Иоханн Вольфганг фон Гёте

Иоханн Вольфганг фон Гёте 68 насандаа. Зураач Жозэф Карл Штийлэр

Иоханн Вольфганг фон Гёте ( герман. Johann Wolfgang von Goethe; 1749 оны 8 сарын 28-нд Майн дахь Франкфурт хотод төрсөн – 1832 оны 3 сарын 22-нд Веймар хотод нас барсан) - Германы их зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн, гүн ухаантан хүн байв. Түүний Фауст жүжгийг дэлхийн уран зохиолын оргилуудын нэг хэмээн үздэг. Иоганн Вольфганг Гёте бол шинэ үеийн Германы уран зохиолыг үндэслэгч, гүн ухаантан, байгалийн шинжлэлтэн байв.  Феодалын 300 гаруй жижиг тусгаар улс болсон Эх орноо нэгтгэхийг тэр зорьж байлаа.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Гётегийн төрсөн газар

Гёте нь Франкфурт хотноо хуульч хүний гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр жаахан хүүхэд байхаасаа гэрийн багшаар гадаад хэл, тоо бодлого, бодисын зүй, түмэн бодисын ухаан заалгаж, эцгийнхээ цуглуулсан номын санг ашиглан сайн боловсрол олж авчээ.

Дараа нь Лайпциг, Страсбургийн их сургуулиудад хууль эрхийн ухаан судлахын зэрэгцээ уран зохиол, анагаах ухаан, гүн ухаан, байгалийн ухааны чиглэлээр лекц сонсон, шинийг сурч мэдэх, орчлонт ертөнцийн хамаг л нууцыг тайлж таних гэсэн эл эрмэлзлээ бага хүүхэд цагаас аваад насан өндөр болсон хойноо ч орхиогүй бөгөөд мэдлэгийн өөр өөр салбарт хамаарах олон бүтээл туурвисан юм.

Тэрбээр их сургуулийн оюутан ахуй цагаасаа тархай бутархай улс үндэстнээ нэгтгэх, феодалын хоцрогдлыг халах зорилготой "Шуурга ба түрэлт" хөдөлгөөний идэвхитэй гишүүн болж, эх орноо дэвшил хөгжлийн замд оруулах үйлсийг тууштай дэмжигч байжээ.

Гёте 16 настайгаасаа шүлэг бичиж байсан бөгөөд уран бүтээлээ яруу найргийн богино хэлбэр, уянгын шүлэг, дууль, найраглал, зэргээс эхэлсэн боловч улмаар жүжгийн зохиол туурвих болжээ.

Гёте 1600 орчим шүлэг бичсэнээс амьдралыг үгээр зурагласан, чихнээ яруу эгшиглэнтэй сонсдох олон шүлэгт нь хожим Бетховен, Моцарт, Шуберт нар ая зохион олны дунд ихэд дэлгэрсэн юм.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Гец фон Берлихинген[засварлах | кодоор засварлах]

Гёте өөрийн дотны нөхөр Эккермандаа "Амьдрал байнга хөгжиж, хүмүүс хоорондын харилцаа 50 жил тутам солигдож байдаг. 1800 онд үлгэр жишээ юм шиг санагдаж байсан ёс дэглэм 1850 он гэхэд сөнөж сүйрэхдээ тулж, түүхэн хөгжилд саад болоод ирнэ" гэж ярьж байжээ.

Чухам энэ л итгэл үнэмшлээ түүнийг алдаршуулсан анхны том зохиол болох Гец фон Берлихинген (1773) эмгэнэлт жүжигтээ XVI зууны үед германд гарсан тариачны дайны тухай сэдвээр дам үзүүлсэн байна.

Жүжгийн гол баатраар нь дураар авирлагч харгис эздийн эсрэг босож тэмцсэн тариачны бослогын удирдагч, "Төмөр нударга" хочтой рыцарь Гец фон Берлихинген хэмээх домогт түүхэн хүн гарч байдаг. Гэвч Гёте түүхэн баримтаас санаа сэдэл авч өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Жүжигт бослого гаргасан тариачдын тэмцэл дарагдаж Гец шархдаж шоронд орно. Өөд болохынхоо өмнө түүний амнаас "Юу гээчийн сайхан агаар вэ? Эрх чөлөө!" гэсэн үгс гарч ирнэ. Энэ эмгэнэлт жүжиг "Гец ээ, хойч үе чинь чамайг мартвал гутамшиг тэр" гэсэн хатуу үгээр дуусдаг.

