Зонхов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

(түвд хэлээр ཙོང་ཁ་པ་; Tsong-kha-pa [1357] [1419]) Буддын шашныг шинэтгэгч, гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхов (жинхэнэ нэр нь Лувсандагва) нь 1357 онд Төвдийн Амдо мужид мэндэлжээ. Тэрээр олонд төрсөн нутаг [Цанхаг]ийнхаа нэрээр “[Зонхов]” хэмээн алдаршсан байна. Түүнийг буддын уламжлалт түүхэнд хоёрдугаар Будда, Манзуширийн хувилгаан гэж үздэг. Тэрээр таван зэргийг гийгүүлэгч зул, сайтар номлосон алтан эрхи хэмээх шастир, Охин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг бүтээл туурвижээ. Түүний 18 боть бүтээлээс хамгийн алдартай нь Бодь мөрийн зэрэг юм. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвд, Монгол лам нарын номын хувцас шар болох, Гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.

Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна.

Зураг дээр Зонховыг баруун мутраар галт сэлэм бүхий бадам цэцгийн ишнээс чимхэн, зүүндээ судар тавьсан бадам цэцгийн ишийг насны бумбаны хамт барин, очирт суудлаар сууж буйгаар бүтээж, дээр нь Жанрайсиг, Цагаан Дэмчиг, Цагаан Шүхэрт нар үүлэн дээр тэнгэрт заларч буйгаар дүрсэлжээ. Зургийн өвөрмөц дүрслэл болох Зонховын зүрхэн тушаа байх Бурхан багшийн дүр нь түүнийг бясалгаж буйг харуулсан байна.

Анхдугаар Богд Занабазарын бүтээсэн Зонхов Лувсандагвын хүрэл баримал Эрдэнэзуу сүм музейд хадгалагдаж буй.

Энэ их хүн 1419 онд өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болсон тул түүний дурсгалыг хүндэтгэн жил бүр зулын 25-ныг тэмдэглэдэг болжээ.

Tsong-Khapa-Je-Tsongkhapa.jpg