Камертон
Камертон бол Монголын хөвгүүдийн поп хамтлаг юм. Тус хамтлаг 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн их сургуульд байгуулагдсан. Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана.
Хамтлагийн түүх
[засварлах | кодоор засварлах]1996 оноос 2000 он
[засварлах | кодоор засварлах]Сургуульд байхдаа Болд, Мэнд-Амар нар ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байсан бөгөөд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулая гэж шийдсэнээр Ган-Эрдэнэ, Эрдэнэбат нарыг бүрэлдэхүүндээ элсүүлж дуулаачдын дөрвөл хамтлагийг өөрсдөө байгуулсан юм. Камертон хамтлаг уран бүтээлийн гараагаа хүүхдийн "Маамуу нааш ир" дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байв.
Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар олны хүртээл болсон бөгөөд уг дууг тухайн үед Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун Л.Тайванбатад өгч Камертон энэ дууг өөрсдийн хэв маягаар дуулснаар Л.Тайванбатын удирдлаган дахь Камертоны анхны уран бүтээл төрсөн юм. "18 нас" дууны клипийг Монгол Үндэсний Радио Телевизийн студид хийж тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж чадсан ба дууны клип телевизээр цацагдах үед дуу Монголын анхны FM радио болох 102.5 долгион болон Үндэсний Радиогоор олон нийтэд хүрч аль хэдийнээ хит болсон байсан юм. Хамтлаг тэр үедээ Монголын рок попын ертөнцөд цоо шинэ өнгө аяс авчирч залуусыг байлдан дагуулж чадсанаар тэр жилдээ Пентатоник наадмаас "Шилдэг Дебют Хамтлаг" шагналыг хүртэв.
1996 онд Камертон хамтлаг анхны цомгоо гаргаж тоглолтоо хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд байр сууриа олсон юм. Анхны бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд 2 өдөр дараалан тоглосон ба хамтлагийн анхны цомогт орох дуунуудыг дуулсан юм. Ихэнх нь хамтлагийн гишүүд өөрсдөө бичсэн дуунууд байсан бөгөөд "Хэн ч уйдаагүй хайр", "Сартай шөнийн дуу", "Халуун тэнгэр" дуунууд FM радиогоор хит болж эхэллээ. Ийнхүү дебют цомог болох "18 нас"-ыг бичүүлж Германд хэвлүүлэн гаргасан юм. Цомгийн борлуулалт өндөр байсан ба Хар Сарнай хамтлагийн "Бүтээнэ Сөнөөнө", дуучин Сарантуяагийн "Аргагүй Амраг" цомгуудтай өрсөлдөж 1996 оны шилдэг цомгуудын нэг болов.
1997 онд "Зүүд", "Гудамжинд", "Хүсэл хясал" гэсэн шинэ дуунуудыг гаргасан нь мөн томоохон хитүүд болсон юм. "Од дуу хоёр" болон "Зүүд" дуунуудын клип гарав. Удалгүй Камертон 2 дахь бие даасан тоглолтоо "Хүсэл хясал" нэртэйгээр хийв. Тоглолт амжилттай болсон ч хамтлаг богинохон хугацаанд уналтанд орсон ба хамтлагийн ирээдүй нэг хэсэгтээ тодорхойгүй байдалд оров. Тэр үед хамтлагийн менежер Тайванбат хамтлагийг буцаж нэгтгэж чадсан юм. Харин Камертон тэр үед үүсээд байсан хамтлаг тарах цуу яриан дээр үндэслэн тарах болсноо худал зарлаж сүүлчийн тоглолт гэх "Greatest Hits" тоглолтоо сенсацитай хийв. Тоглолтын дараа Камертон хамтлаг нэг хэсэг нам жим болж хамтлагийн гишүүд соло уран бүтээлүүд гаргасан юм. Болдын "Ухаарал", Эрдэнэбатын "Амьдрал", Ган-Эрдэнийн "Чамтай хамт явмаар байна" дуунууд гарсан бөгөөд бүгд хит болцгоов.
Удалгүй "Бүхнийг март", "Уйтгарлах завгүй залуу нас", "Надад итгээч" зэрэг шинэ дуунуудыг гаргасан нь мөн хит болж Камертон хамтлаг тараагүй байсныг гэрчлэв. Энэ үед Камертон 2 дахь цомгоо гаргахад хангалттай олон дуутай болсон байсан бөгөөд 1998 онд "Уйлахдаа ухаар" цомог гарсан юм. Мөн Камертон хамтлаг нэр хүндээ сэргээхийн тулд "Unplugged" амьд тоглолтоо хийлээ.