Залуу Вертерийн шаналан[засварлах | кодоор засварлах]

Гётегийн уран бүтээл дотроос анхаарууштай зохиол бол захидлын хэлбэрээр бичсэн Залуу Вертерийн шаналан (1774) сэтгэлзүйн роман юм. Гол баатар Вертерийн дүрээр бурангуй нийгмийн балагаас болж ухаантай авъяастай хүн хэвийн аж төрөх боломжгүй "илүүдсэн хүн" болдгийг үзүүлсэн юм.

Гётегийн энэ роман уншигчдад ер бусын хүчтэй нөлөөлжээ. Залуу Вертерийн шаналан хэвлэгдсэн даруйдаа Европын бараг бүх хэлнээ орчуулагдаж, өөрсдийгөө Вертерийн адил байдалд байна хэмээн ухаарч ойлгосон залуус энэ романыг шимтэн уншицгааж байжээ.

Энэ тухайд Гёте өөрийн намтартаа: "Миний энэ бяцхан номд гарах үйл явдлыг их чухаг, бүр гойд ач тустай ч гэж хэлж болно. Үүний хамаг учир нь цагаа олж гарсанд байгаа юм. Хүчтэй том бөмбөгийг нарийн утсаар дамжих уугих төдий цог дэлбэлдэг шиг залуу үеийнхэн доороо байгаа тулгуур суурийг өөрсдөө ухаж сэндийлсэн байсан учраас тэсрэлт ийм хүчтэй байгаа юм" гэж бичсэн байдаг.

Фауст[засварлах | кодоор засварлах]

Гётед Фауст жүжгээ бичих санаа бүр 1770-аад онд төрсөн боловч эцсийн хувилбарыг нас барахаасаа ганцхан жилийн өмнө 1831 онд бичиж дуусгажээ. Тэрбээр энэ жүжгээ олон түмний дунд ихэд дэлгэрсэн доктор Фаустын тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн бөгөөд бодит ахуйн реалист дүр зураглалыг Библи судар, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, бэлгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлсэн байна.

Энэ жүжигт хүн төрөлхтнийг саруул сайхан ирээдүйн зөв замд нь оруулж өгөхийн төлөөх Фауст эрдэмтний хийсэн цөхрөлтгүй эрэлхийллийн бартаат замд тохиолдож буй цөхрөл, төөрөгдөл, мятрашгүй тэмцлийг харуулсан байдаг.

Энэ бүхний эцэст Фауст сая өөрийн хийсэн туршлагаас хүний амьдралын хамаг учир нь эрх чөлөөтэй байх, үйл бүтээл шамдан эрхлэхэд байдаг гэсэн үнэнд хүрч байна. Фауст ийнхүү зовж зүдэрч байж, эрлийн үзүүрт хүрсэн хойно нүд нхийлсэн байна.

Фауст газар ухах чимээ сонсоод далайн намгийг хатаан далан барьж байна уу даа гэж бодож байдаг. Гэтэл түүнйиг өөрийг нь оршуулах нүх малтаж байжээ. Энэ дүрслэлээр Гёте сайн юманд садаа мундахгүй гэсэн ёгт санааг гаргасан хэрэг. Хэдий ийм байвч нэгэн цагт хүмүүс далайн хар хүчнээс эрэг хавийн намгийг булаан, хаалт далан барьж, тариан талбай болгон эрх чөлөөт хүмүүс энд аз жаргалтай аж төрөх болно гэдэгт Фаустын итгэсэн итгэл бишрэл тодхон харагдаж байна.

Бусад[засварлах | кодоор засварлах]

Гёте Эгмонт (1788), Торквато Тассо (1789), Ифагени Тавридад (1779 - 1786) зэрэг жүжиг, Венецийн хоч шүлгүүд (1790), Вильгельм Майстерийн суралцаж байсан он жилүүд (1796), Вильгельм Майстерийн хэрэн тэнэсэн он жилүүд (I хэсэг 1788, II, III хэсгүүд 1829) зэрэг роман, бас бус олон зохиол бичсэнээс оргил нь Фауст (эмгэнэлт жүжиг) юм.



Монгол хэлнээ И.  В.  Гётегийн «Шүлгүүд», «Залуу Вертерийн шаналан» роман орчуулагдсанаас гадна Фауст (эмгэнэлт жүжиг) жүжгээс нь дунд сургуулийн унших бичигт хэсэгчлэн орчуулж оруулсан байдаг.

Мөн Улаанбаатар хотод Гёте олон улсын дунд сургууль 2002 онд байгуулагдаад амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Сургуулийн албан ёсны цахим хаяг: https://www.goetheschule.edu.mn/

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]