Зундуйн Цэндээхүү

Зундуйн Цэндээхүү
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин

Зундуйн Цэндээхүү (1905 онд өнөөгийн Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн-1980 оны 7-р сарын 23-нд нас барсан)- БНМАУ-ын Ардын Жүжигчин (1955 он).

Нийслэл хүрээний ярганы газарт мах зөөгч, Дотоодыг хамгаалах газарт зарлага зэрэг ажил хийж байгаад 1931 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан авьяаслаг залуучуудыг театрт авах тухай зарлалын мөрөөр орж урлаг, уран сайхны ажилд амьдралынхаа 50 шахам жилийг зориулах гараагаа эхэлжээ.

Тэрээр Төв театр, дараа нь Хүүхдийн театрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Мөн Ажилчны театр, Улсын эстрад концертын товчоог байгуулан, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Түүнчлэн бэсрэг жүжгийн театр байгуулж, орон нутгаар аялан тоглуулж байжээ.

“Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн бэр гуйгчаас эхлээд “Харанхуй засаг”, “Халхын баатар”, “Шинэ зам”, “Өөрийн замаар”, “Хонины булаг”, “Байцаагч түшмэл”, “Кремлийн цаг”, “Отелло” зэрэг үндэсний болон сонгодог хийгээд Орос, Зөвлөлтийн зохиолчдын олон жүжиг, “Гонгор баатар” киноны сумангийн даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээсэн байна. УАДБЧ, Баян-Өлгий, Дорнод аймгийн театрыг байгуулах, урын санг нь баяжуулах, залуу жүжигчдийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.

Тэрээр 1945 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 1955 онд Ардын жүжигчин цол хүртжээ.