Жанибег

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гэгээн Алексий Жанибегийн эхнэрийн сохор нүдийг эдгээж байгаа нь.

Жанибег (Жанибек) (? — 1357) өөрийн эцэг Өзбег ханыг залгамжлан 1342-1357 онд Алтан Ордын хан байсан.

Хоёр ахаа хороосны эцэст Жанибег хаанчилж эхэлжээ. Тэрбээр Оросын ванлигууд болон Литвагийн хэрэгт идэвхтэй оролцдог байснаараа алдартай. Москвагийн Их ван Симен Гордый болон II Иван Жанибегийн улс төр, цэргийн байнгын дарамтад байлаа. Орд дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Жанибег өөрийн харъяатуудаа Лалын шашинд хүчээр оруулсан юм.

Жанибег 1343 онд Крымын Каффа боомт хот руу Татарын их цэрэг толгойлон довтолжээ. 1344 оны хоёрдугаар сард Италийн нэмэлт хүч ирснээр энэхүү хотын бүслэлтийг зогсоожээ. Энд нийт 15000 Монгол цэрэг амь үрэгдэж, амьд гарагсад нь дорно зүг рүү дутаан одсон. Жанибег 1345 онд Каффад эргэн ирж хоёрдахь удаагаа бүслэн хаав. Гэвч дараа жил нь Монголчуудын дунд тарваган тахал гарч бүслэлтээ зогсоохоос аргагүй болсон.

1356 онд Жанибег Азербайжаныг дайлж Тебриз хотыг эзлэн, тэнд өөрийн захирагчийг суулгалаа. Үүнээс хойш удалгүй Табризад бослого гарч, Жанибегт дайсагнадаг, Чингис хааны бас нэг удам Жалайрын династи эрх мэдлийг нь авав.

Жанибегийн хаанчлалын үед Алтан Ордод феодалын хуваагдлын шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. 1357 онд Жанибег хорлогдсоноор Алтан Ордод хорь гаруй жил үргэлжилсэн улс төрийн хямралын үүд нээгдэв. 1357-1378 онд ердөө 21 жилийн хугацаанд 25 хан солигдсон байна.

Нэмж үзэх өгүүлэл[засварлах]

Лавлах материал[засварлах]

  • David Morgan, The Mongols
  • Rosemary Horrox, The Black Death