Кабелийн телевиз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кабелийн телевиз (Кабельное телевидение. Cable television). Хиймэл дагуулаас дамжуулсан нэвтрүүлгийг кабелийн сүлжээний тусламжтайгаар хүлээн авдаг телевизийг кабелийн телевиз гэж нэрлэдэг. Төв станциас хүлээж авсан нэвтрүүлгийг үйлчилгээний болон тоног төхөөрөмжийн хөлсийг тогтмол төлдөг захиалагчдад дамжуулж байдаг кабелийн телевизийн систем гэж ойлгож болно. Анх 1980 онд сансрын теле нэвтрүүлгийг Америкийн бизнесмен Тэд Тернерийн байгуулсан Сable news Network (CNN) телекомпани АНУ-ын кабелийн сүлжээгээр дамжуулж эхэлжээ. Америкийн телекомпанийн түүхэнд эргэлтийн үе болсон 1985 он хүртэл нэвтрүүлгийг гол төлөв Америкийн хүлээн авагчдад зориулж байжээ. Наяад оны хоёрдугаар хагаст хилийн чанадад CNN-ийн 40 гаруй сурвалжлах төв нь ажиллах болж, өөрийнхөө үйл ажиллагаагаар дэлхий дахиныг хамарсан теле мэдээллийн алба болж хувирсан юм. 1989 онд Баруун Европт Intelsat хиймэл дагуулаар дамжуулан РАL системээр нэвтрүүлэг цацаж эхэлжээ. CNN Зөвлөлтийн хиймэл дагуулын холбооны боломжийг ашиглах замаар өөрийн нэвтрүүлгийг дамжуулах хүрээг мэдэгдэхүйц өргөтгөсөн бөгөөд 80-аад оны эцэст түүний нэвтрүүлгийг дэлхийн 89 оронд үзэж байжээ. CNN-ний нэвтрүүлэг Африк, Ойрхи Дорнод, Энэтхэг, Өмнөд ба Дорнод Азид олон түмний хүртээл болж чадсан юм. Зөвхөн мэдээллийн оройн нэвтрүүлэг бэлтгэдэг АНУ-ын бусад телекомпанитай харьцуулахад 24 цагийн турш мэдээлэл цацдаг CNN ямар ч өрсөлдөгчгүй байсан гэж хэлж болно. Шууд сурвалжлагыг гол төлөв онцгой чухал үйл явдлын халуун цэгээс дамжуулдаг бөгөөд хиймэл дагуулын авсаархан хүлээн авагч, дажуулдаг тоног төхөөрөмжөөр зэвсэглэгдсэн СNN-ий сурвалжлах хэсгийн дамжуулсан нэвтрүүлэг нь тэр чигээр нь эфирт цацагддаг онцлогтой юм. Үндэсний хэмжээний телекомпаниудын мэдээллийн оройн нэвтрүүлэг эфирт гарахаас өмнө СNN болсон үйл явдлын талаар аль хэдийд мэдээлж амжсан байдаг. CNN өөрийнхөө үйл ажиллагааны цар хүрээ, мээдэллийн багтаамж, шуурхай, хүртээмжтэй чанараар дэлхий нийтийг хамарсан мэдээллийн телекомпани болон хувирчээ. 1997 онд түүний нэвтрүүлгийг дэлхийн 210 орны 170 сая өрх үзэж байв. СNN-ий 24 цагийн турш мэдээлэл дамжуулдаг албын амжилт нь дэлхийн зарим медиа-магнат тийм мэдээллийн суваг байгуулж, түүнтэй өрсөлдөх оролдлого хийхэд хүргэжээ. 1996 онд Р.Мэрдокийн «Ньюз корперейшн» корпораци АНУ-д 24 цагийн турш мэдээлэл дамжуулдаг Fox News Channel кабелийн сувгийг оруулж ирсэн юм. Мөн «Майкрософт» болон «Женерал Электрик» корпорациуд хамтран 24 цагийн турш мэдээлэл өгдөг өөр нэг кабелийн телевизийн суваг – МSNВC-ийг байгуулжээ. Орчин үед кабелийн телевиз маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Их Британийн ВСС World, BskyB, Eurosport, MTV Europa, Children's Channel, Паневропын телемэдээллийн Олон үндэстний Euronews, Германы Deutsche Welle сувгууд онцгой байр эзэлдэг. Манай оронд кабелийн телевиз өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр хот, хөдөөд “Сансар”, Хийморь”, “Сүлжээ”, ЛХА, “Super vision” зэрэг 30 орчим кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна.