Зундуйн Хангал

Зундуйн Хангал
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЗ.Хангал
Төрсөн1948
Нас барсан1996
Хөгжмийн урсгалСонгодог
ЗэмсэгТөгөлдөр хуур

Зундуйн Хангал (1948 - 1996) нь Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Зундуйн Хангал нь 1948 оны 4 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. 1956 онд 4-р сургуульд 1-р ангид элсэн орсон. 1957 онд орос хэл дээр долоон жилийн боловсрол олгох 23-р дунд сургууль байгуулагдахад шилжин суралцаж 7-р ангиа төгсөөд тухайн үеийн жишгээр арван жилийн 24-р сургуулийн 8-р ангид үргэлжлүүлэн суралцаж байв. 1964 оны эхээр Барилгачдын Соёлын Ордонд хөгжимчин шалгаруулж авах зарын дагуу хөгжимчнөөр ажилд оржээ. 1964 оноос БСО-ны дагшаа найралд хөгжимчнөөр ажиллаж, гитар, бөмбөр, төгөлдөр хуур тоглож, 1964 оноос БСО дээр, 1965 онд Монголын Хүүхдийн Пионерын Ордон (одоогийн Урлан Бүтээх Төв) дээр тус тус байгуулагдсан гитарын дугуйлангуудад үндсэн үүрэгт ажлын зэрэгцээ томилогдон багшилж, 1965 оны сүүл 1966 оны эхэн үеэс Хөгжмийн Их Сургуульд явах хүртлээ ХБДуС-д концертмейстрээр ажиллаж байлаа.

Тэрээр 1965 онд зохиосон Дондогдоржийн Дашдондогийн шүлэг "Аяны шувууд" дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Хурлатын Төмөр дуулж наймны зургаа хэмнэлээр (ритмээр) Монголын Радиод бичигдэж сонсогч олны хүртээл болсон Д.Дашдондогийн шүлэг, З.Хангалын ая "Аяны шувууд" дууны радиогийн анхны тэрхүү бичлэгт аяыг зохиосон З.Хангал өөрөө төгөлдөр хуур, ХБДуС-ийн цохилуур хөгжмийн багш Ц.Баяндалай бөмбөр, ХБДуС-ийн контробассын ассистент багш н.Сосорбарам басс, Отгонбаярын Бэгз (Х.Төмөрийн дуулсан "Бидний дуулах дуртай дуу", "Үдэлтийн дуу" зэрэг дууны аяыг зохиосон) болон н.Алимаа, н.Дарьзав, н.Лхамсүрэн, н.Цэвэлмаа, н.Цэцгээ нарын хийлийн зургаан багш хийл тоглож, 1963 онд анх танилцаж нөхөрлөсөн түүний анд Самбуугийн Баатарсүх гитар тогложээ.

З.Хангалын "Өвлийн үдэш" дууны аянд С.Баатарсүх импровизаци хийж найруулан гитарын гоцлол болгон 1969 оны 7 сард "Өглөөний наран" нэрээр Радиод бичүүлж, 1969 оны зун 8 сард ЗХУ-ын Ташкент хотноо болсон Монгол-Зөвлөлтийн найрамдалт III наадамд оролцохдоо анх хилийн чанадад тогложээ. Хожим хоёул Уралын консерваторт суралцаж хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшсэн Зундуйн Хангал, Самбуугийн Баатарсүх нарын гитар, пянз, кругозор, Шедоус, Битлзийн дуу хөгжмөөр жигүүрлэсэн 15-21 насны зургаан жилийн дэврүүн нөхөрлөл "Өглөөний наран" хэмээх гитарын гоцлолд ийн хадгалагдан үлджээ.

Тэд мөн Уралын консерваторт хамт суралцаж байсан төдийгүй С.Баатарсүх "Намайг Свердловскт хөгжмийн сургуульд сурч байхад Хангал Оросод их алдартай байсан. Оросууд бол Монголын Хангал л гэдэг байсан" гэж бахархан дурсдаг. Мөн тэрээр нэг удаа би Хангалд "Намайг Хөгжмийн сургуульд яв гээд байх юм, би бол гитараа тоглоод явж байвал болмоор байх юм" гэхэд Хангал "Баатар аа, чи сургуульд яв аа, сургууль их юм өгдөг юм" гэсэн хэмээгээд "Хэрвээ Хангал надад тэгж хэлээгүй бол би хөгжмийн сургуульд явахгүй байх байсан байх, Эрхүүгийн хэлний бэлтгэлд суухаар 1974 оны намар галт тэргэнд суугаад явж байхдаа Толгойтын өртөөн дээр галт тэрэг түр зогсоход буугаад үлдчихмээр мөн ч их санагдаж билээ" хэмээсэн байдаг.

Хөгжмийн зохиолч гэдэг нарийн мэргэжлийг эзэмшсэн хоёр найз монголын хөгжмийн ертөнцөд нэг нь симфони найрлын алдарт долоон концертоо (тэрээр 41 настай 7 концерт бичсэн байв) бэлэг болгон барьсан бол нөгөө нь долоон симфони өргөн барьжээ.