1999 он Камертоны хувьд жинхэнэ тэсрэлтийн жил байв. Монголын хөгжмийн ертөнцөд Сүнс, Номин талст, Guys 666, 8 дахь гариг зэрэг олон шинэ хамтлагууд хүч түрэн гарч ирсэн ба Камертон шинэ уран бүтээл хийж өөрийн статусаа хадгалах томоохон сорилттой тулгарав. Хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн зохиосон "Амин нутаг" дуугаа санал болгож Камертон дуулснаар тэдний дараагийн томоохон хит дуу төрөв. Камертон 4 жилийн ойн тоглолтоо зун нь хийсэн юм. Мөн Болдын зохиосон "Харууслын аяз", "Санахын жаргал" болон "Явах цаг боллоо" зэрэг дуунууд бэлэн болсон байв. Ингээд Камертон анхны сингл цомгийг гаргахаар шийдэж 4 шинэ дуунаасаа бүрдсэн "Амин нутаг" цомгоо гаргав. "Явах цаг боллоо" дуунд On and Off продакшн видео клип хийсэн нь цоо шинэ тэсрэлт болж Камертон хамтлагийн статус шинэ өндөрлөгт хүрэв. "Явах цаг боллоо" дуу нь Камертоны хамгийн том хитүүдийн нэг болсон бөгөөд хамтлагийн хөгжмийн урсгалд шинэ чиг хандлага нэмсэн уран бүтээл байсан юм. Уг дуунд Мэнд-Амар, Эрдэнэбат нар реп үглэж эхэлсэн ба "18 нас" цомогт багтсан "Бид Камертон" дуунаас хойшхи анхны тийм бүтээл байв. Удалгүй "Харууслын аяз" дууны клип гарснаар 4 дуу дөрвүүлээ ээлж дараалан хит болж Монголын рок попын ертөнцийг Камертон манлайлж эхлэв. FM радионуудын хит парадын топ 10-т Камертоны 4 шинэ дуу зэрэг багтаж хоорондоо өрсөлдөж байв. Эдгээр шинэ уран бүтээлүүдээрээ "Хувьсал" тоглолтоо хийсэн юм.
2000 оноос 2015 он
[засварлах | кодоор засварлах]2000 он Камертон хамтлагийн дараагийн нөр их уран бүтээлийн жил байв. Хамтлаг шинэ дуунууд зохиож дараагийн цомгийг бичүүлэх ажилдаа оров. Ингээд Монголын хуучны дуунуудыг шинэчилэн дуулсан "Retro II Remix" болон өөрсдийн бичсэн цоо шинэ дуунуудаас бүрдсэн "June 24" цомгуудыг Сингапур улсад бичүүлж гаргасан нь юм. Эхний видео клип "Retro II Remix" цомогт багтсан хип хоп стиллийн "Түг түг чаг чаг" дуу байсан ба зураг авалтыг Сингапурт хийсэн байна. Мөн цэвэр R&B стиллийн "Надад өгөөч" дуунд 100 хувь компютер график ашиглан хийсэн клип гарав. "Мөнхийн ус", "Хунгийн дуу", "Шивнэх үгс", "Why baby" дуунууд ар араасаа томоохон хитүүд болов. Уг 2 цомог Камертоны өмнөх амжилтуудыг эвдсэн ба Монголын хөгжмийн ертөнцийг бүрмөсөн байлдан дагуулж хамтлагийн нэрийг Азид цууриатуулах үндэс болсон юм. Камертон хамтлаг Монголд "June 24" тоглолтоо хийж, Япон улсад Азийн шилдэг хамтлаг дуучдын концертонд Монгол улсаа төлөөлөн ая дуугаа өргөж "Зорин ирэх салхинд" дуугаа дуулан олон улсад нэрээ гаргалаа. "Retro II Remix" цомогт багтсан "Сэтгэлийн үг" дуу Хятад, Тайвань улсуудад нэрд гарж Тайваньчуудын хийсэн хүүхэлдэйн клип хүртэл гарав. Мөн сүүлийн 3 цомгийн дуунуудаас түүвэрлэсэн "Best Of" цомог нь Тайванийн зах зээлд хэвлэгдэж гарсан юм. Энэ үед Камертон хамтлаг Sony Music Entertainment, BMG зэрэг дэлхийн дуу бичлэгийн томоохон студиудын сонирхолыг татаж байв.
