний нэрэмжит багшийн дээд сургуулийн математикийн анги, нийгмийн ухааны академи төгссөн, МОНЦАМЭ, Монголын радио, Монгол телевизэд ажиллаж байв.
  • Охин Лхагвасүрэнгийн Лхагважав (1948). Москва хотын Плехановын нэрэмжит ардын аж ахуйн дээд сургууль төгссөн, гадаад худалдааны яаманд ажиллаж байв.

Цол, шагнал[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын цол, шагнал[засварлах | кодоор засварлах]

Гадаад орнуудын одон[засварлах | кодоор засварлах]

  • ЗХУ-ын Улаан таван хошуу одон (1943)
  • ЗХУ-ын Суворовын II зэргийн одон (1945)
  • Октябрийн хувьсгалын одон (1967)
  • Югославын “Эх орноо хамгаалсны төлөө” одон

Мөн “Нalhingol”, “За победу над Японией”, “Бид ялав”, “Халх голын ялалт”, “Германыг ялсны төлөө” болон Монгол, Зөвлөлт, Болгар, Польш, Германы медалиудаар шагнуулсан байдаг.

Цэргийн цолууд[засварлах | кодоор засварлах]

  • Хорооны комиссар /одоогийн хурандаа (1939.03.03)
  • Бригадын комиссар/одоогийн хошууч генерал (1939.04.28)
  • Дивизийн комиссар/одоогийн дэслэгч генерал (1939.06.07)
  • Корпусын комиссар/одоогийн хурандаа генерал (1939.07.19)
  • Корпус командлан захирагч/одоогийн хурандаа генерал (1941.05.04)
  • Дэслэгч генерал (1944.04.28)
  • Хурандаа генерал (1961.03.03)[7]

Эрхэлж байсан ажил[засварлах | кодоор засварлах]

  • Монгол ардын хувьсгалт цэргийн улс төрийн газрын орлогч дарга (1939.02.21-нээс)
  • Мөн газрын дарга (1939.07.07-ноос)
  • Цэргийн явдлын яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч (1939.10.30-наас)
  • Цэргийн явдлын яамны жинхэнэ орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч (1941.05.04-нөөс)
  • Фрунзегийн академийн сонсогч (1948.06.12-наас)
  • Цэргийн ерөнхий сургуулийн захирал (1952.01.15-наас)
  • Батлан хамгаалах яамны орлогч сайд (1953.07.30-наас)
  • Ардын цэргийн жанжин штабын дарга (1955.11.20-ноос)
  • Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд, Ардын цэргийн командлагч (1956.05.01-нээс)
  • Улсын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны дарга (1956.08.03-наас)
  • Ардын цэргийн сайн дурын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга (1957.03.28-наас)
  • Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд, Батлан хамгаалах яамны сайд (1959.06.28-наас)
  • Ардын Их хурлын тэргүүлэгчдийн АДХ, байнгын комиссын асуудал эрхэлсэн Товчооны дарга (1969.07.08-наас)
  • Мөн газрын хурлын хэлтсийн дарга (1972.02.10-наас)
  • БНБАУ-д элчин сайд (1978.08.16-наас)
  • Ардын их хурлын тэргүүлэгчдийн хурлын хэлтсийн зөвлөгч (1980.10.06-наас)

Мөнхөрсөн дурсгал[засварлах | кодоор засварлах]

  • 1945 онд хөгжмийн зохиолч Л.Мөрдорж (хожим ардын жүжигчин, төрийн хүшүй шагналт) “Залуу жанжин Лхагвасүрэн” марш бичсэн бөгөөд тэр нь 20 гаруй жил монгол цэргийн жагсаалын дуу байв[8].
  • 1985 онд Дорноговь аймаг дахь Монголын ардын армийн мотобуудлагын 6-р дивизийн 131-р хороог хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит болгов[9].
  • 1995 онд Улаанбаатар хотын 15-р хорооллын, маршал Жуковын гэр-музей байдаг гудамжийг Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит болгов.
  • Мөн онд 1939-1949 онд Ж.Лхагвасүрэнгийн ажиллаж байсан байрны хананд дурсгалын самбар байрлуулав. (тэр үеийн БХЯ-ны байр)
  • 1989 онд “Жанжин Лхагвасүрэн” бүрэн хэмжээний баримтат кино дэлгэцнээ гарав.
  • 2000 онд дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 50 жилийн ойгоор Улаанбаатар хотын Залуучуудын өргөн чөлөөнд (одоо Бээжингийн гудамж) хөшөөг нь босгов.
  • 2002 онд Булган аймгийг Сайхан сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгов. (Засгийн газрын тогтоол)
  • 2007 онд Улаанбаатар хотын спортын Төв ордны хананд хүндэт самбар байрлуулав.
  • 1997 оноос Ж.Лхагвасүрэнгийн үр хүүхэд Батлан хамгаалахын их сургуулийн нэг сонсогчид тусгай болзлоор эцгийнхээ нэрэмжит цалин олгож эхлэв[10].
  • ХХ, ХХI зууны зааг дээр 1999 онд “Зууны мэдээ” сонин, Монголын радио, Монголын мэдээ агентлагаас зарласан уншигч, сонсогч, үзэгчдийнхээ дунд “Зууны манлай” санал асуулгын “Зууны цэргийн зүтгэлтэн” номинацид Ж.Лхагвасүрэн тодорсон байв[11].