З.Хангал 1969 онд ЗХУ-ын Алма-Атагийн С.Курмангазын нэрэмжит хөгжмийн сургуульд /багш Г.А.Жубанов/ элсэн орж улмаар Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд шилжин суралцаж /зохиомжийн багш профессор Б.Д.Гибалин/ хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшжээ.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

З.Хангал нь хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолч хийгээд ухамсарт бүхий л амьдралаа Монголын хөгжмийн урлагт зориулсан гоц авъяастай нэгэн билээ.

  • 1964-1965 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчин,
  • 1966-1969 ХБДуС-д төгөлдөр хуурын ассистент багш, концертмейстр,
  • 1974-1979 онд ХБДуС-д багш,
  • 1979-1982 онд УДБАТ-т хөгжмийн зохиолч,
  • 1982-1984 онд Улсын Циркт хөгжмийн зохиолч, хамтлагийн ахлагч,
  • 1985-1987 онд ДБУАТ-т хөгжмийн зохиолч,
  • 1987 оноос МХөЗЭ-ийн хороонд хөгжмийн зохиолч

зэрэг ажил албыг хашиж байв.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Балет - бүжгэн жүжиг[засварлах | кодоор засварлах]

  • "Эхийн сэтгэл" нэг бүлэгт хүүхдийн бүжгэн жүжиг /Г.Долгорсүрэнгийн цомнол/ (1975)
  • "Эрдэнэсийн уул" хоёр бүлэгт балетын хөгжим /Б.Жамъяндагвын цомнол/ (1981)

Кантат - магтуу[засварлах | кодоор засварлах]

  • "Пискаревын булшнаас олсон найраглал" /Д.Тарваагийн шүлэг/ (1975)
  • "Мөнхийн гал" /Б.Лхагвасүрэнгийн шүлэг/ (1985)

Симфони оркестр - яруу найрал хөгжим, цөөхүүл хөгжимд зориулсан бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Хийл төгөлдөр хуурт зориулсан аялгуу (1969)
  • Хийл төгөлдөр хуурт зориулсан прелюди №1 (1969)
  • Хийл төгөлдөр хуурт зориулсан прелюди №2 (1969)
  • Хийл төгөлдөр хуурт зориулсан прелюди №3 (1969)
  • Прелюди №1 (1969)
  • Прелюди №2 (1969)
  • "Залуус" хувилбар ая (1969)
  • "Түрүү магнай" прелюди (1970)
  • Хувилбар аяз №1 (1970)
  • Хувилбар аяз №2 (1970)
  • Чавхдаст хөгжмийн дөрвөл №1 /гурван ангит/ (1972)
  • Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт - 1 (1973)
  • Хийл, найрал хөгжмийн концерт (1974)
  • Нарийн бүрээ, найрал хөгжмийн концерт (1975)
  • Төгөлдөр хуур, яруу найрал хөгжмийн уран сэтгэмж (1975)
  • Гуулин бүрээ, цохивор зэмсгийн концерт (1976)
  • "Эрдэнэтийн өглөө" яруу удиртгал (1977)
  • Яруу найрал хөгжмийн удиртгал - 1 (1977)
  • Яруу найрал хөгжмийн концерт (1978)
  • "Салхич шувуу" симфони найраглал (1979 он) /Д.Д.Шостаковичийн дурсгалд зориулж/
  • Яруу найрал хөгжмийн удиртгал - 2 (1980)
  • Яруу найрал хөгжмийн удиртгал - 3 (1980)
  • Концертын аяз (1980)
  • Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт - 2 (1982)
  • Үлээвэр найрал хөгжмийн концерт (1982)
  • Концертын скерцо /морин хийл, найрал хөгжим/ (1983)
  • Прелюди №1 (1985)
  • Прелюди №2 (1985)
  • Прелюди №3 (1985)
  • Концертын скерцо - төгөлдөр хуурын хоршил (1986)
  • Төгөлдөр хуурт зориулсан 10 аяз (1986)
  • "Алив бүжиглэцгээе" төгөлдөр хуур, цохилуур хөгжимд зориулсан концертын удиртгал (1987)
  • "Уянгын зураглал" морин хийл, төгөлдөр хуурт зориулсан (1988)
  • "Элеги" флейт, төгөлдөр хуурт зориулсан (1988)
  • "УГЖ Л.Цэрэндорж гуайн дурсгалд" төгөлдөр хуур хөгжимд зориулсан уран сэтгэмж (1988)
  • Морин хуур, цөөхүүл /хийлийн чуулга, төгөлдөр хуур, цохивор/ найрал хөгжмийн концерт (1989)
  • ...

