Зайсан толгой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Зайсан" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Зайсан (салаа утга)-г үзнэ үү.
Зайсан толгой

Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг.

Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор[засварлах]

Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1979 он буюу Халхын голын байлдааны 40 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг. Мөн Зайсан толгойн хормойд байрлах танктай хөшөөг 2003 онд хотын төв болон Зайсангийн хоорондох замын уулзвараас нүүлгэж зайсанд аваачсан байна.

Нэрийн түүх[засварлах]

Хар дархадын шавийн ардууд хязгаар нутгаас хүрээнд ирээд Богд эзнийхээ морин зүгт орших энэ толгойн аманд буудаг байжээ. Мөргөлчид өвөр Зайсанд бууж, дээдэс нь мөргөл тахилга хийж өнгөрдөг байсан учир тэр үеэс буюу 1978 оноос "Зайсан толгой" хэмээн нэрлэх болсон байна. Зайсан гэдэг нь Богдын их шавийн отгийн даргыг нэрлэдэг. Мөн энэ үеэс Манжийн Монгол сайд Юндэндоржийн санаачилгаар Туул голын боргиог ариулан тахиж "Ариун болтугай" гэсэн төвөд үгийг чулуугаар өрж тавьсан түүхтэй. Гэвч Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан "Соёмбо" үсэг болгон, хажуу дахь тоог жил бүр өөрчлөх болжээ.