Жорж Гордон Байрон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Lord Byron coloured drawing.png

Жорж Гордон Ноэл Байрон (Англиар George Gordon Byron) нь Англи орны төдийгүй, нийт өрнө дахины уран зохиол дахь романтизмын гол төлөөлөгчдийн нэг юм.

Намтар[засварлах]

Жорж Гордон Байрон нь Лондон хотод, үе дамжсан боловч тухайн үедээ хоосорсон тайжийн гэр бүлд төржээ. Тэрбээр арван гурван настайдаа Харроу хотын язгууртны хүүхдийг сургадаг тусгай сургуульд орж, грек, латин хэл, эртний грек-ромын уран зохиол судлаад, дараа нь Кембрижийн их сургуульд орж, 1809 онд дүүргэжээ. Улмаар Португал, Испани, Итали, Грек, Швейцари зэрэг Европын олон орноор хоёр жил аялаад 1811 онд нутагтаа эргэж ирэхэд нь Англид Луддичүүдийн хөдөлгөөн ид өрнөж байв. Байрон нас гүйцэж, өөрт нь үе дамжин уламжлагдсан лордын хэргэмийг өвлөн авсан тул Парламентад суух эрхтэй болж, суурь машинаа эвдсэн ажилчдыг залхаан цээрлүүлэх төслийг хэлэлцэхдээ Луддичүүдийг илт өмгөөлөн хамгаалснаар түүний амьдрал хардлага сэрдлэг, мөрдлөг хавчлагад өртөх, нөгөө талаас эхнэр Анна Изабелла, охиныг нь аваад түүнийг орхин төрхөмдөө буцсан учир 1816 онд Грект очин тэр үед Туркийн эрхшээлд байсан Грек ард түмний эрх чөлөөний төлөө зэвсэгт тэмцэлд биеэр оролцож яваад жилийн дараа нас баржээ.

Байрон их сургуульд сурч байхдаа чөлөөт үзэл санаа бүхий шүлэг зохиол бичиж, эхлээд язгууртан дээдсийн ашиг хонжоо хайгч сувдаг сэтгэл, хоосон ёсорхог зан чанар, хуучныг үхширтэл баримталсан бялдууч занг шүүмжлэн илчилсэн Завтай цагтаа (1807) хэмээх анхны шүлгийн түүврээ гаргаснаар ихэс дээдсийн зүрхэнд "шар ус хуруулж", эгэл ардын дуу хоолой болсон юм. Тэрээр Европ дахинд аялсан аяллынхаа тухай Чаилд Гарольдын аялал хэмээх уянга туульсын найраглал бичсэн нь түүнийг алдаршуулсан юм. Найраглалынхаа эхний хоёр дууллыг Европын орнуудаар анх удаа аялж ирснийхээ дараа 1812 онд, гуравдугаар дууллыг Швейцарт байхдаа 1816 онд, эцсийн дууллыг Италид сууж байхдаа бичжээ. Зохиолд гол төлөв Европ улс орны амьдрал дүрслэгдэх боловч салангид дөрвөн дууллыг романтик сэтгэлтэй эр Чаилд Гарольдын дүр холбож өгдөг.

Байрон уг найраглалаараа газар бүрт ард түмэн шаналан зовж байгааг урнаар дүрсэлсэн байдаг. Мөн Дорно дахины найраглалууд гэж бүхэлдээ нэрлэгдэх болсон тухайн үеийн нийгмийн оршин тогтнох ёсыг буруушаасан Гяур, Абидосын бэр, Далайн дээрэмчин, Коринфийг бүсэлсэн нь, Лара зэрэг бүлэг найраглал (1813-1815) бичсэн нь уншигчдын дунд нэрд гарчээ. Ийнхүү Байроны уран бүтээл нь өрнө дахинд 19-р зууны үеэс ихэд дэлгэрсэн романтизм чиглэлийн хөгжилд асар их нөлөөлсөн юм. Өрнийн уран зохиолд Байронизм гэж тусгай урсгал хүртэл гарч байжээ. Европын олон алдартай зохиолчид, тухайлбал, Хенрих Хаине, А. Мицкевич, Виктор Хюго, Пушкин, Лермонтов нар уран бүтээлийнхээ тодорхой үед түүнийг "багш"-аан хэмээн үзэж даган дуурайж байв.