2014 онд Монголын зэвсэгт хүчний Өмнөговь дахь мотобуудлагын хороог түүний нэрэмжит болгов

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Ж.Лхагвасүрэн “Цэрэг эрийн замналаас” (1971 он), “Олон жилийн зузаан нөхөрлөл” (1975 он), “Халхын гол” (1979 он) бичиж хэвлүүлсэн. Дуусгаж амжаагүй “Сэтгэлд шингэсэн он жилүүд” номыг нь номын редактороор ажиллаж байсан Да.Дамдиндорж, Б.Жанчив нар 1984 онд хэвлүүлжээ. 1968 онд бичиж дуусгасан “Монголын ардын армийн дайчин замнал” түүхийн тэмдэглэлүүдийг нь хэвлэхийг хорьсон аж[12].

Эшлэл, зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. Ж.Лхагвасүрэн “Сэтгэлд шингэсэн он жилүүд”, УБ УХГ 1984
  2. 2.0 2.1 Цэргийн архив
  3. Г.Жуков “Воспоминания и размышления” , монголоор 1 боть, 190 дэх тал ох
  4. БНМАУ, ЗСБНХУ хооронд байгуулсан найрамдал, харилцан туслалцах тухай Хэлэлцээр, 1936.03.12
  5. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг, 1959.06.23
  6. Энэ одон 1939 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон гэдэг нэртэй байсан аж.
  7. Ж.Лхагвасүрэнд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжины тушаалаар 1939 оны 4 дүгээр сард бригадын комиссар, 6 дугаар сард дивизийн комиссар, Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор корпусын комиссар, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 25 дугаар тогтоолоор корпус командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1961 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хурандаа генерал цол шагнажээ. Тэрээр БНМАУ-ын анхны 11 генералын нэг юм.
  8. Хожим Залуу жанжинд зориулсан олон дуу, шүлэг, найраглал гарсан бөгөөд генерал өөрөө ч шүлэг бичдэг байсны зарим нь дууны үг болсон аж
  9. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг, 1985.08.31
  10. Батлан хамгаалахын их сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орсноос хойш болзол хангасан төгсөгчид мөнгөн шагнал өгдөг болов.
  11. “Зууны мэдээ” сонин, 1999.03.15
  12. Энэ номыг сэтгүүлч хурандаа Да.Дамдиндорж агсан товчлон “Тулалдаант он жилүүд” гарчигтай хэвлүүлэн гаргасан аж.

Ашигласан ном хэвлэл[засварлах | кодоор засварлах]

  • Ж.Лхагвасүрэн “Сэтгэлд шингэсэн он жилүүд”, УБ ,УХГ,1984
  • Ж.Лхагвасүрэн “Олон жилийн зузаан нөхөрлөл”, УБ, УХГ, 1975
  • Ж.Лхагвасүрэн “Халхын гол”, УБ, УХГ, 1979
  • Ж.Лхагвасүрэн “Цэрэг эрийн замналаас”, УБ, УХ, 1971
  • Ж.Лхагвасүрэн “Монголын ардын армийн дайчин замнал” (эх хувь)
  • Г.Жуков “Воспоминания и размышления” , монголоор 1 боть
  • “Монгольская народная республика”, изд-во АН СССР, Москва, 1952
  • “Жанжин Лхагвасүрэн”, УБ, “T&U printing”, 1999
  • “Олноо өргөмжлөгдсөн залуу жанжин”, УБ, “БАЛ Паблишерс”, 2009