Зүүнхангай сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Согоо нуур алсаас

Зүүнхангай нь Увс аймгийн сум юм. Уг сум 1924 онд байгуулагджээ. Сумын төв нь Жаргалант гэдэг. Жаргалант, Даланбулаг, Баянгол,Хайрхан гэсэн багуудад хуваагддаг. ‎

Газарзүй [засварлах]

Хан Хөхийн нурууны зүүн төгсгөлийн хэсэгт байрладаг. Баруун талаараа Өндөрхангай сум, хойд талаараа Баруунтуруун сум, зүүн талаараа Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино сумдтай, өмнө талаасаа Завхан аймгийн Сантмаргац сумтай тус тус хил залган оршдог. Улаанбаатар хотоос 1080 км зайд, Увс аймгийн төв Улаангом хотоос 360 км зайд оршдог. 1905 оны газар хөдлөлтийн ул мөр болох Ханхөхий-Булнайн хагарал Зүүнхангай сумын нутгийн таллан хуваадаг. Хойд хэсгээрээ ой уулархаг, өмнөд хэсгээрээ талархаг газрын гадаргатай. Хар ус эх гол, Нарийн гол (ru), Баянгол, Цэцэрлэгийн гол, Цавдан, Согоо зэрэг жижгэвтэр гол нууруудтай. Ойт хээрийн бүсэд оршдог.

Хүн ам, эдийн засаг [засварлах]

Хүн ам 2500 орчим, 126000 орчим толгой малтай. Хүн амын орлогын ихэнх хэсгийг уламжлалт бэлчээрийн мал аж ахуй бүрдүүлдэг. Үүнээс гадна давс олборлолт, ан агнуур, алт олборлолт зэрэг эдийн засгийн бусад эх үүсвэрүүдтэй.

Түүх [засварлах]

Хүн амын үндсэн хэсэг нь Элжигэн нар бөгөөд, Элжигэн овог нь Хамаг Монголын ханлигийн Дарлигин хэмээх хэсэгт нь хамрагдаж байгаад Чингис хааны анхны 13 хүрээний (хүрээлэн бууж, хамтдаа нүүгч овог) нэг болж байжээ. Улмаар Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн хоёрдугаар хүү Ноёнтойд Бэсүд ба Элжигэн нарыг өгч захируулжээ. Манжийн үед Засагт хан аймгийн Ачит вангийн хошуу гэж нэрлэгдэж байгаад, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж, тухайн үеийн өөрчлөн байгуулалтаас хамаарч нэрээ Элжигэн нарын хошуу нэрээ өөрчилж байжээ. Одоо Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумын бүх хэсэгт, Баруунтуруун сумын өмнөд зүүн хэсэгт Элжигэн нар нь оршин суудаг.

Энэхүү Элжигэн нарын хошуу анхандаа нэг хошуу байгаад хожим хоёр хуваагджээ. Эдгээр нь тухайн үед засаглаж байсан Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваацэрэн нарын цол хэргэмээс хамаарч Ачит вангийн хошуу, Зоригт вангийн хошуу гэгдэх болжээ. Зоригт вангийн хошуу нь гол хошуунаас тасалсан харьцангуй жижиг хошуу байсан тул одоогийн Зүүнхангай сум болон Баруунтуруун сумын зүүн хэсэг нь болжээ. Ачит вангийн хошуу нь гол том байсан тул Цагаанхайрхан, Өндөрхангай сум, мөн Баруунтуруун сумын өмнөд хэсэг нь болжээ.