Киноны хөгжим[засварлах | кодоор засварлах]

  • Уран сайхны кино
    • "Дэгдээхэй нас" (1977 он, Т.Галсан, Б.Балжинням нарын зохиол), (найруулагч Нямдаваа)
    • "Суварган цэнхэр уулс" (1978 он, С.Пүрэв, Г.Жигжидсүрэн нарын зохиол), (найруулагч Жигжидсүрэн)
    • "Гэрлэж амжаагүй явна" (1981 он, Ч.Гомбын зохиол), (найруулагч Бунтар)
    • "Хатанбаатар" (1981 он, С.Удвал, Г.Жигжидсүрэн нарын зохиол), (найруулагч Жигжидсүрэн)
    • "Тэмцлийн оч" (1982 он, Ш.Цэнд-Аюушийн зохиол),
    • "Зарлаагүй дайны оршил" (1984 он, Ц.Нацагдоржийн зохиол), (найруулагч Жигжидсүрэн)
    • "Нарны унага" (1984 он, Д.Гармаа, Г.Жигжидсүрэн нарын зохиол)
    • "Тань руу нүүж явна" (1984 он, С.Оюуны зохиол), (найруулагч Балжинням)
    • "Галын урсгал" (1985 он, Д.Төрбатын зохиол)
    • "Суун ламын сургууль" (найруулагч Жигжидсүрэн)
    • "Ирж яваа цаг" (1986 он, Д.Төрбатын зохиол), (найруулагч Бунтар)
    • "Намар нахиалсан мод" (1986 он, Ө.Баасанжав, Г.Жигжидсүрэн нарын зохиол)
    • "Би нисэх дуртай" (1987 он, И.Нямгаваагийн зохиол), (найруулагч Сумхүү)
    • "Уул усны үр сад" (1988 он, Д.Намсрайн зохиол), (найруулагч Нямдаваа)
    • "Даль хагдрах цагаар" (1989 он, Б.Чимэддоржийн зохиол), (найруулагч Нямдаваа)
    • "Хөгжимчин" (1989 он, Ч.Болдын зохиол)
    • "Толбот нуурын домог буюу шатарчин Ганаагийн паян" (1990 он, Х.Бүрэнтогтохын зохиол), (найруулагч Нямдаваа)
    • "Сүүн цагаан өргөө"/"Чандаган цагаан өргөө" (1990 он, Ц.Нацагдорж, н.Арвижих нарын зохиол; хамтарч ажилласан хөгжмийн зохиолч н.Мэргэжих), (найруулагч Дамдин)
    • "Түгшүүрт шөнө" (1993 он, Л.Гаваасүрэнгийн зохиол), (найруулагч Сэсээр)
    • "Тужийн нарсны хэлтэрхий" (найруулагч Сэсээр)
    • "Хойлогийн мөрөөр" (1993 он, Д.Дожоодоржийн зохиол), (найруулагч Сэсээр)
    • "Чи нэг нь" (1993 он, Н.Бямбацогтын зохиол), (найруулагч Цогзол)
    • "Хайр сэтгэл хар санаа" (найруулагч Сэлэнгэсүрэн)
    • "Эзэн нь юмаа мэддэг" (1993 он, П.Цогзолын зохиол), (найруулагч Цогзол)
    • "Дадлагын ажил" (найруулагч Сэлэнгэсүрэн)
    • "Ямааны боодог" (найруулагч Сэлэнгэсүрэн)
  • Баримтат кино
    • "Хилчид" (1983 он)
    • "Цэл залуу Монгол орон" (1984 он), (найруулагч Бунтар)

Жүжгийн хөгжим[засварлах | кодоор засварлах]

  • "Шинэ зам" (1984 он, Д.Намдагийн зохиол, УДЭТ)
  • "Нора" (1984 он, Г.Ибсений зохиол)
  • "Эмч нар" (1985 он, Л.Ванганы зохиол)
  • "Гургалдайн дуут шөнө" (1985 он, В.Ежовын зохиол)
  • "Интоорын цэцэрлэг" (1986 он, А.П.Чеховын зохиол)
  • "Сандрал" (1987 он, Э.Оюун, С.Эрдэнэ нарын зохиол)
  • "Галилейн амьдрал" (1988 он, Б.Брехтын зохиол)
  • "Зэрэглээ" (1989 он, Ц.Балдоржийн зохиол)
  • "Махчин могойн байшин" (1990 он, Л.Корсунскийн зохиол, Армийн Драмын Театр; мөн 2005, УХТ) зэрэг 15 гаруй драмын жүжгийн хөгжим

Дууны уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Гитарын гоцлол[засварлах | кодоор засварлах]

  • "Өглөөний наран" (тоглосон хамтлаг чуулга: 1966 онд МУИС-ийн дэргэд байгуулагдсан "Оюутны цахилгаан гитарын чуулга", 1969 онд нээлтээ хийсэн БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Хөгжмийн редакцийн дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга), 1969-1970 онд Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дэргэд байгуулагдаж 1971 он гартал тоглож байсан цахилгаан хөгжмийн "Сансар" хамтлаг, 1971 онд нээлтээ хийсэн Соёлын Яамны харъяа УАДБЧ-ын цахилгаан хөгжмийн "Соёл-Эрдэнэ" чуулга болон бусад цахилгаан хөгжмийн хамтлаг чуулга)

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Төрийн шагнал 1990 онд хүртсэн

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Гэргий МУГЖ (1973) Д.Ягаанцэцэг - АНУ-ын Мисури мужийн "Circus Harmony" сургуулийн зөвлөx багш
  • Дүү СТА З.Зундарь - Монголын эстрад хөгжмийн загалмайлсан эцэг

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]