2001 оны сүүлээр Камертон дараагийн цоо шинэлэг цомгоо гаргасан нь "Төгсөшгүй" цомог байв. Уг цомгийг Солонгос улсад хэвлүүлсэн ба тэд өөрсдийн хамгийн шилдэг бүтээл болсон гэж үздэг. "Төгсөшгүй" бол бүх дуунуудыг нь амьд хөгжимтэй дуулж бичүүлснээрээ онцлог бүтээл байв. "Чамаас би асууя" R&B дууны клип эхэлж гаран хит болов. Дараа нь "Би хэнтэй ч учирч болох байсан" дуундаа клип хийсэн бөгөөд Камертоны дараагийн томоохон хит нь болсон юм. "Чамайг би боддоггүй байсан гэж үү?" дуу нь Азийн бүх оддын "Love Is the Answer" цуглуулга цомогт багтав. Мөн "Төгсөшгүй" тоглолтоо хийсэн юм.
2002 онд хамтлагийн гишүүд гэр бүлтэй болцгоосон ба Эба, Болд 2 хамгийн анх өрх толгойлж эгч дүү уран нугараач бүсгүйчүүд болох Бямбасүрэн, Бямбажав нартай гэр бүл болцгоож, харин Ганаа нь Халиун хэмээх бүсгүйтэй уулзаж, Мэдэ Есүй хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон юм. Энэ үед хамтлагийн уран бүтээл нэг хэсэгтээ завсардсан бөгөөд тэд хувийн амьдралдаа анхаарч байлаа.
2003 оны эхээр Камертоны шинэ уран бүтээл болох "Чка өдөр" видео клип гарав. Мөн "Хүлээлт" дууны клип гарж удалгүй хамтлаг шинэ цомог гаргана гэдээ зарлаж 2003 оны зун "Өнөөдөр" цомог гарав. Цомгийн дуунууд дахин ээлж дараалан хит болсоор оны сүүлээр "Хайрлая чамайгаа" дууны клип гарж Камертоны дараагийн томоохон хит дуу болсон юм. Мөн тэр ондоо "Хайрын хот" нэртэй 4 дуунаас бүрдсэн сингл цомгоо гаргасан ба No Mercy хамтлагтай хамтарсан тоглолт хийсэн юм.
2004 оны зун "June 2004" цомог болон оны сүүлээр "Celebration" сингл цомгуудыг гаргав.
2005 он гарснаар хамтлагийн гишүүд түр хугацааны завсарлага авч байгаагаа зарлаж тус тусын уран бүтээлээ хийж эхэлцгээв. 2005 оны намар 10 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн нь Камертоны хамгийн нүсэр тоглолтуудын нэг байв. 30 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхийн багтаамж хэтэрсэн юм.
2010 онд хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, 2015 онд 20 жилийн ойн тоглолтууд тус тус болов. Тоглолтын дараа хамтлагийн ахлагч Болд өөрийн Facebook хуудсандаа 2016 онд Камертон хамтлаг шинэ цомог гаргана гэдгийг зарласан байна.
2015 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2017 оноос хойш хамтлагийн гишүүд нийлж "Хязгааргүй" цомгоо гаргасан. Хамтлагийн гишүүн Ганаа, Мэдэ хоёр бие даасан 2 дах цомгоо гаргаж, 20 жилийн ойн тоглолтоо хийсэн юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1995 онд Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
- 1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
- 1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
- 2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
- 2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог
Гаргасан цомгууд
[засварлах | кодоор засварлах]- 18 нас (1995)
- Уйлахдаа ухаар (1998)
- Амин нутаг (1999)
- Retro 2 Remix (2000)
- June 24 (2000)
- Төгсөшгүй (2001)
- Өнөөдөр (2003)
- Хайрын хот (2003)
- June 2004 (2004)
- Celebration (2004)
- Хязгааргүй (2017)
Тоглолт
[засварлах | кодоор засварлах]- 18 нас
- Хүсэл Хясал
- Greatest Hits
- Unplugged
- 4 жилийн ойн тоглолт
- Хувьсал
- June 24
- Төгсөшгүй
- Camerton & No Mercy
- 24 цаг
- June 2004
- 10 жилийн ойн тоглолт
- 15 жилийн ойн тоглолт
- 19 жилийн ойн тоглолт /2014 оны 5-р сарын 14/
Соло цомгууд
[засварлах | кодоор засварлах]Болд
- Хайрын хүч (2005)
- 440герц (2006)
- Амьдралын гол дүр (2008)
- Only one (2008)
- Би чамд хайртай (2009)
- Монгол Поп (2011)
- My Duets (2011)
- Монгол Поп 2 (2013)
- Хувцасаа тайчаад шид (2014)
- BOLD (2018)
Эба
- 4th street (2007)
Мэдэ
- Mi amore (2005)
- Чамд хэлье (2016)
Ганаа
- Дурлалын тэнгис (2005)
- Хайрын нэрээр (2016)