Казино

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Казинод автомат тоглоомын машин байх нь элбэг

Казино (итал. Casino) гэдэг нь мөрийтэй тоглоомын газар юм. Казино нь ихэнхдээ зочид буудал, зоогийн газар, барааны дэлгүүр зэрэг аялал жуулчлалын зориулалттай газруудтай цуг байх буюу ойролцоо байдаг. Зарим казино нь хошин шогийн тоглолт, концерт, спортын арга хэмжээгээрээ алдартай байх нь ч бий.

Казино да Повоа, 1930-аад оны эхээр нээгдсэн Португалын казино

Казино хэмээх үг нь итали хэлний Casa буюу байр, зуслангийн байр, зуны байшин, лаврин гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд яваандаа уг үг нь амралт чөлөөт цагаа өнгөрөөх байр гэсэн утгатай болжээ. Иймэрхүү байшингуудад иргэд цуглан, хөгжим сонсон, бүжиглэж, мөрийтэй тоглон чөлөөт цагаа өнгөрөөдөг, нэг ёсны Иргэдийн төвийн үүргийг гүйцэтгэдэг байв. 19-р зуунаас казино гэдэг үг хэрэглэгдэх болжээ.

Түүх[засварлах]

Португалын Лисбон хотын ойролцоо орших Казино Эшторил нь Европ дахь хамгийн том казино юм.

Мөрийтэй тоглоом хэдийд үүссэн талаар тодорхой баримт байдаггүй ч аль ч нийгэмд азаа үзэж, мөрий, бооцоотой тоглох явдал байсаар иржээ. МЭӨ 2300 оны үеийн Хятадын сурвалж бичигт мөрийтэй тоглоомын талаар байдаг. Эртний Грек, Ромчуудаас эхлээд Наполеоны үеийн Франц, Элизабетын үеийн Англид ч хүмүүс мөрий тавьж зугаацахаас буцдаггүй байсан билээ[1].

Одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний казино нь Венецид 1638 оны орчимд байгуулагдсан Казино ди Венециа[2] бөгөөд өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Казино ба ёс суртахуун, гэмт хэрэг[засварлах]

Мөрийтэй тоглоомыг ёс суртахуунгүй зүйл гэж тооцдог исламын шашинт улсууд зэрэг олон оронд казиног хориглодог бөгөөд казино байдаг улсуудад ч насны хязгаар тогтоосон байдаг. Их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг тул казиногийн аюулгүй байдал нь ямагт анхаарал татсан асуудал байдаг. Жирийн хүмүүс казино гэмт хэрэг ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг.

Казино ба Монгол улс[засварлах]

Монгол улсад 1990-ээд оны дундуур Казиногийн тухай хууль батлагдаж, уг хуулийн дагуу казино байгуулах эрхийн тендер зарлагдсан бөгөөд "Мон Макао" компани уг тендерт ялжээ. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн заргалдсанаар эцэстээ Монгол улсын түүхэнд анх удаа Улсын Их Хурлын 3 гишүүний эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Ийнхүү тендер хүчингүй болж, уг хууль ч цуцлагджээ. Одоо Монгол улсад казино байгуулахыг хориглодог бөгөөд зарим УИХ-ын гишүүдээс дахин Казиногийн тухай хууль санаачлан батлуулах тухай яриа гардаг юм.

Эшлэл[засварлах]

  1. History of Casinos & Casino Jobs. Job Monkey.com. 2010 оны 1 сарын 5-д хандсан.
  2. Casinò di Venezia. 2010 оны 1 сарын 5-д хандсан.